| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0062/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Б.******* Хохирогч А.******* Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 201713000052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, ******* хэсгийн ******* тоот хаягт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******, Регистрийн дугаар: *******;
Шүүгдэгч Б.******* нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр “Ганцын давааны Халзангийн ам” гэх газар иргэн Д.*******гийн улсын дугаартай “АВАНТИ ЭКСДИ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь тухайн ослын талаар мэдүүлсэн хохирогч Д.*******гийн “...2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өглөө эрт ******* манайд сүү зарж явна гэж хэлээд ирсэн, тэгээд явсны дараа нь би *******гийнд очсон чинь , ******* хоёр том шар айраг уугаад дуусах гэж байсан, надад нэг стаканыг хийж өгсөн тэгээд тэрийг нь уучихаад ...тэгээд ******* бид хоёр гараад явж байгаад Ойгон дэлгүүрийн тэнд тай таараад ******* дэлгүүр орчихоод шар айраг бариад гарч ирсэн, тэгээд постны тэнд очиж нөгөө авсан шар айргаа ууж байгаад дуусаад, *******тэй бид хоёр эмнэлэг орж *******гийн хадам ээжийг авч эмнэлгээс гаргаад *******гийнд очсон, тэгээд ******* охиноо аваад гарч ирсэн тэгээд постны тийшээ очоод тэндээс ******* гийн мотоциклыг бариад, миний машинд эхнэртэйгээ *******гийн хүүхэдтэй хамт яваад урд ганцын даваа даваад эхнэртэйгээ айлд үлдээд, цаашаа ******* машин бариад явсан. Тэгээд гэдэг айлд очсон чинь ах нь гэж хүн байсан. Тэгээд тэнд байж байгаад явъя гээд хэвтэж байсан чинь ******* хүүхэд уйлаад байна явъя гээд гараад ******* машин бариад би буруу талын урд суудал дээр хүүхдийг нь тэврээд явж байсан, тэгээд би хүүхдийг нь тэврээд унтсан, нэг мэдсэн чинь машин унасан. Би машины гадна талд унасан байсан, хүүхэд нь миний хойд талд байсан. ******* машин дотор байсан байх. Нэг харсан чинь ******* хүүхэд дээрээ оччихсон “миний хүү” гээд орилоод байсан, тэгээд ******* хүүхдээ тэврээд нэг машинд суугаад явсан. Тэгээд нилээн байсны дараа би босоод сууж байсан чинь тэвштэй цагаан машинтай хүн ирсэн байсан. Тэгээд машинаа босгох уу яаж байна гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гэж хэлээд машинаа босгуулсан. Тэгээд доош нь замаас холдуулах юм уу гэхээр нь тэгнэ гэж хэлсэн. Тэгээд машинаа холдуулсан. Тэгээд тэр машинтай хүмүүс яваад би алхаж явж байгаад ухаан алдсан байсан, нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. ...би унтаж явсан. ...Миний гар зөөлөн эдийн гэмтэлтэй, хүзүү хугаралтай гэж байсан өөр гэмтэл байгаагүй. ...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад учруулсан хохирлоо барагдуулсан учраас гомдолгүй, тэгээд ч бид хоёр хамаатан садан хүмүүс байгаа юм” гэсэн мэдүүлэг, Хохирогч А.*******гийн “...2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өглөө манай нөхөр ******* *******гийн хамт эмнэлгээс хүн гаргаж авчихаад эргээд гэртээ ирсэн, тэгээд байж байгаад 11 цагийн үед ******* манайхаас гараад, араас нь манай нөхөр ******* гарсан чинь манай охин дагаад уйлаад байсан, тэгээд охиноо аваад гараад явсан, би тухайн үед хаашаа, яах гэж явж байгааг нь мэдээгүй, холдоогүй байх гэж бодсон, тэгээд өдөр 14 цагийн үед байх миний утас руу танихгүй дугаараас ******* залгаад охин сонин болчихлоо, машинтай уначихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн, тэгээд би такси аваад явж байсан чинь эмнэлэг дээр биш баруун бүсийн худалдааны төв дээр хүрээд ир гэж байна гэхээр нь би баруун бүс дээр очсон чинь манай нөхөр ******* хүүхдээ тэвэрсэн байхаар нь хүүхдээ аваад шууд эмнэлэг дээр очсон, эмнэлэг дээр очоод эмч үзээд анхны тусламж үзүүлж байсан, тэрнээс хойших зүйлсийг сайн санахгүй байна, хүүхэд нас барсан гэж хэлж байсан. ...Өглөө гэдэг залуутай нэг том савтай шар айраг тавьсан байсан, тэрнээс уусан эсэхийг нь мэдэхгүй байна. ...Манай хүүхэд миний бодлоор ухаангүй байгаа бололтой байсан. Ил харагдах шарх байгаагүй, зүүн эрүүний хэсэгтээ хөхөрсөн байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.ын “...Би тухайн үед хөдөө дүүгийнхээ малыг харж байсан юм. ...Манай дүүтэй уулзана гэж ирсэн. ...Тэр цуг явсан охины аав нь гэж залуу машин бариад доошоо уруудаад явсан. ...Архи хэрэглэсэн байсан. Тэр хүүхдийн аав гэх залуу арай гайгүй байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.ийн “......Тухайн өдөр ******* өглөө эрт манайд орч ирээд манай нөхөртэй уулзаад, ээжийг эмнэлгээс гаргаж өгөөч гэж байсан, тэгээд манай нөхөр гараад явсан, тэгээд би сүүлд нь босоод *******гийн утас руу залгасан чинь *******гийн эхнэр нь авч байсан, танай нөхөр утсаа манайд орхисон байна, тэр хоёр хамт гараад явсан гэж байсан, тэгээд өдөр тийшээ дахиад залгасан чинь *******гийн эхнэр эмнэлэг дээр байна манай хүүхэд өнгөрчихлөө гээд уйлаад байхаар нь би эмнэлэг дээр очсон чинь *******гийн эхнэр уйлаад байж байсан, яасан гэж асуусан дуугарахгүй байсан, тэгээд ээжээс нь яасан гэж асуусан чинь машинтайгаа унасан юм шиг байна гэж хэлсэн, тэгээд ******* баруун бүс дээр байгаа гэхээр нь яваад очсон чинь ******* ухаан мэдрэлгүй уйлаад байсан, тэгэхээр нь яасан гэж асуусан чинь машинтайгаа даваанд уначихсан гэж байсан, тэгэхээр нь ахтайгаа цуг яваад *******г олоогүй, тэгээд дахиад явж байсан чинь ******* наад талын давааны наашаа эгцээрээ буудаг явган замаар алхаад бууж явсан, тэгээд олж аваад эмнэлэг дээр хүргэж ирээд ухаангүй болсон, юу болсон талаар ярьж чадаагүй. ...Өөрөө ухаан нь балартсан байдалтай, нэг гараараа толгойгоо түшчихсэн унаж босоод явж байсан. Тэгээд яасан зүгээр үү гэж асуухад толгой даагдахгүй байна гэж байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Зам тээврийн ослын улмаас М.гийн амь нас хохирсон нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 201730015 дугаартай “Талийгаач М.гийн цогцост гавал ясны орой хэсгийн хугарал, их тархины эдийн хөндлөн няцрал, хатуу хальсны цоорол, хатуу хальсан дээрх доорх цус хуралт, баруун шанааны үстэй хэсэгт хуйханд, баруун далны доор зулгаралт, хуйхан доорх цус, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Талиийгаач М.гийн биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М. нь гавал ясны орой хэсгийн хугарал, их тархины эдийн хөндлөн няцрал цус хуралт, хатуу хальсны цоорол, хатуу хальсан дээрх доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлтээр, Хохирогч Д.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 201720180 дугаартай шинжээчийн “Хүзүүний С3/С4, С5/С6 нугаламны хугарал, С3/С4 нугаламны жийргэвчний цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, 2017 оны 06 дугаар сарын 16-нд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн гаралтай. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөн энэ байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байна. Гэрч, хохирогч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд дээрх мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул шүүх үнэн зөв баримт гэж үнэллээ. Шүүгдэгч Б.*******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-гийн “Согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М.н амь нас хохирч Д.*******д хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөн Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.гийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай “Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг тухай хууль зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсний улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд онцгойлон хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Шүүгдэгч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль зөрчиж М.н амь нас хохироосон иргэн Д.*******д хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс найман жил хүртэл хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс хүндрэхээр байх боловч “согтуурсан” гэх шинжийг 2017 оны 07 дугаар сарын 1-нээс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэхээр байна. Иймд 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Б.*******д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2017 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх Б.*******д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн ******* авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Б.*******гийн өмчлөлийн Samsung маркийн LCD 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхэд иргэний үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА