Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2111

 

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/02111

        Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 46 дугаар байр, 701 в тоотод байрлах, “Есөн дэлбээ” ХЗХ /2323885/-ны /цаашид ХЗХ гэх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 5 дугаар гудамж, 53 тоотод оршин суух, Луу Бэсүд овогт Жигмэдийн Дэмбэрэлсайхан /РД:ЦБ76021310/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 93 359 723 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хоршооны гишүүн Ж.Дэмбэрэлсайхан нь 2015 оны 9 сарын 29-нд Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн хүрээ хотхон /13335/ ЭТӨЧөлөө гудамж 205 байр 22 тоот хаягт байрлах 61.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан 30 хоногийн 4 хувийн хүүтэй 360 хоногийн хугацаатай, 2016 оны 9 сарын 23-нд зээлээ төлж барагдуулахаар тохирч 60 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 /Тавин сая/ төгрөг зээлсэн. Ж.Дэмбэрэлсайханыг зээлээ төлөхийг манайх олон удаа шаардахад удахгүй мөнгө орж ирнэ гэсээр зээл, хүүгээ төлөөгүй гэрээний хугацааг 214 хоног хэтрүүлсэн. Гишүүн Ж.Дэмбэрэлсайхан нь үндсэн зээл 50.000.000 төгрөгөөс 1 143 600 төгрөг төлөөд үлдэх 48 856 400 төгрөгийг төлөөгүй. 2015 оны 09 сарын 29-өөс 2017 оны 4 сарын 25-ыг дуустал нийт 574 хоногийн үндсэн хүү 37 445 063 төгрөгийн хүү төлөхөөс 7 916 400 төгрөгийн хүү төлснийг хасаад үлдэх 29 528 663 төгрөгийн хүүгээ төлөөгүй. 2016 оны 09 сарын 23-аас 2017 оны 4 сарын 25-ыг хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацаа хэтрүүлсэн 214 хоногийн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 2 788 072 төгрөг төлөөгүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.10-т, Барьцааны гэрээний 2.1-т зааснаар гэрээний үүргийг биелүүлээгүйгээс гарсан зардлыг зээлдэгч хариуцана гэж заасны дагуу эрэн сурвалжлуулахаар төлсөн төлбөр болох 70 200 төгрөг төлөхийг төлөөгүй. Иймд гишүүн Ж.Дэмбэрэлсайханаас  48 856 400 төгрөг, үндсэн хүү 39 625 653 төгрөг, үндсэн хүүний нэмэгдүүлсэн хүү 4 807 470 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, бүгд 93 359 723 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаанд Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн хүрээ хотхон /13335/ ЭТӨЧөлөө гудамж 205 байр 22 тоот хаягт байрлах 61,29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хүрэлцэхгүй тохиолдолд бусад нэр хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацааг 360 хоногоор бодсон байна. Үүнийг 360 хоногоор бодох боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 71 зүйлийн 71.1-д зааснаар хууль, хэлцэл, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн хоногоор тогтоодог. Энэ хэлцлийг хуанлийн хоногоор тогтоож байгаа бол 365 хоног байхаар байна. Тэгэхээр хугацаа бодсон заалт нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар гэрээний харилцаа дуусаж байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар 30 хоногт  4 хувийн хүүтэй гэж заасан байгаа учраас 50.000.000 төгрөгийн 4 хувийн хүү нь 2.000.000 төгрөг, 360 хоногийн хүү нь 24.000.000 төгрөг болно. Энэ нь хууль зүйн үндэслэлийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж заасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хувьд бол 24.000.000 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Нэмэгдүүлсэн хүү нь 4.800.000 төгрөг болж байна. Тухайн үеийн 4 хувийн хүү гэдэг бол хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хувьд өндөр байна гэж үзэж байна. 2015 онд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас 2-3 хувийн хүүтэй зээл олгож байсан. Хадгаламж зээлийн хоршоо үнэхээр гишүүндээ зээл олгож байгаа бол 1-2 хувийн хүүтэй олгохоор байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү. 93 359 723 төгрөг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа болохыг ойлгохгүй байгаа. Манай зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 9.060.000 төгрөгийн төлбөр төлөлт хийгдсэн байгаа. Хадгаламж зээлийн хоршооноос очоод тайлбар авахаар 9.060.000 төгрөгийг ямар ч байсан үндсэн төлбөрөөс чинь хасна гэж хэлсэн байдаг. 9.060.000 төгрөгийг үндсэн зээл 50.000.000 төгрөгөөс хасахаар 40.940.000 төгрөгийн үлдэгдэл үлдэж байгаа. Үндсэн зээл 40.940.000 төгрөг, зээлийн хүү болох 24.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.800.000 төгрөг нийт 69.740.000 төгрөгийн төлөлт манай зүгээс хийхэд татгалзах зүйл байхгүй. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ж.Дэмбэрэлсайханаас 81 243 335 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 103 938 төгрөг, 6 214 534 төгрөг, 1 797 916 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 93 359 723 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Хариуцагч Ж.Дэмбэрэлсайхан нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу үндсэн зээл, зээлийн хүү 69 740 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 360 хоногийн хугацаатай, 50 000 000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 205 дугаар байрны 22 тоот хаягт байрлах, 61.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулсан байна.

 

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид хүлээлгэн өгсөн эсэх, зээлдэгч зээл, зээлийн хүүнд 9 060 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргадаггүй.

 

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзээд бөгөөд барьцааны гэрээ нь  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.4-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, зээлийн гэрээ нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарахаар байна гэж дүгнэлээ. /хх-8,9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй. Тодруулбал,

 

Хэрэгт авагдсан зээл эргэн төлсөн хуваарь /хх-4 дүгээр тал/ болон нэхэмжлэгчийн үндсэн зээлийг 48 856 400 төгрөг гэж тодорхойлж байгаа зэргээс харахад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээлдэгч зээл, зээлийн хүүг төлж, хуримтлагдсан хүүгийн төлбөр үүсгээгүй байна гэж үзэхээр байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээл 48 856 400 төгрөгөөс зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх ба зээлдэгч 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзвэл хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 4 сарын 23 хоногийн үндсэн хүүнд 9 315 290 төгрөг /1 сард 1 954 256 төгрөг, 23 хоногт 1 498 266 төгрөг/ төлөхөөр байна. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “Зээлийн гэрээний   хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй. Иймээс 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 11 сар, 18 хоногийн  хэтэрсэн хугацааны хүүнд 22 669 372 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /нэг сарын хүүг үндсэн хүүг 1 954 256 төгрөгөөр тооцсон/

 

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан.

 

Зохигч зээлийн гэрээний 3.6-д “...Зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Талуудын гэрээгээр ийнхүү тохиролцсоныг шүүх нэмэгдүүлсэн хүү тооцохоор  тохиролцсон гэж дүгнэсэн боловч хуульд заасанд нийцүүлж, хариуцагчийн гэрээний хугацаанд төлвөл зохих үндсэн хүүгээс буюу 9 315 200 төгрөгөөс тооцож 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцож 1 863 040 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ж.Дэмбэрэлсайханаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 48 856 400 төгрөг, үндсэн хүү 9 315 200 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 22 669 372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 040 төгрөг, нийт 82 704 012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 655 711 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа болох  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 205 дугаар байрны 22 тоот хаягт байрлах, 61.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэв. 

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу хүргэсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар 100.2-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын заримыг  ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар Жигмэдийн Дэмбэрэлсайхан /РД:ЦБ76021310/-аас  82 704 012 /наян хоёр сая долоон зуун дөрвөн мянга арван хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ /2323885/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 655 711 /арван сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагчийн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн хүрээ хотхон /13335/ Энхттайваны өргөн чөлөө гудамж, 205 байр 22 тоот хаягт байрлах, 61,29 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204069425 дугаартай орон сууцыг  хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 571 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ