| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0061/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Б.Мөнхсүх Хохирогч М.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхсүхэд холбогдох 1726000300022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, Чандмань Эрдэнэ лаборатори сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг Жавхлант хэсэг 7 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Баатарын Мөнхсүх, Регистрийн дугаар: ИЮ91110119, Шүүгдэгч Б.Мөнхсүх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мөнхсүх нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жаргалантын хэсэг 7-1 тоотод байрлах гэртээ эхнэр М.Өсөхбаярыг “өөрийн эцэг, эхтэй хэрүүл маргаан хийсэн” гэсэн шалтгаанаар зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Хохирогч М.Өсөхбаярын “... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд гэрээ цэвэрлээд байж байсан чинь хадам аавын гэрт манай том хүү уйлаад, хадам аавын дуу гараад байхаар нь би гэрээсээ гараад хадам аавын гэрт яваад орсон чинь манай хүү уйлаад зогсож байсан. Тэгээд хүүгээ гэртээ орох уу гэсэн чинь манай хүү гарахгүй байхаар нь чирээд гэртээ орсон. Тэгээд гэртээ байж байхад манай хадам ээж миний араас орж ирээд чи яагаад хүүхэд аваад явж байгаа юм, юундаа уурлаад байгаа юм гэхээр нь би таньд хамаагүй, та дуугай бай гэж хэлсэн чинь манай нөхөр ээжийгээ өмөөрөөд миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд хар өнгөтэй цүнхээр намайг цохиод, цүнхний оосроор ороолгоод, хоолой боогоод байж байхад манай хадам ээж бас миний толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Сайханчимэгийн “... Манай хүү Мөнхсүх босож ирээд намайг өмөөрөөд алгадсан. Тэгээд би ач хүүгээ тэврээд гэрээс нь гарах гэтэл Өсөхбаяр хүүхдээ өгөхгүй гээд булаацалдаад байхаар нь би хацар руу нь түлхсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Идэрбатын “...Тэр өглөө Мөнхсүх бид 2 зааланд тоглохоор тохиролцсон юм. Тэгээд би Мөнхсүхийн гэрт очсон чинь гэрийн хаалга нь эвдэрсэн байхаар нь асуухад Мөнхсүх эхнэр гэрийн түлхүүр аваад явчихсан байна тэгэхээр нь эвдчихсэн гэж хэлсэн. Тэгээд байж байтал Өсөхбаяр орж ирсэн, араас нь Мөнхсүхийн ээж орж ирж маргалдсан... Мөнхсүх босож ирээд эхнэрээ алгадсан, тэгээд гарах гэсэн чинь Өсөхбаяр хадам ээж болох Сайханчимэг эгчтэй хэрэлдээд, үсдэлцээд байхаар нь Мөнхсүх очоод салгасан. Тэгээд Мөнхсүх бид 2 гадаа гараад би Мөнхсүхийг чи яагаад эхнэрээ цохиж байгаа юм чиний гарын аяыг даахгүй ш дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна Б.Мөнхсүх нь М.Өсөхбаярыг зодсон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 201720157 дугаартай “Иргэн М.Өсөхбаярын биед тархи доргилт, баруун шууны дээд хэсэгт өнгөц зулгаралт, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт, зүүн өвдөгний үенд зулгаралт, багана нурууны зүүн талд 10-р хавирганы орчимд цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, үтрээнээс бага зэрэг цусархаг ялгадас гарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн хэсгээр тогтоогджээ. Б.Мөнхсүх, М.Өсөхбаяр нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 д зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 д гэр бүлийн хүчирхийлэлийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Б.Мөнхсүх нь эхнэр М.Өсөхбаярыг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Б.Мөнхсүх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Б.Мөнхсүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Мөнхсүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Өсөхбаяр хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогтой Баатарын Мөнхсүхийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхсүхэд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Мөнхсүхэд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөнөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ipone-6 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА