| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2017/01590/и |
| Дугаар | 2365 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2365
| 2017 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2017/02365 |
Б.М, Л.П, М.Э, М.Д, М.О
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01869 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.М, Л.П, М.Э, М.Д, М.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Т-т холбогдох,
2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: О.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийнхэн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 00 байрны 00 тоотод 1999 оноос хойш амьдарч ирсэн бөгөөд байрны өмчлөгчдөөр манай гэр бүлийн бүх гишүүд буюу 8 хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм.
Гэтэл 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М.Т-нь уг байрыг зээлийн барьцаанаас чөлөөлөөд өгнө гэхээр нь бид бүгдээрээ орон сууцыг зээлийн барьцаанд бариулах итгэмжлэл хийж өгсөн юм. Бид М.Т-ийг аль хэдийн зээлээ төлөөд дуусгасан байх гэж бодож байсан боловч шүүхийн шийдвэр гэрт ирэх үед авсан зээлээ төлөөгүйг мэдсэн.
Бидний зүгээс М.Т-ийн уг байрыг барьцаанд тавих итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай хийж өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан, мөн бидний олгосон итгэмжлэл дээр барьцаагаар үүргийг хангуулах гэсэн өгүүлбэр ороогүй билээ.
Иймд 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М.Т-т олгосон итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Итгэмжлэлээр зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурахыг л итгэмжлэлээр олгосон, барьцаагаар үүргийг хангуулахаар олгоогүй. Мөн итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгосон, тиймээс 3 жил нь өнгөрсөн байх тул нэхэмжлэгч нарын хариуцагч М.Т-т холбогдуулан гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 хороолол, 00 байрны 00 тоот, 2 өрөө орон сууц барьцаалж зээл авсан бөгөөд байрны хамтран эзэмшигч нар бүгд нотариат дээр очиж М.Т-т байр барьцаалж зээл авах итгэмжлэлийг хуулийн дагуу олгосон байсан бөгөөд үүний дагуу зээл олгож нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж зээл олгосон болно.
Зээл төлөгдөөгүй учраас шүүхэд хандсан бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэр гарсан болно. Энэ шүүх хуралдаанд М.Т-ийн өмгөөлөгч оролцож байсан бөгөөд итгэмжлэлийн талаар ямар ч асуудал хөндөгдөж байгаагүй болно. Б.М энэ тухай мэдэж байгаа гэж бодож байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй.
Иймд Б.М-ы нэхэмжлэлийг хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.М, Л.П, М.Э, М.Д, М.О нарын хариуцагч М.Т-т холбогдуулан гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний охин М.Т--нь 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 98 тоот орон сууцыг “Мөнгөн зоос ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байсан.
Би охин, талийгаач хүргэн хоёрыгоо уг зээлийг төлж дуусгасан гэж бодож байсан. Гэтэл зээлээ төлөөгүй болохыг нь манай гэр бүлийнхэн шүүхээс бичиг ирэхэд нь мэдсэн юм.
Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 8 хүн байдаг одоо уг байранд амьдарч байгаа. Бидний өгсөн итгэмжлэлийн хугацаа 3 жил байсан бөгөөд итгэмжлэлийн хугацаа аль хэдийн дууссан тул итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.М, Л.П, М.Э, М.Д, М.О нар нь хариуцагч М.Т-т холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч М.Д, Б.М, Д.П, М.Э, М.О нар нь 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 3 хороолол, 00 дүгээр байрны 00 тоот Ү-2205001096 дугаар гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, гэрээ хэлцэл болон барьцааны гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 3 жилийн хугацаатай хариуцагч М.Т-т олгосон байна.
Зохигчид 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг олгосон талаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч М.Т 2012 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот 2 өрөө Ү-2205001096 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байна.
Итгэмжлэлд “олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй болно” гэж заасан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ хугацааны дотор итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлж, бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулжээ. Итгэмжлэлд заасан хугацаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрх хэрэгжүүлэх хугацаа болохоос бусадтай байгуулсан гэрээний хугацааг тодорхойлохгүй юм.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Т-нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй нь зөв болжээ.
Иймд нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01869 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА