Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2019/0009/З |
Дугаар | 113/ШШ2021/0001 |
Огноо | 2021-01-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 113/ШШ2021/0001
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23962161 төгрөгийг[1] нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан Д.Отгонжаргалыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар тухайн үеийн сумын Засаг дарга С.Ягаанцэцэг ажлаас чөлөөлсөн байдаг. Тус захирамжийн үндэслэл болон агуулгыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар өөрчилсөн хэдий ч Д.Отгонжаргалыг ажлаас чөлөөлсөн хэвээрээ байсан. Тус захирамжид Д.Отгонжаргал нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, 376 дугаартай Захирамжийг хүчингүй болгох тухай тогтоол гаргасан талаар Шивээговь сумын Засаг дарга надад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тогтоол хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Уг тогтоолоор Д.Отгонжаргалыг ажлаас чөлөөлсөн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамж, мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжуудыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож хүчингүй болгосон байдаг.
Иймд миний бие Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Д.Отгонжаргалыг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон болно.
Д.Отгонжаргалыг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдож, ажилд нь эгүүлэн авсан тул ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажилдаа эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлсний олговор авах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг нягталж, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын нягтлангаар Д.Отгонжаргалын ажилгүй байсан үеийн цалин хөлсийг тооцоолуулж үзэхэд нийт 23962161 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Д.Отгонжаргалын гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23962161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШЗ2019/0105 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 23962161 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг Шивээговь сумын Засаг дарга П.Ганчимэгт танилцуулж, тайлбар авсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд дээрх байдлаар бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд Д.Отгонжаргалын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23962161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө хариуцагч шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзнэ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Д.Отгонжаргалын гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23962161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Д.Отгонжаргалд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Хэргийн I хавтасны 231 дүгээр талд нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолон ирүүлсэн