Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0062

 

Монгол Улсын Их Сургуулийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ц.Ц, К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарын гаргасан давж заалдах гомдлоор Монгол Улсын Их Сургуулийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ч.Бар, Ц.Ц, улсын байцаагч К.Ж нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол Улсын Их Сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Ч.Бр, Ц.Ц, Улсын байцаагч К.Ж нар тус газрын дарга О.Мн баталсан 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/19 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын Их сургуульд "...хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу МУИС-ийн шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажиллаж, улмаар "Хяналт шалгалтын тухай" 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/52 тоот Улсын байцаагчийн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлт нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул МУИС-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Ч.Б, Ц.Ц, Улсын байцаагч К.Ж нар дээрх 7/52 тоот дүгнэлтдээ тулгуурлан МУИС-ийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 652 тоот тушаалаар баталсан "Оюутан шилжүүлэн суралцуулах журам"-ын 5 дугаар зүйлийг хүчингүй болгох, мөн МУИС-ийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн "Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай" А/488 тоот тушаалыг хүчингүй болгох, 2013-2014 оны хичээлийн жилд шилжүүлэн суралцуулсан нэр бүхий 241 оюутны төлсөн 347,182,000 төгрөгийг буцаан олгож, хохирлыг барагдуулах гэсэн 3 зүйл бүхий улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/309 тоот албан шаардлага тавьжээ. Энэхүү албан шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Улсын байцаагчийн дээрх дүгнэлт болон албан шаардлагыг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчид хандан гомдол гаргасан боловч Улсынерөнхий байцаагч О.М 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/566 тоот Гомдлын хариу хүргүүлэх тухай" албан бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариу ирүүлсэн тул захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/52 тоот Улсын байцаагчийн дүгнэлт болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/309 тоот Улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагч К.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хяналт шалгалтын ажлын хэсэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтуудад заасан бүрэн эрхийн дагуу дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийншаардлага хүргүүлж ажилласан билээ.

Уг хяналт шалгалтаар Монгол Улсын Их сургуулийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн. Үүнд:

1.      Монгол Улсын их сургуулийн захирлын "Журам батлах тухай" 2001 оны 10 дугаар 30-ны өдрийн 627 тоот, "Журам шинэчлэн батлах тухай" 2008 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 тоот, "Зарим журамд өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 652 тоот тушаалууд болон түүний хавсралтаар баталсан журмуудыг судлан үзэхэд Монгол Улсын их сургуулийн захиргаанызөвлөлийн хуралдааны шийдвэр болон дүрмийн 4.4.6.1 дэх заалтыг удирдлага болгон уг тушаалуудыг гаргасан байна. Дээрх захиргааны актуудыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бөгөөд шилжилтийн төлбөр авахаар зохицуулсан нь илт хууль бус байна.

2.      Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.4-т Удирдах зөвлөл сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байх ба сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрөөс гадна аливаа төлбөр, хураамж авахыг хуулиар зөвшөөрөөгүй байна. Монгол Улсын их сургуулийн захиралд шилжин суралцах оюутнаас шилжилтийн төлбөр хураах, түүний хэмжээг тогтоох бүрэн эрхийг хууль болон бусад эрх зүйн актаар олгогдоогүй тул Монгол Улсын их сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/488 тоот "Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай" тушаал бүхэлдээ илт хууль бус байна.

3.      Монгол Улсын их сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/5841 тоот тушаалаар 166 оюутныг шилжүүлэн суралцуулахдаа 236,047,500 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/45 тоот тушаалаар 75 оюутан шилжүүлэн суралцуулахдаа 111,134,500 төгрөг, нийт 347,182,000 төгрөг хураан авсан байна. Шилжүүлэн суралцуулах журамд заасан болзол, шаардлагыг хангаж шилжин суралцаж байгаа боловч сургалтын төлбөрөөс гадна үндэслэлгүйгээр шилжилтийн төлбөр авч, оюутнуудад ялгавартай нөхцөл тавьж хохироосон гэж үзэх үндэслэл болох ба энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихыг хориглоно, 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийгхориглоно, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын их сургууль нь дээд боловсрол олгох зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон тул оюутнуудад ялгавартай нөхцөл тавихыг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон болно.

4.    Монгол Улсын их сургуулийн захиралд шилжин суралцах хүсэлтэй оюутнаас шилжилтийн төлбөр хураах, түүний хэмжээг тогтоох бүрэн эрхийг хууль болон бусад эрх зүйн актаар олгогдоогүй тул Монгол Улсын их сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/488 тоот "Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай" бүхэлдээ илт хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамжавахыг хориглоно гэж заасныг зөрчиж, оюутнуудын хууль ёсны эрх,ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулж байгаа болохыг тогтоосон болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.4.4-т, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.9,Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн Хяналт шалгалтын тухай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/52 дугаар дүгнэлт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн Зөрчил аргуулах тухай 2014 оны 4 дугаар сарын 17-ны өдрийн 7/309 дугаар албан шаардлага хууль бус болохыг тогтоожхүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ц, К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нар давж заалдах гомдолдоо: ... 1. МУИС-ийн захирлын хуулиар олгогдсон бүрэн эрхийг буруу тайлбарлаж, дүгнэсэн талаар:

Анхан шатны шүүхээс Монгол Улсын Их Сургуулийг Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу өөрийн үйл ажиллагааны орлогын санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж байна гэж дүгнэж, Боловсролын шинжлэх ухааны сайдын 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар баталсан төрийн өмчит их сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 2.3-т "хууль, тогтоомжид заасан санхүүжилт, хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрийг бүрдүүлж", ажлын байрны III үндсэн зорилтын хүрээнд "...санхүүжүүлэгчдийн хүрээг нэмэгдүүлэх" бүрэн эрхийг олгосны дагуу оюутан шилжүүлэн суралцуулах журам баталж хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын их сургууль нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан захиргааны байгууллага бөгөөд тус сургуулийн гадагш чиглэсэн шийдвэр захиргааны акт болно. Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг гагцхүү хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргах эрхтэй байдаг.

Монгол Улсын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 652 тоот тушаалаар батлагдсан оюутан шилжүүлэн суралцуулах журам нь Монгол Улсын их сургуулийн дүрмийн 4.4.6.1-т сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх гэж заасныг үндэслэл болгон гарсан байдаг ба өөр хууль тогтоомжийн заалтыг үндэслэл болгоогүй.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.6.1-д "захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр" гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг ойлгохоор заасны дагуу Монгол Улсын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 652 тоот тушаалаар батлагдсан оюутан шилжүүлэн суралцуулах журам, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/488 тоот "Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай" тушаал зэрэг актууд захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр байна.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.3-т захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана гэж зааснаас үзэхэд Монгол Улсын их сургуулийн захиралд оюутан шилжүүлэн суралцуулах журам батлан гаргах, шилжилтийн төлбөрийн хэмжээг тогтоох, хураах эрх хуулиар олгогдоогүй байх тул гаргасан актууд нь илт хууль бус юм.

Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан өөрийн үйл ажиллагааны орлогыг хэрхэн бүрдүүлэх талаар хуулиар зохицуулаагүй ба иргэний сурч боловсрох эрхийг зөрчиж, төлбөр хураах замаар бүрдүүлэх нь хууль бус юм.

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ... сурч эзэмших гэж заасан байх ба Монгол улсын иргэн суралцаж буй сургууль, мэргэжлээ өөрчлөхөд нэмэлт төлбөр, хураамж төлөх талаар хуульд заагаагүй байна.

Өөрийн үйл ажиллагааны орлого гэдэгт түрээс, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсний зэрэг орлогыг хамааруулах ба Монгол Улсын төрийн өмчит бүх их, дээд сургуулиуд өөрийн үйл ажиллагааны орлого гэх нэрээр суралцах хүсэлт гаргасан болон суралцаж байгаа иргэнээс төлбөр, хураамж авах нь үндэслэлгүй юм.

Оюутан шилжүүлэн суралцуулах журмын 5 дугаар зүйлд шилжилтийн төлбөрийн орлогын 50%-ыг суралцах бүрэлдэхүүн сургуульд, үлдэх хэсгийг МУИС-ийг хөгжүүлэх санд бэлэн бусаар тушаана гэж тодорхой заасан, МУИС-ийг хөгжүүлэх сангийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг, МУИС-ийн зохих дансанд орж, 100 хувь өөрийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байна гэх зэргээр шүүхээс дүгнэсэн нь илт буруу бөгөөд тусдаа хуулийн этгээд, тусдаа үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийг хөгжүүлэх сан ТББ-ын дансанд шилжилтийн төлбөр орж байсан нотлох баримтыг үндэслэлгүй болгоогүй.

2. Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар:

1. Монгол Улсын их сургууль нь Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн ухааны чиглэлээр дээд боловсрол олгох зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон.

2013-2014 оны хичээлийн жилд шилжин суралцсан 241 оюутны дотор байгалийн ухааны чиглэлээр шилжин суралцсан оюутнууд байгаа боловч шүүх давамгай байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь хууль бус болжээ.

Учир нь хяналт шалгалтын тухай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/52 дугаар дүгнэлтээр "Шилжүүлэн суралцуулах журамд заасан болзол, шаардлагыг хангаж шилжин суралцаж байгаа боловч сургалтын төлбөрөөс гадна үндэслэлгүйгээр шилжилтийн төлбөр авч, оюутнуудад ялгавартай нөхцөл тавьж хохироосон гэж дүгнэж, энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах. бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

"бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихыг хориглоно" гэж заасныг зөрчиж байгалийн ухааны чиглэлээр шилжин суралцах хүсэлт гаргасан иргэдэд ялгавартай нөхцөл тавьж, нэмэлт буюу шилжилтийн төлбөрийг авсныг шүүх дүгнэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2. Хяналт шалгалтын тухай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/52 дугаар дүгнэлтээр шилжүүлэн суралцуулах журамд заасан болзол, шаардлагыг хангаж шилжин суралцаж байгаа боловч сургалтын төлбөрөөс гадна үндэслэлгүйгээр шилжилтийн төлбөр авсан үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн бөгөөд уг зөрчлийн талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно гэж заасан бөгөөд шүүхээс уг хуулийн зохицуулалт зөвхөн суралцаж буй оюутан, сурагчаас сургалтын гэрээнд заагаагүй нэмэлт төлбөр, хураамж авахыг хориглосон зохицуулалт гэж дүгнэсэн байна. Гэтэл МУИС-д суралцаж байгаад өөр мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан оюутнууд байхад тэдгээрийг тус сургуулийн суралцагч биш гэж үзэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй талаар:

Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус газрын улсын байцаагч нарыг маргаан бүхий захиргааны актуудыг гаргах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан бөгөөд Монгол Улсын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 652 тоот тушаалаар батлагдсан оюутан шилжүүлэн суралцуулах журам, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/488 тоот "Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай" тушаал зэрэг актуудын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс тус газрын бүрэн эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэлд дурьдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг үнэлээгүй, зарим баримтыг буруу үнэлсэн, мөн Өрсөлдөөний тухай болон Боловсролын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2014 оны 7/52 дугаар дүгнэлтээр МУИС-ийг оюутан шилжүүлэн суралцуулахдаа төлбөр авч байгааг Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5, 7.1.11, 12.1.11 болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 5.1, 12.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэн, 7/309 дүгээр албан шаардлагаар хууль зөрчсөн МУИС-ийн захирлын 2012 оны 652 дугаар тушаалаар баталсан Оюутан шилжүүлэн суралцуулах журам-ын 5 дугаар зүйл болон 2013 оны А/488 дугаар Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгох, 2013-2014 онд шилжин ирсэн оюутнаас авсан төлбөрийг буцаан олгож хохирлыг барагдуулахыг тус тус шаардсан байна.

МУИС-ийн захирлын 2012 оны 652 дугаар тушаалаар баталсан Оюутан шилжүүлэн суралцуулах журам-ын 5 дугаар зүйлд Шилжиж ирсэн оюутан тухайн улирлын сургалтын төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Шилжилтийн төлбөрийн хэмжээг суралцах хөтөлбөрийн эрэлт, өрсөлдөөн, оюутны тоо зэргээс хамааруулан захиргааны зөвлөл жил бүр шинэчлэн тогтооно гэж заасны дагуу 2013 оны А/488 дугаар Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай тушаалаар оюутны шилжилтийн төлбөрийн коэффициентийг багц цагийн төлбөрт харгалзан салбар сургууль, хөтөлбөрөөр нь ялгамжтай тогтоожээ.

Дээрх тушаалуудын дагуу МУИС нь 2013-2014 онд тус сургуульд суралцагч нь өөр салбар сургууль, хөтөлбөрийн хооронд шилжих болон өөр их, дээд сургуулиас тус сургуульд шилжин суралцах оюутнаас сургалтын төлбөрөөс гадна уг багц цагийн төлбөрийг 0,5-2 коэффициентээр үржүүлэн шилжилтийн төлбөр авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөл /хуучин нэр/-ийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Их сургуулийг байгалийн ухааны чиглэлээр дээд боловсрол олгох зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон боловч дээрх тушаалуудаар зөвхөн байгалийн ухааны чиглэлээр шилжүүлэн суралцуулахад төлбөр авахаар зохицуулаагүйгээс үзэхэд давамгай байдлаа урвуулан ашиглах зорилгоор энэхүү журмыг гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.11 дэх заалтыг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Харин МУИС нь төрийн өмчит сургууль бөгөөд ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг атлаа тодорхой шалгуур хангасан оюутныг шилжүүлэн суралцуулахад гарах үйлчилгээний зардлаас хамааруулахгүйгээр үндэслэлгүйгээр коэффифиент тогтоож сургалтын төлбөрөөс гадна түүнээс 0,5-2 дахин их төлбөр авч, боловсролын үйлчилгээг нь хүртэхийг хүссэн хэрэглэгчийг хохироох журам баталсан нь Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.4.4, 40.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна, 40 дүгээр зүйлийн 40.4.4-т Төрийн өмчит боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт нь улсын төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэх-ээр тус тус заасан бөгөөд дээрх шилжилтийн төлбөр нь төрийн өмчийн сургуулийн санхүүжилтийн аль ч эх үүсвэрт хамаарахааргүй байна. Учир нь их, дээд сургуульд элсэн суралцаж байсан, зохих шалгуур, болзлыг хангасан оюутныг шилжүүлэхэд МУИС нь ямар нэгэн орлого олох үйл ажиллагаа явуулахгүй тул шилжилтийн төлбөрийг үйл ажиллагааны орлого гэж үзэх боломжгүй.

Энэ талаар анхан шатны шүүх дээрх хуульд заасан үйл ажиллагааны орлого гэдгийг буруу тайлбарлаж, уг орлогыг нэхэмжлэгчийн төсвийн санхүүжилтийн орлогын нэг бүрэлдэхүүн, дансанд нь орж сургуулийн өөрийн үйл ажиллагаанд 100 хувь зарцуулагддаг гэх мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно гэж заасан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит сургалтын байгууллагад хамааралтай бөгөөд өөр их, дээд сургуульд элсэн суралцаж байгаад МУИС-д шилжин үргэлжлүүлэн суралцах суралцагчид ч энэхүү заалт хамааралтай гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн тухайн сургуулийн суралцагчийн гэрээнд тусгасан төлбөр, хураамжид хамааралтай мэтээр явцууруулан буруу тайлбарлажээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх-ийг аж ахуй эрхлэгчид хориглосон, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч ... хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ ...-н шаардлагыг хангасан ... ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж заасан бөгөөд тодорхой шалгуурыг хангаж МУИС-д шилжин суралцагч нь сургалтын төлбөрөө төлж, түүнд тохирсон боловсролын үйлчилгээгээ авах бөгөөд харин шилжин ирсний төлөө боловсролын чиглэлээс хамаарч сургалтын төлбөрийг 0,5-2 дахин нэмэгдүүлэн авах шилжилтийн төлбөрт тохирсон чанар, тоо хэмжээний нэмэлт үйлчилгээгээр хангуулахгүй тул дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн албан шаардлага, дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шилжилтийн төлбөр авч байгаа явдал нь боловсролын үйлчилгээ авах зорилгоор төлж байгаа сургалтын төлбөр-өөс ялгаатай байдлыг анхаарч үзэлгүй ... оюутны өөрийн нь хүсэл зоригийг хэрэгжүүлэх ашиг сонирхлыг харгалзан үзэх боломжийг анхаараагүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, оюутан өөрийн хүсэл зоригийн дагуу уг сургуулийн боловсролын үйлчилгээг авах хүсэлтэйн төлөө боловсролын үйлчилгээний чанар, тоо хэмжээнд тохирсон төлбөрийг төлөх бөгөөд харин уг журмууд нь сургалтын төлбөрөөс гадна өөр үйлчилгээ аваагүй атлаа үндэслэлгүй төлбөр төлөх, шилжилтийн төлбөрийг төлөхгүй бол оюутны уг сургуулиас боловсролын үйлчилгээ авах хүсэл зориг хэрэгжих боломжгүйд хүргэж байна.

МУИС-ийн захирлын 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/267 дугаар тушаалаар Суралцагч шилжүүлэн суралцуулах журам-ыг шинэчлэн баталж, шилжин суралцахад гарах бүртгэлийн хураамжийг 1 багц цагийн төлбөртэй тэнцүү байхаар, МУИС дотор сургууль, хөтөлбөр хооронд шилжих суралцагчаас шилжилтийн зардлыг төлүүлэхгүй байх зэргээр зохицуулсан нь дээрх улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч уг журмаа хуульд нийцүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх уг тушаалыг маргааны мөн чанарт нөлөөлөхгүй гэж үзэж үнэлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ... талаас нь харьцуулан үнэлнэ гэж заасныг зөрчжээ.

Дээрх үндэслэлүүдээр улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагаар хууль зөрчсөн журмаа хүчингүй болгохыг шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх бүрэн эрх олгосон гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч ... хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчилтэй холбоотой хохирлыг барагдуулах-ыг шаардах бүрэн эрхийг дээрх хуулиудаар олгоогүй бөгөөд улсын байцаагчийн албан шаардлагаар 2013-2014 онд шилжин ирсэн оюутнаас авсан төлбөрийг буцаан олгож хохирлыг барагдуулах-ыг шаардаж эрх хэмжээгээ хэтрүүлснийг анхаараагүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, албан шаардлагын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.4, 40.7-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Их сургуулийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/309 дүгээр албан шаардлагын 2013-2014 оны хичээлийн жилд шилжүүлэн суралцуулсан нэр бүхий 241 оюутны төлсөн 347,182,000 төгрөгийг буцаан олгож, хохирлыг барагдуулах-ыг шаардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ