| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/03071/И |
| Дугаар | 255 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 255
2018 оны 02 сарын 06 өдөрДугаар 182/ШШ2018/00255Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .......... хороо, Бага тойруу, ............... байрлах, НХОГ ААТҮГ /РД00000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ........... хороо, ........... талбай, .............. байрлах, Э,С,С, С, К ХХК /РД:000000/-д холбогдох,
10,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, НХОГ-с 12,429,315 төгрөг гаргуулахыг хүссэн Э, С, С, С,К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НХОГ –ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...НХОГ нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 109/2014 дугаартай Зөвлөх ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Э,С,С,С,К-тай байгуулсан.
Дээрх гэрээ нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчиж байгуулсан байна гээд Нийслэлийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НАГ-ГА/2015/02/ГА тоот акт гарсан.
Уг актаар Э,С,С,С,К-д ажлын хөлсөнд 10,700,000 төгрөгийг буцаан гаргуулж төсөвт төвлөрүүлнэ үү гэсэн байдаг. Хариуцагч нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх болон магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхгүй болох нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор тогтоогдсон.
...Ийм учраас Э,С,С,С,К-иас ажлын хөлсөнд шилжүүлсэн 10,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Э,С,С,С,К-ийн гүйцэтгэх захирал Г.Төрбат шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э,С,С,С,К-д Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 294 тоот тушаалаар Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан зөвлөх үйлчилгээний дүрмийн 3.1.2-д заасныг баримтлан 4.2.8-д заасан ажлын бүрдлийн дагуу барилгын зураг төслийн магадлал хийх болзол шаардлагыг хангасан тул бүртгэж магадлалын эрх олгосон.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Бүртгэлийн тухай хуульд заасны дагуу манай компанид 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон 9011320092 дугаартай компанийн гэрчилгээнд 4311 код бүхий Барилгын зураг төслийн магадлал хийх үйл ажиллагаа явуулахаар бүртгэж гэрчилгээжүүлсэн бөгөөд ингэснээр манай компани нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхтэй болсон.
Эдгээр зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон ямар нэг шийдвэр гараагүй бүгд хүчинтэй байгаа бөгөөд магадлалын ажлыг хэвийн явуулж байна. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 109/2014 дугаар бүхий зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг НХОГ-тай байгуулж, энэ гэрээнд заагдсан барилгын зураг төсөлд магадлал хий, зөвлөх үйлчилгээ үзүүлж, ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн аудитын газраас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчиж гэрээ байгуулсан ажлын хөлсөнд 10,700,000 төгрөг шилжүүлсэн байх тул буцаан төлүүлж төсөвт төвлөрүүл гэсэн акт тогтоосон байдаг.
Үндэслэл болгосон Барилгын тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны хүчингүй болсон. Дээрх акт нь үндэслэлгүй тавигдсан бөгөөд нэгэнт хийгдсэн ажил дээр акт тавигдснаар НХОГ-ын ямар эрх нь сэргэх эрх зүйн ямар ач холбогдол бүхий байдал, үр дагварыг нь тогтоох нь ойлгомжгүй байна.
Барилгын зөвлөх ажил үйлчилгээний ажил хийгдсэн бөгөөд гэрээ ёсоор ажлын хөлсөө авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Э,С,С,С,К шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын орлогчтой байгуулсан хамтран ажиллах санамж бичиг болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 109/2014 тоот гэрээний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь манай компанид гүйцэтгэсэн магадлалын ажлын хөлснөөс 10,700,000 төгрөгийг олгосон.
Одоо үлдэгдэл 8,286,210 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд энэ төлбөрийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,286,210 төгрөг, гэрээний 9.3-д заасан торгууль 4,143,10 төгрөг, нийт 12,429,315 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулж өгнө үү гэв.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай газар нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Э,С,С,С,К-тай Зөвлөх ажил, үйлчилгээ үзүүлэх дугаар 109/2014 тоот гэрээг байгуулсан.
Магадлалын ажлын хөлсний үлдэгдэл байгаа гэх боловч баримтаар нотлогдохгүй байна. Уг гэрээний дагуу хэрвээ магадлал хийсэн бол Э,С,С,С,К магадлалын гүйцэтгэлийг албан ёсоор гаргаж гүйцэтгэгч болон захиалагч нарыг төлөөлж эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажсан байх ёстой.
Өнөөдрийг хүртэл манай байгууллагад энэ талаар хийж гүйцэтгэсэн ажлынхаа баталгаажсан нотлох баримтыг ирүүлээгүй, гаргаж өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НХОГ нь хариуцагч Э,С,С,С,К-иас гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 10,700,000 төгрөг гаргуулах,
Хариуцагч Э,С,С,С,К гэрээний үлдэгдэл төлбөр 8,286,210 төгрөг, торгууль 4,143,105 төгрөг, нийт 12,429,315 төгрөгийг НХОГ ААТҮГазраас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг: Гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн 10,700,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Э,С,С,С,К нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газртай Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламж, хөрөнгө оруулалтын ажлыг чанартай шуурхай явуулах, чирэгдэл хүнд суртлыг арилгах зорилтын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зураг төслийн хянан баталгаажуулалт, экспертиз хийх, хөтөлбөр, техник эдийн засгийн үндэслэл, технологийн баримт бичиг боловсруулах, нийслэл хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан бүтцийн байгууллагуудын нэгдсэн хамтын ажиллагааг хангах, талуудын эрх үүргийг тодорхойлох зорилгоор 002/2014 тоот Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Дээрх 002/2014 тоот Хамтран ажиллах санамж бичиг-ийг үндэслэн нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Орон нутгийн өмчит ААТҮГазар нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын захиалгаар гүйцэтгэсэн зураг төсөл, төсвийн ажлын магадлал хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Э,С,С,С,К-тай 109/2014 дугаартай Зөвлөх ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан байна.
Талуудын байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 109/2014 дугаартай Зөвлөх ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.2-т зааснаар захиалагчаас өгсөн ажил бүрийг гэрээний хавсралтаар /ГХ-1/ тооцон хавсралтуудыг үндэслэн хийж зөвлөх ажил үйлчилгээний ажлын хөлсийг зураг төсөл, төсвийн үнийн 7 хувиар тооцох, захиалагч нь зураг төсөл боловсруулах гэрээний эхний санхүүжилтээс экспертизийн зардлыг гүйцэтгэгчээс суутган авч зөвлөх компанид холбогдох акт, нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь Э,С,С,С,К-ийг магадлал хийх эрхгүй болох нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол болон Нийслэлийн аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн НАГ-ГА/2015/02/Га тоот актаар тогтоогдсон учраас зөвлөх үйлчилгээний ажлын хөлсөнд шилжүүлсэн 10,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан.
Нийслэлийн аудитын газар нь улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр Нийслэлд 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнд аудит хийж 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн НАГ-ГА/2015/02/Га тоот Төсвийн орлого болгох тухай актаар тавьсан байна.
Хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн НАГ-ГА/2015/02/Га тоот Төсвийн орлого болгох тухай актыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдээгүй байсан учраас Үндэсний аудитын газарт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр хүсэлтээ гаргасан гэж тайлбарласан боловч энэхүү акттай холбогдуулан зохих газарт нь хандсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэхүү тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас урьдчилан шийдвэрлэх журамтай гэж үзэж шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор Э,С,С,С,К-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байгаа болохыг зөвшөөрүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Э,С,С,С,К-тай 109/2014 дугаартай Зөвлөх ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахдаа Барилгын тухай /2008 оны/ хуульд заасан шаардлага хангасан барилгын ажилд магадлал хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Э,С,С,С,К нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Барилгын зураг төслийн зөвлөх үйлчилгээ, магадлал хийх, барилгын төслийн зөвлөх үйлчилгээ, тэзү /техник эдийн засгийн үнэлгээ/ хийх эрхтэй гэж маргаж Улсын бүртгэлийн 9011320092 тоот гэрчилгээ, Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 294 тоот Зөвлөх үйлчилгээг бүртгэх тухай тушаалыг хавсралтын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Э,С,С,С,К нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 109/2014 тоот гэрээний хавсралт нэг, хоёрт заасан сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажилд зураг төсөл, төсвийн ажлын магадлал хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч бүрэн хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй учраас маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Талууд хийж гүйцэтгэсэн ажлаа актаар баталгаажуулж 2014 оны 02 дугаар сарын 12-нд 7,520,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-нд 3,215,505 төгрөг, нийт 10,735,505 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.
Үүнээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч нь хүлээн авсан байгаа талаар маргахгүй байгаа учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж үзэж Э,С,С,С,К-иас ажлын хөлсөнд шилжүүлсэн 10,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Орон нутгийн өмчит ААТҮГазрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр: Гэрээний үлдэгдэл төлбөр 8,286,210 төгрөг, торгууль 4,143,105 төгрөг, нийт 12,429,315 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Э,С,С,С,К нь гэрээний 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 17, 18 дугаар хавсралтад заасан сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд хийсэн магадлалын үлдэгдэл төлбөр 8,286,210 төгрөг, гэрээнд заагдсан торгууль 4,143,105 төгрөг, нийт 12,429,315 төгрөгийг НХОГ ААТҮГазраас гаргуулахаар шаардсан.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 109/2014 дугаартай Зөвлөх ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д энэхүү гэрээний 1.1-д заасан зөвлөх үйлчилгээний ажлын хөлсийг зураг төсөл, төсвийн үнийн 7 хувиар тооцож олгоно, 4.3-т үйлчилгээний хөлсийг 4.1-д заасан хэмжээгээр гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон байна.
Э,С,С,С,К нь 109/2014 тоот гэрээний 40 барилгын засварын ажлын төсвийн магадлалын үнэ 8,519,709 төгрөгийг төлж барагдуулна уу гэсэн утга бүхий албан бичгүүдийг 2015 оны 12 дугаар сарын 03-нд 73/2015, 2016 оны 4 дүгээр сарын 11-нд 11/2016, 2016 оны 6 дугаар сарын 28-нд 21/2016, 2016 оны 7 дугаар сарын 26-нд 26/2016 тоотоор НХОГ ААТҮГазарт хүргүүлж байжээ.
НХОГ ААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнд заасны дагуу тооцоо нийлж, ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн баримтаа ирүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль буюу гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж тус тус заасан учраас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон торгуулийг нэхэмжилж байгаа Э,С,С,С,К-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруутгах боломжгүй юм.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр зохицуулсан бөгөөд Э,С,С,С,К нь ажлын үр дүнг хүлээлгэж өгснөөр хөлсөө авах эрх нь үүсэхээр байна.
Гэсэн хэдий ч Э,С,С,С,К нь 109/2014 тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д Захиалагч нь зураг төсөл боловсруулах гэрээний эхний санхүүжилтээс экспертизийн зардлыг гүйцэтгэгчээс суутган авч зөвлөх компанид холбогдох, акт нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу НХОГ ААТҮГазартай тооцоо нийлж, ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн талаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.
Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Орон нутгийн өмчит ААТҮГазраас 12,429,325 төгрөг гаргуулахыг хүссэн Э,С,С,С,К-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугар зүйлийн 232.4-т зааснаар Э,С,С,С,К-иас гэрээний хөлсөнд төлсөн 10,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн НХОГ ААТҮГазрын үндсэн нэхэмжлэлийг
НХОГ ААТҮГазраас 12,429,315 төгрөг гаргуулахыг хүссэн Э,С,С,С,К-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Э,С,С,С,К-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА