Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Д.Гүррагчаа Хохирогч А.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гүррагчаад холбогдох 1723000000027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 10-нд Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, Тэжээлийн фонд хэсгийн 4-8 тоот хаягт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Дашдоржийн Гүррагчаа. Шүүгдэгч Д.Гүррагчаа нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд жолоогоо согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Сартуул овогт Дашдоржийн Гүррагчаа нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн 64-68 ЗАН улсын дугаартай автомашиныг жолоодож яваад согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Д.Лхаасүрэнд жолоогоо шилжүүлсэн нь гэрч Р.Хишигбуянгийн “ ...Хатнаагийн гаднаас Гүррагчаагийн машиныг Лхаасүрэн бариад явсан. Лхаасүрэн жолоо бариад Гүррагчаа Лхаасүрэнгийн 1 нас хүрээгүй охиныг аваад хажууд нь суугаад явсан...” гэсэн мэдүүлгээр, Д.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Лхаасүрэн би машиныг чинь жолоодно гэхээр нь би Лхаасүрэнд жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би жолоочийн хажуу талын суудал дээр Лхаасүрэнгийн охин Сарнайг тэврээд суудлаа хойш болгочихоод хэвтэж байсан чинь унтчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Жолоо шилжүүлэн авсан Д.Лхаасүрэн нь тухай үед согтуурсан байсан нь гэрч Р.Хишигбуянгийн “Үлдсэн нэг пивыг нь Гүррагчаа, Лхаасүрэн, Хатнаа гурав хувааж уусан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн энэ талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Завхан аймгийн Замын цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна. Шүүгдэгч Д.Гүррагчаа согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Д.Лхаасүрэнд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Лхаасүрэн автомашиныг жолоодож яваад Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Ганцын Давааны Халзангийн ам гэх газарт зам тээврийн осол гаргасан нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. Дээрх ослын улмаас М.Сарнайгийн амь нас хохирсон нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 201730015 дугаартай “Талийгаач М.Сарнайгийн цогцост гавал ясны орой хэсгийн хугарал, их тархины эдийн хөндлөн няцрал, хатуу хальсны цоорол, хатуу хальсан дээрх доорх цус хуралт, баруун шанааны үстэй хэсэгт хуйханд, баруун далны доор зулгаралт, хуйхан доорх цус, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Талиийгаач М.Сарнайгийн биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.Сарнай нь гавал ясны орой хэсгийн хугарал, их тархины эдийн хөндлөн няцрал цус хуралт, хатуу хальсны цоорол, хатуу хальсан дээрх доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Д.Гүррагчаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.б-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон жолооны үнэмлэхгүй түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн... хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн бөгөөд ослын улмаас хүний амь нас хохирсон нь 2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилээс 5 жил хүртэл хорих ял оногдуулахаар байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 3 жил хүртэл хорих ялын хэмжээнээс хүнд буюу хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.Гүррагчааг 2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэстэй байна. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй Шүүгдэгч Д.Гүррагчаад ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 2002 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Д.Гүррагчаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, ослын улмаас өөрт нь хүндэвтэр гэмтэл учирч, эрүүл мэндийн хувьд цаашид эмчлүүлэх шаардлагатайг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж түүний хувьд оногдох хөрөнгөнөөс битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Сартуул овогт Дашдоржийн Гүррагчааг 2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай. 2. Шүүгдэгч Д.Гүррагчааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүррагчаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүррагчаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Гүррагчаад хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч Д.Гүррагчаа нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай. 7. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч Д.Гүррагчаагийн өмчлөлийн Цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхэд шүүгдэгчийн иргэний үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ