Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Д.Амгаланбаатар Хохирогч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Амгаланбаатарт холбогдох 201713000040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Найрамдлын 2-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Биндэрхайрхан овогтой Долгорын Амгаланбаатар, РД: ИЭ79111715 Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт буюу болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Биндэрхайрхан овогт Долгорын Д.Амгаланбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Барилгачдын хэсгийн 2-12 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Энхжаргалтай барилдаж байгаад түүнийг газар унагаан биед нь гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Энхжаргалын “...Ямаа майлдагт байдаг Амгаланбаатарынд очоод тэр архиа уугаад дуусаад Амгаланбаатартай тоглоом хийгээд барилцаж аваад дээгүүрхээ тайлчихаад байж байсан чинь манай эхнэр Одончимэг, эхнэрийн төрсөн дүү Отгонбаярын хамт Амгаланбаатарын гэрт 21 цагийн үед байх харанхуй байхад ирсэн...” гэсэн мэдүүлэг, тухайн үед байсан гэрч Б.Бадийсүрэнгийн “...Энхжаргал Амгаланбаатартай барилдана бяраа үзнэ гээд гадаа гарч байсан. Би яг гадаа юу болсныг мэдэхгүй байна... Энхжаргал Амгаланбаатар 2 хоорондоо муудалцаагүй зүгээр л ярьж сууж байгаад 2-лаа гадаа гарч барилдъя л гэж хэлээд гарч барилдсан. Энхжаргал барилдаж байхдаа гадаа би уначихлаа гэж хэлж байгаа сонсогдсон...” гэсэн мэдүүлгээр, гэрч Н.Тунгалагийн “...Би гэрт байж байсан чинь Амгаланбаатар, Энхжаргал хоёр барилдъя гэж байсан. Тэгээд гадаа гараад дугараад байхаар нь гарсан чинь Энхжаргал цамц байхгүй дээгүүрээ хувцасгүй нуруу нь шалбарчихсан байсан. Тэгээд та хоёр зодолдоод байгаа юм уу гэж асуусан чинь үгүй ээ бид хоёр юу гэж зодолддог юм гэж хэлсэн... барилдчихлаа гээд л гаднаас инээлдээд ороод ирсэн. Энхжаргал мост уналаа л гэж байсан” гэсэн мэдүүлгээр, Д.Амгаланбаатарын гэрт дуудлагаар очсон цагдаа З.Болдбаатарын “...Товцог багаас 22 цаг өнгөрч байх үед дуудлагаар Энхжаргал гэдэг хүнийг авч эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн... Энхжаргал нь Амгаланбаатартай барилдсан гээд сууж байсан. Энхжаргалын баруун шанаа хэсэгтээ шалбарсан, өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлгээр, гэрч З.Болдбаатартай хамт Д.Амгаланбаатарынд орсон гэрч С.Оргилмандахын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Амгаланбаатарын Б.Энхжаргалыг барилдаж байхдаа унагаасан үйлдлийн улмаас түүний биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 201720075 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “... Б.Энхжаргалын биед гавал ясны цуурал, их тархины духны хэсэгт цусан хураа духны баруун талд, баруун шууны гадна хэсэгт зулгаралт, шилэн хүзүүндцус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, дээрх дүгнэлтээ тайлбарласан шинжээч П.Базардаргиагийн “...Их тархины духны хэсэгт цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, гавал ясны цуурал, духны баруун талд, баруун шууны гадна хэсэгт зулгаралт, шилэн хүзүүнд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна... Шинжлүүлэгч нь нэг цаг хугаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно гэж заасан байгаа. Духны баруун хэсгээрээ унах үед гавал ясны цуурал, их тархины духны хэсэгт цусан хураа, духны баруун талд зулгаралтууд үүсэх боломжтой. Харин баруун шууны гадна хэсгийн зулгаралт, шилэн хүзүүний зулгаралтууд нь толгойн хэсгээр унахад үсэхгүй. Хохирогч Б.Энхжаргалын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд духны баруун хэсгээр үйлчлэх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Д.Амгаланбаатар нь Б.Энхжаргалтай барилдаж, түүнийг унагаан биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал Д.Амгаланбаатар Б.Энхжаргалыг унагаахдаа хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулья гэж хүсээгүй нь нотлогдож байгаа тул түүнийг болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэстэй байна. Д.Амгаланбаатар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дагаж мөрдөхөөс өмнө болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан бөгөөд түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боловч 2015 оны эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн хуулийг баримтлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Д.Амгаланбаатарын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Хохирогч шүүгдэгчээс нийт 700000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд хэрэгт нийт 574920 төгрөгийн зарлагын баримтууд хавсаргасан байна. Үүнээс 25500 төгрөгөөр мөн 37500 төгрөгөөр мах сүү авсан зардлыг хохирогчийн эмчилгээтэй холбоотой зайлшгүй гарсан зардал гэж үзэх боломжгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд нь хохирогчийг асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх зардлыг төлөх үүрэгтэй боловч мах сүү нь хүний байнгын хэрэгцээг хангаж байдаг хоол хүнс учраас нэмэгдэл хоолд хамаарахгүй. Иймд мах сүү авсан гэх 63000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Хохирогч нь 511920 төгрөгийн эмчилгээний зардал гаргасан нь эм тариа авсан тухай баримт, эмнэлэгт хэвтсэн баримт, томографийн шинжилгээ хийлгэсэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 511920 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь үндэстэй байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй Шүүх Д.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь шүүхээс тогтоосон хохирол 511920 төгрөгийг шүүх хуралдааны завсарлагааны үеэр төлж барагдуулсан нь хохирогчийн эх Балжидын дансанд 518000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Биндэрхайрхан овогт Долгорын Амгаланбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Амгаланбаатарт хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Амгаланбаатарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 4. Шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Д.Амгаланбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Д.Амгаланбаатарын өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Хүлэг маркын улаан өнгийн мотоцикл битүүмжилсэн прокурорын 2017 оны 06 сарын 18- ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хохирогчид буцаан олгосугай. 8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч Б.Энхжаргал нь шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ