| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01803/И |
| Дугаар | 2161 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж*******” ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ж*******” ХХК нь Баярмагнайтай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 240.000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байдаг. Д.М******* нь одоогийн байдлаар 160.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу 939 хоногийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор 80.000 төгрөгийн алданги, нийтдээ 240.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөг хариуцагч Д.М*******аас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Д.М******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1120825 дугаартай гэрээ байгуулж, NP-10 маркын SIN:NA006266 серийн дугаартай төхөөрөмжийг 240 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч төхөөрөмжийн үнийг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алдани тооцохоор тохиролцож, талууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шаардлагыг, хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баалгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Түүнчлэн талууд гэрээний 5.3-д төхөөрөмжийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд, алдангид 40 000 тооцон нэхэмжилж байгаа нь хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасанд тус тус нийцэж байх тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт 160 000 төгрөг, алдангид 80 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсвэл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д нийхүү тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалттай.
Шүүх дээрх хуулийн заалтыг үндэслэн худалдагч эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч хүлээн авсан, төлбөрийг хэсэгчлэн төлсөөр 160 000 төгрөг үлдсэн талаар зохигч маргаан байхгүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутаас товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид зохих журмын дагуу хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.М******* /РД:*******/-аас 240 000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж*******” ХХК /РД:*******/-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.М*******аас 7 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж*******” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ