| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0073/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 39
Б.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0073/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар
Шүүгдэгч Б.Б-
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой Б-ийн Б-т холбогдох 1818009540029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-ийн Б-.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоот” гэх газарт Дархан-Уул аймгаас Орхон сумын чиглэлийн төв засмал зам дээр “Тоёота гранд марк-2” маркийн 67-36 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 12 дугаар бүлгийн 12.1.т заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн А.Н-ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б- овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар Б.Б-т оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох,
-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсаны төлбөр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б-ийн 880041 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх,
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр гоидол гаргаж байна.
Шүүгдэгч Б.Б- нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад анхан шатны шүүх Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шудрага ёсны зарчимд үл нийцсэн шийдвэр боллоо гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг дахин хянаж, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү
Шүүгдэгч Б.Б- нь бага насны нярай хүүхэдтэй, эхнэрийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэхдээ бага эмчээр ажиллаж байсан зэрэг хувийн байдалтай болно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар саналдаа:
...Давж заалдах гомдлоо дэмжиж байна Б.Б- нь үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:
...Миний буруугаас болж хүний амь нас хохирсонд харамсаж байна. Би талийгаачийн ар гэрийнхэнд аль болох тусалж дэмжлэг үзүүлнэ гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
...Шүүх ялын бодлогыг баримталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсаны төлбөр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-ийн 880041 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх, түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоот” гэх газарт Дархан-Уул аймгаас Орхон сумын чиглэлийн төв засмал зам дээр “Тоёота гранд марк-2” маркийн 6736 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 12 дугаар бүлгийн 12.1.т заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн А.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Энэ нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох:
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Н-ын гаргасан 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 53 дугаартай ... Б.Б- нь “Тоёота Марк-2” маркийн 6736 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4.б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн, Б.Б-ийн жолоочийн эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна, Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна., гэсэн дүгнэлт,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 30 дугаартай... Шинжилгээнд авсан Б.Б-ийн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн болно. Б.Б- нь хөнгөн зэргийн согтолттой байна... гэсэн дүгнэлт,
-Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн ...Б.Б-ийн эзэмшлийн 6736 ДАХ улсын дугаартай “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй...гэсэн дүгнэлт,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас талийгаач А.Н-ийн цогцост Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 04 дугаартай...Талийгаачид гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой ясны хугарал, баруун чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи няцрал, тархины хатуу хальсны урагдал, хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо., Талийгаачийн биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой., Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ., Талийгаачийн биед архаг хууч өвчин илрээгүй., Талийгаачийн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна., Талийгаачийн цусны бүлэг А// байна... гэсэн дүгнэлт,
-шүүгдэгч Б.Б-ийн биед... гавал тархины битүү гэмтэл, тархины хөнгөн зэргийн няцрал, баруун дал, эгэм, баруун 6-р хавирга. Баруун гарын шууны богтос яс, ахар сүүлний хугарал, баруун тохой мөрний зөөлөн эдийн цус хуралт бүхий зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, ээрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан... гэсэн шинжээчийн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 53 дугаартай дүгнэлт,
-шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнээс архи үнэртэж байсан гэж гэрчилсэн гэрч И.Э-, Б.С-, Н.Б-, Т.А- нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх болсон үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байсан, ийм тохиолдолд бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд ямар нэгэн аюул, хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж, түүнчлэн түүний найзууд согтуугаар машин жолоодож болохгүй, машинаа тавь гэж хэлсээр байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироход хүргэжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүхийн оногдуулсан ял нь үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдээс хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон бөгөөд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ