Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/1419

 
 

2015 оны 8 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/1419

Улаанбаатар хот

 

Ц.Б*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа д*******ж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ч******* нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрчхариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б*******ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Ж******* нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/29 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Халсан тушаалын дагуу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр холбогдох дээд шатны байгууллага болох Нийслэлийн боловсролын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлд гомдол гарган хандсан. Төрийн албаны зөвлөл миний гаргасан гомдлыг хянан шалгаж 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 02 тоот тогтоол гарч, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын

үүрэг гүйцэтгэгч Л.Ж*******ын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тул бидний маргааныг эцэслэн шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулж өгнө үү. Миний бие нь Баянгол дүүргийн боловсролын хэлтэст 2007 оны 3 дугаар сараас хойш төрийн албыг тасалдуулахгүй явуулж ирсэн. Одоо ам бүл зургуулаа, 0-6 насны 3 хүүхэд, өндөр настай ээж, эхнэрийн хамт амьдардагөөр орлогогүй манай гэр бүлд энэ тушаал маш хүндээр тусаж байна. Иймд Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчЛ.Ж*******ын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг хагас болон бүтэн жилээр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянгол дүүрэг дэх Боловсролын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ц.Б*******ыг ажлаас халах тухай Б/29 дүгээр тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Дүүргийн Засаг даргын А/530 тоот захирамж, Хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 тоот тушаал, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.13, 5.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан болно. Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Б******* нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажил үүргээ хангалтгүй хийж байгаа тухай удаа дараа анхааруулж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэлтсийн шуурхайгаар амаар сануулж, тэмдэглэл хөтөлсөн, өгсөн үүрэг даалгавар, хугацаатай мэдээ тайланг удаа дараа хоцроож хангалтгүй биелүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан видео хуралд хариуцсан ажил үүрэгтэй нь холбоотой Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээртанилцуулга хийх үүргийг биелүүлээгүй, утсаа тасалж ирэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцлага алдсан тул түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулсан сахилгын шийтгэлийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлтсийн даргын Б/11 дүгээр тушаалаар оногдуулсанЭнэ авсан арга хэмжээний талаар Ц.Б******* нь Төрийн албаны зөвлөл дэх Салбар зөвлөлд гомдол гаргаж шалгуулсан бөгөөд н.Ганболд ахлагчтай ажлын хэсэг хэлтэс дээр ирж шалгаж, тушаал үндэслэлтэй байна гэж шийдвэр гарсан гэдгээ утсаар хэлж байсан. Ц.Б******* нь ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгавар, хугацаатай мэдээ тайлан хоцроож, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, үр дүнгийн гэрээ байгуулах,дүгнүүлэх, тайлан бичих, дээд газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гаргахгүй цалгардуулах, хийхгүй байх, мөн удаа дараа ажил тасалж, ажлын хариуцлага алдаж байсан. Тухайлбал:

1. 2014 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж 8 дугаар сарын 15-нд ажилд орох ёстой байсан боловч 2 өдөр ажил тасалсан. Мөн 2014 оны 10 дугаар сарын 31, болон 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд ямар нэгэн шалтгаан хэлэлгүй ажилдаа ирээгүй 4 өдөр ажил тасалсан.

2. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Э******* 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/3001 тоот бичгийн хариуг 15 хоног хугацаа хоцроож Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зэмлүүлж байсан.

3. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Т*******ын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/1234 тоот бичгээр ирүүлсэн ажлыг хийгээгүй.

4. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1310 тоот бичгээр ирүүлсэн ажлыг хийгээгүй.

5. Боловсрол, Шинжлэх ухааны Сайдын 01 дүгээр Албан даалгаврын хэрэгжилтийн талаарх тайланг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд хэлэлцэхээр зохион байгуулсан уулзалт семинарт хариуцсан ажил үүрэгтэй нь холбоотой 20 минутын танилцуулга хийх үүргийг биелүүлэлгүй, уулзалт, ярилцлагад очих үүрэг өгсөөр байтал санаатайгаар дахин оролцоогүй.

6. 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах сургалтад сургагч багш нар болон хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамрагдах ёстой байтал утсаа салгаад холбогдоогүй, хамрагдаагүй болно. Яамны хэрэгжилтийн багаас бодлого хэрэгжүүлэх чухал ажилтан сургалтад хамрагдахгүй байна гэж Б.Н******* дарга утсаар зэмлэж байсан.

7. Цагийн бүртгэлд бүртгүүлдэггүй, гадуур ажиллах дэвтэр хөтөлдөггүй, ажлаар гадуур явбал эргэж ирэхгүйгээр далимдуулаад яваад өгдөг зэрэг нь ажлын цагийн бүртгэлээр харагдаж байгаа болно. Ц.Б******* нь 2014 оны 09 дүгээр сараас хойш өөрийн эрхэлж буй ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар удирдлагыг мэдээллээр хангаж байгаагүй. Ц.Б*******т төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй, ухамсар, хариуцлага байхгүй бөгөөд байгууллагын ажил цалгардаад байгаа тухай удаа дараа хэлж байсан боловч тушаал гаргахыг чинь харъя гээд ажил хийдэггүй байсан. Боловсролын хэлтэс нь 6 орон тоотой ажиллаж, 125 сургууль, цэцэрлэгийг зохион байгуулалтад оруулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй. Мэргэжилтнүүдийн нэг нь ажилдаа сэтгэлгүй, хариуцлагагүй хандахад, хэлтсийн ажил тэр чигээрээ цалгарддаг тул ажилдаа хариуцлагагүй ханддаг ажилтан тус хэлтэст хэрэггүй байна. Сахилгын арга хэмжээ авснаас хойш ажлаа сайжруулж ажиллахын оронд улам цалгардуулж санаатай гэмээр удаа дараа хариуцлага алдаж байсан тул ажлаас халах тушаал гаргах болсон. Төрийн захиргааны албан хаагч гэдэг нэрийн дор ажил хийхгүйгээр цаг хугацаа өнгөрөөж, том том ярьж, цалин авч явдаг хүмүүсийг хариуцлагатай болгох шаардлагатай болсон байгааг анхаарч үзнэ үү. гэжээ

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ц.Б*******ыг ажлаас халах тухай Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Б*******ыг өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******т ажилгүй байсан 2014 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлххугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговор 3.584.118 төгрөг олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 442.483 төгрөг төлөхийг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргад даалгаж,Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2014 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг хагас болон бүтэн жилээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилдаа хайнга ханддаг, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангадаггүй, хугацаа хэтрүүлдэг байдлыг дүгнэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ц.Б*******ын ажлын байрны тодорхойлолтонд бага боловсрол хариуцахаас гадна дунд боловсролын асуудлыг хариуцдаг байна. Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс нь орон тооны хувьд 6 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд ээлжийн амралттай, эзгүй байгаа ажилтны хийх ажлыг хэлтсийн даргын үүрэг даалгавраар бусад хүмүүст хуваарилж шаардлагатай ажлыг хугацаа алдалгүй хийж гүйцэтгэсээр ирсэн. Боловсролын хэлтсийн дарга нэхэмжлэгч Ц.Б*******т 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх уулзалт семинарт шаардлагатай байсан тайланг цаасаар болон файлаар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагт танилцуулах үүрэг даалгавар өгсөн боловч энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Б*******ын эхнэр нь амаржсан, мэдээ, тайланг файл хэлбэрээр цаг тухайд нь хүргүүлж байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь нөлөөлөхгүй юм. Учир нь нэхэмжлэгч Ц.Б******* эхнэрээ төрөхөөс өмнө уг ажлыг гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд цахим хаягаар явуулсан мэдээлэл нь 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшхи мэдээлэл байдаг. 2014 оны 8 дугаар сараас 4 өдөр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгч Ц.Б******* нь 2014 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж 8 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орох ёстой байсан боловч 15, 18-ны 2 өдөр ажил тасалсан, 2014 оны 10 дугаар сарын 31-ний болон 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ямар нэгэн шалтгаан хэлэлгүй 4 өдөр ажил тасалсан болно. Гэтэл анхан шатны шүүхээс эхнэр нь амаржсан гэж 10 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа ирээгүйг, 11 дүгээр сарын 03-ны өдрийг эхнэр нь эмнэлгээс гарсан гэж, 8 дугаар сарын 18-ны өдрийг нэхэмжлэгчийн ямар ч баримт нотолгоогүй ярьсан зүйлд үнэлэлт өгч зөвтгөн шийдвэрээ гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, дүүргийн Засаг даргын А/530 тоот захирамж, Хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 тоот тушаал, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.13, 5.11 дэх заалтуудыг тус тус баримтлан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Ц.Б*******ыг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас халжээ.

Нэхэмжлэгч Ц.Б******* нь дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг хагас болон бүтэн жилээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Миний бие Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст 2007 оны 03 дугаар сараас эхлэн төрийн албыг тасалдуулахгүй явуулж ирсэн байхад намайг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж тодорхойлон маргажээ.

Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ц.Б*******ыг ажлаас халах тухай Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн төрийн албан хаагчийг төрийн албанаас хална гэж заасан байх бөгөөд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоол журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Тус хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Ц.Б*******ыг өгсөн үүрэг даалгавар, хугацаатай мэдээ тайланг хоцроосон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан видео хуралд хариуцсан ажил үүрэгтэй нь холбоотой Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр танилцуулга хийх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд сахилгын арга хэмжээ авсан байх ба Ц.Б*******ыг ажлаас халсан тушаалд мөн дээрхи зөрчлийг хамаатуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэснийг зөрчжээ.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 06-ны өдөр зохион байгуулсан уулзалт семинарт оролцож, 20 минутын танилцуулга хийх үүргийг биелүүлээгүй, сургалтанд оролцоогүй гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгч нь эхнэрээ амаржсаны улмаас 11 дүгээр сарын 03-ны өдөр чөлөө хүссэн өргөдлөө өгч 10 хоногийн чөлөө авсан хугацааг хамаарч байх тул зөрчилд тооцох боломжгүй, харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Э******* 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/3001 тоот бичгийн хариуг 15 хоног хугацаа хоцроосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Түүнчлэн, Нийслэлийн Боловсролын газрын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/1234 тоот албан бичгээс үзэхэд ...Нүүдлийн хотоос-суурин хот үзэсгэлэнгийн нээлтэд ерөнхий боловсролын сургуулиудын дунд ангийн сурагчдыг хамруулахаар байх ба музей үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах ньБага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Б*******ын албаны чиг үүрэгт тусгагдсан үйл ажиллагаанд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод бага, дунд боловсролын стандарт хэрэгжилтийг чанаржуулах, бага, дунд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж чанарыг сайжруулах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиг үүрэг тодорхойлогдсон ч дунд ангийн сурагчдыг музей үзүүлэх арга хэмжээ-г дээрхи чиг үүрэгтэй шууд хамаарал бүхий гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагчаас Ц.Б*******ыг 2014 оны 08 дугаар сарын 15, 18, 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажил тасалсан гэж маргах боловч 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн эхнэр нь амаржсан тул хүндэтгэх шалтгаантай байсан байх ба 11 дүгээр сарын 03-ны өдөр чөлөөтэй байсан тул ажил тасалсан гэж үзэх боломжгүй, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил тасалсан нь нотлогдоогүй, цалингаа бүтэн авсан байна. Харин тэрээр ээлжийн амралтын хуваарийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орох атал хөдөө яваад машин саатсан шалтгаанаар ажил тасалсан нь зөрчилд тооцогдоно.

Дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил тасалсан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Зүй нь Ц.Б*******т гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохирсон өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байжээ.

 

Хариуцагчийн тайлбарт дурдсан бусад зөрчлийн тухайд Ц.Б*******ыг ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй байх тул дүгнэх шаардлагагүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийг тоон илэрхийллээр тооцсон дүнд талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.4-т Албан хаагчдад сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад шагнал урамшуулал олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байх тул 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг хагас болон бүтэн жилээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг тайлбарласан нь ач холбогдолгүй, ойлгомжгүй байсныг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН