Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0610/З |
Дугаар | 115 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 115
“Сова” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан, “Сова” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0082 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.2-т заасныг тус тус баримтлан “Сова” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбажавын гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0082 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Сова” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...“Сова” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 47 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан. Дээрх өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байхад тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн 5-620 дугаар бүхий албан бичгийг хүлээн авсан. Уг албан бичигт тухайн өргөдлийн талбай нь өөр компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай бүхэлдээ давхцалтай байх тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан байх бөгөөд манай компани өргөдөл өгснөөс хойш бүтэн 6 сарын дараа ийнхүү шийдвэрлэсэн байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэж заасан. “Сова” ХХК-ийн компанийн гаргасан өргөдөл болон манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн газартай давхацсан, “Сова” ХХК-иас өмнө өргөдөл ирүүлсэн гэх компанийн өргөдөл гаргасан огноо зэргээс манай компани түрүүлж өргөдөл гаргасан нь тодорхой харагдана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасны дагуу түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн асуудлыг шийдвэрлэх ёстой байтал дээрх хуульд заасныг зөрчиж байна.
Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд байх “өмнө нь түрүүлж ирүүлсэн” гэх ХА-019391-001-NЕ(NE-026395) дугаар бүхий өргөдөл нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу манай компани өргөдөл өгснөөс хойш 8 хоногийн дараа Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өгөгдсөн байдаг.
Үүнийг Ашигт малтмалын цахим сангаас харж болох бөгөөд Ашигт малтмалын газраас манай компанид хандан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/3364 дүгээр албан бичгээр “Дээрх ашигт малтмалын хайгуулын ХА-019391 тоот өргөдөл нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөл нь эцэслэн шийдэгдээгүй кадастрын бүртгэлийн системд хэлэлцэх шатанд байна” гэсэн албан бичгээр нотлогддог. Дээрх албан бичиг болон Ашигт малтмалын газрын цахим сан дахь мэдээлэл зэрэг нь “Сова” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт өгсөн өргөдөл нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өгсөн ХА-019391 өргөдлөөс өмнө өгсөн нь батлагдаж, тогтоогдож байгаа юм.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийн талбай давхацсан тохиолдолд тэдгээрийн аль түрүүлж өргөдлөө гаргаж бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг зохицуулсан заалт болно.
“Сова” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/07 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Цагаан дэл нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдлөө гаргасныг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн 2073-д болон хөгжлийн бодлогын хэлтсийн ирсэн баримт бичгээс харагдана.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “Сова” ХХК-ийн гаргасан өргөдлөөс хойш биш түүнээс өмнө ирсэн өргөдлийг шүүж шалгаж үзэх ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “....нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэх ёстой гэж үзэх боломжгүй юм” гэж, “Сова” ХХК-ийн “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул” гэж тус тус дурдсан байна. Чухам ямар хуулийн, аль зүйл заалтыг үндэслэн бүртгэх боломжгүй, ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн эс үйлдэхүй нь тогтоогдохгүй гэж байгаа нь тодорхойгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дээрх шүүхийн шийдвэрт дурдагдсан үндэслэл бүхий хуулийн заалт байхгүй болно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/МА2017/0082 дугаар магадлалын хянавал хэсэгт “хэдийгээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ТХ-00031-ДА дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон байх боловч дээрх хууль бус эс үйлдэхүй нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах үндэслэл болохгүй” гэж, мөн “...Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, энэхүү солбицлын дагуу хүлээн авсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Сова” ХХК-ийн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр бүртгэх үүрэггүй, хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна” гэж тус тус дурджээ.
Гэтэл яг ямар үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруугүй гэж үзсэн нь маш тодорхойгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шийдвэр, магадлалдаа дурдан, харин “Сова” ХХК-ийн гаргасан өргөдлийг өргөдөл гаргасан өдрөөр нь ямар учраас бүртгэж болохгүй, тэр нь ямар хуулийн зүйл заалтыг үндэслэсэн болох нь тодорхойгүй болжээ. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээр нэгэнт тогтоогдсон зүйлийг бүхэлд нь шийдвэртээ дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тогтооход ач холбогдол бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хуулийн тодорхой үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэж байна.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0082 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Сова” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай компани түрүүлж өргөдөл гаргасан болох нь баримтуудаар бүрэн нотлогдсон, шүүх ямар үндэслэлээр хариуцагчийг буруугүй гэж үзсэн, ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэн өргөдөл гаргасан өдрөөр бүртгэж болохгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д аймгийн Засаг дарга зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн, бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаж буй эсэхэд анхан шатны шүүлт хийн, шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэйг заасан байна.
Түүнчлэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-д төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар Засаг даргад хариу мэдэгдэхээр, аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилжээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.1.18, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл хөтлөн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг өргөдөл гаргасан он, сар, өдөр, цаг, минутын дарааллаар бүртгэн, түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга нь “Сова” ХХК-ийн, тус аймгийн Хонгор сумын нутагт орших “Цагаан дэлт” нэртэй газрын 47 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ТХ-00031-ДА дугаартай өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна. Гэтэл Засаг дарга мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасны дагуу анхан шатны шүүлт хийсэн даруйд хүсэлт гаргасан талбай нь давхцалтай эсэхийг тогтоолгохоор тус компанийн өргөдөл материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлж дүгнэлт гаргуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж, 6 сарын дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5-320 тоот албан бичгээр хүргүүлснээр тус газрын бүртгэлд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр бүртгэгдсэн байна.
Энэ хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Унисис” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Буурал” нэртэй газрын 1280 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XA-019391-001-NE /NE-026395/ дугаар бүхий өргөдөл гаргасныг тус Кадастрын хэлтэс хуульд заасан журмын дагуу хүлээн авч бүртгэсэн байжээ.
Нэхэмжлэгч “Сова” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511 дүгээр тогтоолуудаар батлагдсан Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарч байх бөгөөд Кадастрын хэлтэс нь энэхүү солбицлын талбайд түрүүлж хүсэлт гаргасан “Унисис” ХХК-ийн өргөдлийг бүртгэсэн нь буруу биш, учир нь Дархан-Уул аймгийн Засаг дарга нь “Сова” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шүүлт хийлгэхээр тус Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул хариуцагч захиргааны байгууллага нь “Сова” ХХК-ийг дээрх солбицол бүхий талбайд өргөдөл гаргасныг мэдээгүй, мэдэх ч боломжгүй учир “Унисис” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу бүртгэсэн гэж үзнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг тодорхойлсон байх ба мөн зүйлийн 17.2.3-д өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцалгүй байх шаардлагыг хуульчилжээ.
Иймд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч “Сова” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь өмнө нь түрүүлж ирсэн өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байдлыг тогтоож, дүгнэлт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэгэнт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлд түрүүлж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан “Унисис” ХХК-ийн өргөдөл бүртгэлтэй тул нэхэмжлэгч “Сова” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолон бүртгэх хууль зүйн боломжгүй, үүнд дээрх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагыг буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэстэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0082 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА