| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2017/0075/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.******* холбогдох 1723000340035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* РД:/*******/ Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн Мухар ширэг гэдэг газар хохирогч С.*******ыг хадлангийн талбайгаас хадлан хадуулсангүй гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, унах үед нь цээжин хэсэгт нь өшиглөсөн үйл баримт болжээ. Энэ нь хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө эрт Б.*******ийн хээр халтар гүүг унаад гэдэг найзындаа очоод унд уучихаад найзтайгаа хамт манай хадлангийн гэрлүү явж байтал манай хадлан хадах гэж байсан талбай дээр хүн гарчихсан өвс хадаад байхаар нь яваад очтол ******* гэдэг айлын залуу байхаар нь чи наанаасаа хойш нь хадчих манайх урд талыг нь хадна гэхэд чамд өмчлөөд өгчихсөн биш гээд хадуураараа намайг цохих гэсэн үү яасан далайгаад миний унаж явсан морины нүдрүү цохиод цус гаргачихлаар нь сохорчихлоо гэж бодоод чамайг хэлдэг газар нь хэлнэ гэж хэлээд цагдаа нар дээр очоод болсон асуудлыг хэлчихээд буцаад гэртээ очтол нэг адилхан ихэр залуутайгаа хүрч ирээд шууд барьж аваад миний баруун хөмсөг рүү гараараа цохиод шалбарч цус гарсан, мөн газар унасан хойно хавирга руу өшиглөж авсан. Тэгээд наана нь хамт байсан ихэр нь хоёр салгаад нөгөө залуу яваад өгсөн” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгийг нотолж мэдүүлсэн шүүгдэгч Ц.*******ийн ихэр Ц.ын “...Тэгээд юу болсон талаар асуухад манай хадлангийн газар гээд хадуулахгүй байна гэхээр нь очиж учраа олоё гэхэд тэгье гээд гэрлүү нь очсон. Тэгээд гэрт нь очиход чам шиг пиздааг хэлдэг газар нь хэлчихлээ одоо яахыг чинь харна гээд уурлаад байсан. Тэгээд *******, ******* хоёр маргалдаад нэгийгээ цохилцоод байхаар нь гуай бид хоёр салгасан. Өөр юм болоогүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 201720162 дугаартай дүгнэлтийн “...Ирэн С.*******ын биед тархины доргилт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 8, 9-р хавирганы түвшинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн хэсгээр нотлогджээ. Түүнчлэн шүүгдэгч Ц.******* хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч болон гэрчээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа, эдгээр мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд Ц.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд Ц.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэх хор уршиггүй гэдгээ мэдүүлсэн байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.*******ийг гэм буруутайд тооцох үндэслэл зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Ц.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1,8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.******* торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.*******ийн эд хөрөнгө болох 1200000 төгрөгний үнэлгээ бүхий 10 эр хонийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/34 тогтоолыг торгох ял биелэгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ