| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0072/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Б.Цогбаяр Хохирогч Л.Энхдэлхий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цогбаярт холбогдох 1723000590037 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг Цэцэгт хонхорын 4-5 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хянга овогт Базарагчаагийн Цогбаяр, Регистрийн дугаар: ИД80070113
Шүүгдэгч Б.Цогбаяр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Цогбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн “Ямаа майлдаг” хэсэг 2-12 тоотод иргэн Ц.Баярсайханы гэрт эхнэр Л.Энхдэлхийг “Хэрүүл маргаан үүсгэж, цагдаа дуудлаа” гэсэн шалтгаанаар... зодсон хэргийн үйл баримт нь Энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.Энхдэлхийгийн “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шинэ хороонд Биндэръяа, манай нөхөр Цогбаяр, Баярсайхан эхнэртэйгээ бид нар Баярсайханы гэрт 4 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Биндэръяа манай нөхрийн ард суучихсан Баярсайханд хандаад Энхдэлхий жаахан балай, эргүү гээд хэлээд байхлаар нь уур хүрээд та нар яахлаараа намайг тэгж байдаг юм, би ганцаараа хүн гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгсэн Биндэръяа босож ирээд намайг багалзуурдаж бариад дух руу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Баярсайхан эхнэртэйгээ хамт бид хоёрыг салгахлаар нь би утсаар цагдаа руу залгаад намайг хүн зодоод байна гэж хэлсэн чинь манай нөхөр босож ирээд чи яахлаараа цагдаа дууддаг юм гээд миний үснээс зулгаагаад, зүүн талын гуя, хавирга руу өшиглөсөн, бас данх барьж байгаад миний толгой руу цохисон. ...Намайг өөр хэн нэгэн цохиж, зодоогүй. ...Одоо миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Ямар нэгэн зовиур байхгүй. ...Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Баярсайханы “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Биндэръяа, Цогбаяр, Энхдэлхий гурав орой 22 цагийн орчимд гэрээсээ ирлээ гээд манайд ирсэн. Тэгээд юм ярьж сууж байснаа өнөө орой гэр бүлээрээ сууцгаая гээд, бид нар дэлгүүрээс 4 ширхэг 2 литрийн хэмжээтэй пиво аваад хувааж ууж дуусчихаад байсан чинь Биндэръяа Энхдэлхийтэй маргалдаад эхэлсэн. Тэгсэн Биндэръяа босож ирээд Энхдэлхийг боогоод унагаачихсан, тэгэхлээр нь манай эхнэр Энхзаяа бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд л сууж л байсан чинь Энхдэлхий бас нөхөртэйгээ хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн Цогбаяр босож ирээд Энхдэлхийгийн үснээс нь зулгаагаад доош нь дарахлаар нь Биндэръяа бид хоёр салгасан чинь Б.Цогбаяр Энхдэлхийгийн цээж рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Биндэръяагийн “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Цогбаяр, Энхдэлхий нартай хамт шинэ хороонд найз Баярсайханы гэрт очсон. Тэгээд тэднийд 4 пиво уусан. Намайг сууж байсан чинь Цогбаярын эхнэр манай аавыг хулгай хийдэг гээд байсан. Тэгэхээр нь би цамцных нь захнаас бариад авсан чинь Баярсайхан босож ирээд одоо боль гэхээр нь би Энхдэлхийг түлхээд унагачихсан. Тэгээд сууж байсан чинь Цогбаяр, Энхдэлхий хоёр маргалдаад босоод ирсэн. Цогбаяр эхнэрээ үсдээд доош нь тонгойлгохоор нь Баярсайхан бид хоёр салгасан чинь Цогбаяр эхнэрийнхээ гэдэс орчимд нэг өшиглөсөн. Тэгээд Энхдэлхий цагдаа дуудсан. ...Л.Энхдэлхийг би цохиогүй, харин цамцных нь захаас барьж байгаад түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Энхзаяагийн “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Биндэръяа, Цогбаяр, Энхдэлхий нар манайд ирээд Цогбаяр нэг шил архи гаргаж ирээд тэр архийг манай нөхөр Баярсайхан, Цогбаяр, Биндэръяа нар хувааж уугаад, тэгээд хоорондоо ярилцаад бид нар пиво уух болоод дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй 3 ширхэг пиво аваад хувааж уугаад сууж байснаа Биндэръяа, Цогбаяр, Энхдэлхий нар хоорондоо маргалдаад Цогбаяр эхнэрийгээ цохисон. ...Т.Биндэръяа нэг л удаа боож унагаасан, цохиж байхыг нь хараагүй. Цогбаяр Энхдэлхийгийн гэдэс рүү нь аягүй хүчтэй өшиглөж байсан, өмнө нь үсдэж байхдаа хэд хэдэн удаа цохиж байсан. Гэхдээ яг хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. ...Цогбаяр Энхдэлхийг хэдэн удаа толгой орчимд нь цохиод гэдэс рүү нь өшиглөхийг харсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна Б.Цогбаяр нь Л.Энхдэлхийг зодсон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 201720181 дугаартай “Иргэн Л.Энхдэлхийгийн биед тархи доргилт, зүүн гуя, зүүн хөлийн тавхай, баруун гарын сарвуунд цус хуралт Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн хэсгээр тогтоогджээ. Б.Цогбаяр, Л.Энхдэлхий нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 д зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 д гэр бүлийн хүчирхийлэлийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Б.Цогбаяр нь эхнэр Л.Энхдэлхийг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Б.Цогбаяр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Б.Цогбаяр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Цогбаярт холбогдох 1723000590037 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хянга овогтой Базаррагчаагийн Цогбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цогбаярт оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б. Цогбаярт 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөнөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Monel маркийн өнгөт зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА