Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч М.Цэрэндаваа Хохирогч Ц.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цэрэндаваад холбогдох 1723000460040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Жаргалантын хэсэг 3-13 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Мужаан Туна овогт Мөнхбатын Цэрэндаваа, Регистрийн дугаар: ИЖ87090711 Шүүгдэгч М.Цэрэндаваа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Мужаан туна овогт Мөнхбатын Цэрэндаваа нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Жаргалантын хэсгийн 3-13 тоот байрлах гэртээ эхнэр Ц.Лхагвасүрэнтэй “гэрээ цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрлүү нэг удаа алгадаж, гарнаас нь барьж түлхэн зодсон хэргийн үйл баримт нь хохирогч Ц.Лхагвасүрэнгийн “...Би тэр өдөр нөхрийн хамт гэртээ байж байгаад том өрөөний буйдан дээр телевизор үзээд хэвтэж байсан чинь... манай нөхөр уурлаад одоо хоёр сартай байж ингэж хэвтэж байгаа юм чинь цаашдаа яах юм бол гээд үглээд аяга, шанага түжигнүүлээд байхаар нь би босч ирээд чи юун сүртэй юм бэ би наадуулыг чинь өөрөө цэвэрлэнэ, гэж хэлээд бид хоёр маргалдаад байж байхад ...М.Цэрэндаваа миний зүүн хацар луу алгадсан, тэгээд намайг түлхэж унагаасан. Би тэр үед чанга орилсон юм... Миний биед учирсан тархи доргилт гэмтэл нь Цэрэндаваа миний зүүн хацар луу алгадах үед учирсан...” гэсэн мэдүүлгээр, М.Цэрэндаваа, Ц.Лхагвасүрэн нарыг маргалдаж байх үед тэдний гэрт орж ирсэн гэрч Ж.Отгонбаярын “Тэр өдөр гэртээ байж байхад манай зээ охин гэрт орж ирээд эмээ Лхагвасүрэн эгч Цэрэндаваа ах хоёр муудалцаад байна гэхээр нь би Цэрэндаваагийнд яваад орсон чинь Цэрэндаваа, Лхагвасүрэн хоёр барилцаад зогсож байсан...“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. М.Цэрэндаваагийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Лхагвасүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 201720179 дугаартай “Иргэн Ц.Лхагвасүрэнгийн тархины доргилт, баруун хөхний дээр, баруун шууны дотор дунд хэсэгт, зүүн шууны дотор дунд хэсэгт баруун гуяны гадна дунд хэсэгт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Эхнэр, нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийллийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд М.Цэрэндаваа, Ц.Лхагвасүрэнг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. М.Цэрэндаваа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх М.Цэрэндавааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирогч Ц.Лхагвасүрэн нь М.Цэрэндавааг байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж байгаа боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Гэрч В.Бадамрагчаа, С.Сэтэвсүрэн нар Ц.Лхагвасүрэнтэй тааралдахад гар хөл нь хөхөрсөн байсан гэж мэдүүлсэн байгаа боловч тэдний мэдүүлэг М.Цэрэндаваа байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх байдлыг нотлохгүй байна. Мөн хохирогч М.Цэрэндаваа зодсоны улмаас 2013, 2017 онд 2 удаа ураг зулбасан гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал 2017 оны 02 дугаар сард ураг зулбасан гэж байгаа ч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтсэн өвчний түүх болон гэрч Ж.Цэрэнсүрэнгийн мэдүүлгээр ураг зулбаагүй харин өсөлтгүй жирэмсэн гэсэн шалтгаанаар ургийг цэвэрлэж умайн хөндийгөөс гадагшлуулсан нь тогтоогдож М.Цэрэндаваа зодсоны улмаас ураг зулбасан гэх байдал үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч шүүгдэгчээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мужаан туна овогт Мөнхбатын Цэрэндавааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч М.Цэрэндавааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Цэрэндаваад оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч М.Цэрэндаваад өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөнөөс Samsung Note-2 маркийн хөх саарал өнгөтэй гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 5/31 тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ