Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Ц.Ичинноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ичинноровд холбогдох 1723000530033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 30 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө нь 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг багтаан нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 4.800.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Ямаа майлдаг хэсэг 4-6 тоотод оршин суух хаягтай Борх овогт Цогтбаатарын Ичинноров./Регистрийн дугаар:/ИЭ87121331/

Шүүгдэгч Ц.Ичинноров нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ичинноров нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах Замын постын хажууд бусадтай хамт архи ууж байгаад Л.Лундаатай маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Лундаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед байх Завхан аймгийн төвөөс Алдархаан сумд байх гэртээ харих гээд мотоциклтойгоо мах комбинатын тэнд явж байсан чинь Халзнай, Баасанжав гуайн Улаанаа, Ичинноров гэгч нартай таарсан. Тэгээд тэд нар ах хаа хүрэх гэж байгаа юм ганц юм уух уу гэсэн тэгэхээр нь уухгүй гэж хэлсэн чинь за яахав уучихъя гэж хэлээд нэг 500 граммтай ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэрийг нь тэд нартай хамт уугаад сууж байсан чинь Халзнай би танайд очиход чи намайг хүндлээгүй гэж хэлээд байхаар нь Халзнай чи зүгээр байгаарай гэж хэлсэн тэгсэн чинь цаанаас нь Ичинноров гэгч нь бууж ирээд чи хаанахын хулгайч юм гэж хэлээд намайг бариад зүүн нүдний хажууд цохиод авсан. Тэгэхээр нь би барьж аваад зөрүүлээд цохиод тэгээд бид хоёр газар унаад дээр доороо ороод өнхөрсөн. Тэгээд өнхөрч байгаад босоод ирсэн чинь миний толгойн араас цус гоожоод байсан тэгээд яав юу болоод байна гээд салцгаасан. Цус гоожоод байна гээд хамт эмнэлэг дээр очоод боолт хийлгээд оёо тавиулаад тэндээ хоносон” гэсэн мэдүүлэг. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бямбажав/Халзнай гэх/-ын өгсөн “...Тэнд нэг шил архи хувааж уугаад байж байтал Лундаа ах ирээд бид нар жоохон юм яриад байж байтал Ц.Ичинноров машин дотор сууж байгаад гарч ирсэн. Тэгээд би Лундаа ахад та намайг гэрт нь очиход тоодоггүй юм байна лээ гэхэд чи тэгээд яах гээд байгаа юм гээд байсан. Тэгээд Ц.Ичинноров хажуугаас наадах чинь хаанахын хэн юм бэ гэтэл Лундаа чамд ямар хамаатай юм гэтэл Ц.Ичинноров энэ яасан том юм гээд бариад авсан. Тэгээд тэр хоёр нэгнийгээ нэг нэг цохиж аваад газар өнхрөөд унаад өгөхөөр нь салгахаар очоод Ичинноровыг татсан чинь Лундаа ахын толгойноос цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ганзориг/Улаанаа гэх/-ийн өгсөн “...Лундаа ах ирээд ахиад нэг шил архи ууж байтал Ичинноров, Лундаа ах хоёр маргалдаад шууд л нэгнийгээ гараараа цохилцож аваад зууралдаж газар өнхрөөд байхаар нь Халзнай бид хоёр салгатал Лундаа ахын толгойноос цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг болон 201720184 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Иргэн Л.Лундаагийн биед тархины доргилт, дагзны дээд хэсэгт шарх, зүүн дээд зовхины гадна хэсэгт өнгөц зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн хэсгээр нотлогджээ. Түүнчлэн шүүгдэгч Ц.Ичинноров хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогч болон гэрчээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа, эдгээр мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд Ц.Ичинноровын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд Ц.Ичинноровыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэх хор уршиггүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлсэн байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Ичинноровыг гэм буруутайд тооцох үндэслэл зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Ц.Ичинноровд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1,8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Борх овогт Цогтбаатарын Ичинноровыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ичинноровыг 240/хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ичинноровт оногдуулсан 240/хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4/дөрөв/-өөс дээшгүй цагаар хийлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ичинноров нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Ичинноровт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Ичинноров нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Ичинноровын эд хөрөнгө болох 450000 төгрөгний үнэлгээ бүхий 32 инчийн LCD телевизорын битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ