Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Ц.******* Хохирогч Ч.******* Гэрч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 1723000730045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Мандар овгийн *******ийн ******* РД:/*******/ Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны үдэш 22 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах авто зогсоол дээр болон Цагдаагийн газрын хайсны гадаа хохирогч Ч.Гантулгыг согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэллээ гэх шалтгаанаар толгой, нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь гэмтэл учруулсан болох нь хохирогч Ч.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед арлын таксины зогсоол дээр зогсож байсан чинь нэг хүн миний арын суудал дээр суугаад таксинд явж байгаа юм уу гэж асуусан. Тэгээд би согтуу байхаар нь яадаг юм билээ гээд бодож байснаа явахгүй гэж хэлсэн чинь шууд миний толгойн ар хэсэгт цохисон. Тэгээд тэр машинаас буугаад намайг чирч буулгаад зогсоол дээр зодож эхэлсэн. Тэр үед миний утас цэнэггүй болсон байсан. 83-15 ЗАА гэсэн таксины жолоочоос утас аваад цагдаа дуудна гэсэн чинь тэр хүн буцаад миний машинд суугаад хоёулаа цагдаа дээр очно гэхээр нь би машиндаа суугаад цагдаагийн үүдэн дээр ирсэн. Тэгээд нөгөө хүн цагдаа руу орохгүй гэхээр нь үүдэнд камер байна гэж хэлсэн чинь камерт чинь харуулж зодно гээд намайг зодоод байсан. Тэгээд утас нь дугарахаар нь би дотогшоо орж цагдаад мэдэгдсэн. Эхлээд таксины зогсоол дээр миний толгой руу 5 орчим удаа цохисон. Цагдаагийн үүдэн дээр 4-5 удаа толгойн тус газарт цохисон. Тэгээд газарт унасны дараа намайг өшиглөсөн. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Таксинд явж чадаагүй 5 хоногийн орлого 100000 төгрөг, цаашид эмнэлгээр үзүүлэх зардал зэрэгт нийт 500000 гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг нотолж мэдүүлсэн гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед тэнд 3 такси зогсож байсан юм. Нэг таксины жолооч нь миний машинд орж ирээд суучихсан байсан. Гэтэл энэ ******* гэдэг хүн урдаас утсаар яриад ирж явсан. Тэгээд миний машины дэргэд ирээд таксинд явах уу гэхээр нь би харсан чинь согтуу байхаар нь орой болчихсон байхад согтуу хүнтэй явахаас татгалзаад явахгүй гэж хэлсэн. Тэгсэн цааш яваад Гантулгын машин дээр очоод арын хаалгаар нь орж сууж харагдсан. Тэгээд нэг хартал хоёулаа машинаас гараад ирсэн зогсож байснаа Гантулгыг цохиод авах шиг харагдсан. Тэгэхээр нь би согтуу хүн зодоон хийгээд байна уу даа бууж очдог юм билүү гэж бодож байтал ******* миний машин дээр ирээд утсаа өгөөч миний утас цэнэггүй болчихлоо цагдаа дуудах гэсэн юм гэхэд нь харахад нүүр рүү нь цус урсаж байсан. Тэгтэл энэ ******* гэдэг хүн араас нь ирээд цагдаа чинь энүүхэнд байхад дуудаж яадаг юм бэ тэр цагдаа дээр чинь очъё гээд ирсэн. Тэгээд энэ хоёр машиндаа суугаад цагдаа руу явсан. Миний мэдэх зүйл энэ л байна.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Гантулгын бие махбодид хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 201720203 дугаартай дүгнэлтийн “...Иргэн Ч.Гантулгын биед тархины доргилт, зүүн дээд зовхины гадна хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх, духны дунд хэсэгт, зүүн хацрын төвгөрт хавдар зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд хүзүүний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн хэсгээр нотлогджээ. Хохирогч болон гэрчээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа, эдгээр мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Ч.******* нь таксины 5 өдрийн орлогоо олж чадаагүй гэх үндэслэлээр 100.000 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд шүүх хуралдааны үед цаашид хийлгэх шинжилгээ, эмчилгээний зардлаа нэмж нийт 500000/таван зуун мянган/ төгрөг нэхэмжилжээ. Хохирогч нь нэхэмжлэлдээ холбогдох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй байна. Хэргийн нөхцөл байдлаар хохирогч Ч.******* хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг болох нь тогтоогдож байна. Гэвч тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргээ биелүүлдэггүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар хувиараа ажил үйлчилгээ үзүүлж олсон орлого/таксины орлого/-оосоо мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу татвараа төсөвт төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулдаггүй бөгөөд татвар төлдөггүй, татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэргүй гэдгээ ч мэдүүлж байна. Ийнхүү түүний 5 хоногийн орлогодоо нэхэмжилж буй 100000 төгрөгний нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн эрүүл мэндэд учирсан гэмтэлдээ цаашид шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд гарах зардал гэх 400000 төгрөгийн нэхэмжлэлд ямар нэгэн нотлох баримтгүй байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж гарсан зардлаа хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотлон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэл, хохирогчийн нэхэмжлэл зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Ц.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1,8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Мандар овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.******* торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Ч.Гантулгын нэхэмжлэлээс 100000/нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 400000/дөрвөн зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотлон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.*******ын эд хөрөнгө болох 250000 төгрөгний үнэлгээ бүхий Sharp маркийн телевизорыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/44 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ