Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Ё.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Оюунтөгсөд холбогдох 1723000810051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Өргөө зоогийн газарт ахлах тогооч ажилтай, ам бүл-2, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сум, Товцог багийн Залуучууд хэсгийн 1-12 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овoгт Ёндонгийн Оюунтөгс /Регистрийн дугаар: /ИЭ87072669/ Ё.Оюунтөгс нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Боржигон овогт Ёндонгийн Оюунтөгс нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өргөө зоогийн газарт “мөнгө нэхэж, хүний нэр хүнд гутаалаа” гэсэн шалтгаанаар Ц.Эрдэнэтулгатай маргалдаж түүний бэлэг эрхтэн рүү өвдгөөрөө цохисон /өвдөглөсөн/ хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Ц.Эрдэнэтулгын “...Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Наран кафед ...Оюунтөгс хаалгаар гарах гээд явж байхаар нь Төгсөө гээд дуудтал хүрээд ирэхээр “Чи намайг өмнө Өргөөд сууж байхад Балт ахаас мөнгө зээлж авах гэхэд булаагаад авсан биз дээ гэхэд миний нэр хүндэд халдлаа гээд намайг 1 удаа алгадсан. Тэгээд Өргөө рүү орж учраа олъё гээд Оюунтөгс бид хоёр Өргөө кафе руу орсон. Тэгээд Өргөөд оронгуутаа зөөгчид хандан энэ намайг мөнгө булаасан гэж байна гээд Оюунтөгс орилоод намайг дахин нэг удаа алгадаж нүүр самардсан тэгхээр нь би болиоч гээд түлхтэл өвдгөөрөө миний төмсөг рүү өвдөглөсөн...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.Бүдсүрэнгийн “...Би тэр өдөр ажил дээрээ байсан юм, тэгээд орой 20 цагийн орчимд байхаа цагийг нь сайн санахгүй байна, нийтийн зааланд байж байгаад караокены өрөө рүү орох гээд явж байсан чинь коридорт манай тогооч Оюунтөгс нэг залуутай барьцалдаад зогсож байсан, би тэр хоёрын хажуугаар нь гараад явсан. ...Тэр хоёр манай кафед хамт суугаагүй. Тэр хоёр гаднаас орж ирсэн байх” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Ё.Оюунтөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тэр орой 20 цагийн орчимд ... Наран караокед .... Эрдэнэтулга гэгч миний нэрээр дуудаад байхаар нь би явж очоод тэр залуутай уулзсан чинь тэр залуу надад хандаад чи дээр манай ахын 40.000 төгрөгийг аваад зугтаасан энэ тэр гээд сонин юм яриад байхаар нь чи юун сонин юм яриад байгаан гэж хэлээд 2-лаа өөр газар орж уулзъя гээд тэр залууг дагуулаад Өргөө кафед ороод коридорт нь зогсож байгаад чи юу яриад байгаан, би чамайг танихгүй юм байна, чи хүн андуураад байгаан биш үү гэж асуухад, Эрдэнэтулга чи дээр манай ах Балтаас 40.000 төгрөг аваад зугтаасан байсан гэхээр нь би, тэр Балтаас чинь мөнгө аваагүй гэж хэлээд бид хоёр маргалдсан, тэгсэн чинь тэр залуу миний 2 мөрнөөс бариад тавихгүй байхаар нь би тэр залууг өвдөглөсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ё.Оюунтөгсийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Эрдэнэтулгын биед гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 201720209 дугаартай “Иргэн Ц.Эрдэнэтулгын биед баруун төмсөгний няцрал, зүүн хацрын төвгөрт, хүзүүний баруун болон урд хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Гэрч, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно. Шүүгдэгч Ё.Оюунтөгсийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Ц.Эрдэнэтулгад шүүгдэгч хохирол 312500 төгрөг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ё.Оюунтөгсөд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ёндонгийн Оюунтөгсийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Оюунтөгсийг 455/дөрвөн зуун тавин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Оюунтөгсөд оногдуулсан 455/дөрвөн зуун тавин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Ё.Оюунтөгс торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч Ё.Оюунтөгсөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Ё.Оюунтөгс нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид 312500 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгчийн SAMSUNG GALAXY tab маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/45 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ