Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 40

 

Д.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0416/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Г.Яндаг

Шүүгдэгч                                       Д.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой, Д-ын Э-т холбогдох, 17180004490439 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь  2013 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Д-ын Э-.

- Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  зүйл ажиллагаа явуулдаг  “Нүүдэлчин” зочид буудлын 304 тоот өрөөнд орж  тэнд унтаж байсан М.Э-ын “Самсунг Эс-7” загварын гар утас, бэлэн 120.000 төгрөгийг тус тус авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн  гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор,

- Шүүгдэгч Б- овогт Д-ын Э-ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар Д.Э-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Д.Э-т оногдуулсан 2 жил  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.д зааснаар Д.Э-ийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э- өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э- давж заалдах гомдолдоо:

...Миний эх Г-гийн биеийн тааруу бөгөөд /нойр булчирхайн хүнд үрэвсэлтэй/ гэсэн оноштой. Миний амьдралын амьдралын байдал хүнд нөхцөлд байдаг ба өөрийн гэсэн гэр оронгүй, нэн ядуу, аав маань тусдаа амьдардаг. Миний бие гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э- тайлбартаа:

Би хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдын эд зүйлийг аваагүй., хохирогч  Э- бид хоёр тохирч унтсан.,  тэр надад мөнгө, утсаа өгсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Шүүгдэгч давж заалдах гомдлоо  яагаад өөрчилснийг би мэдэхгүй надад хэлэх зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:

Шүүгдэгч Д.Э-ийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон., шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох  саналтай байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д-ын Э-т  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:

Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг  “Нүүдэлчин” зочид буудлын 304 тоот өрөөнд орж  тэнд согтуу, унтаж байсан  М.Э-ын “Самсунг Эс-7” загварын гар утас, бэлэн 120.000 төгрөгийг  авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн  гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдаж,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шийтгэх тогтоолын үндэслэл болсон  нотлох баримт болох хохирогч М.Э-, гэрч Э.У-, Э.Э-, Л.А-, Г.Г-, Ц.Г- нарын мэдүүлэг, “Нүүдэлчин” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /х.хийн 14 хуудас/ хохирогч М.Э-ын 99216411 дугаарын утаснаас  2017 оны 12 сарын 09-ний өдөр  хамтран амьдрагч Ц.О-гийн 96096411 дугаарын утас руу ярьсан ярианы бичлэг, болон тухайн үед болсон үйл баримт, цаг хугацаагаар нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ  талаарх  шүүхийн дүгнэлт хуулийн  үндэслэлтэй., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Д.Э- нь ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул  ялаас хасч өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ...би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчтой тохирч  бэлгийн харьцаанд орсон учраас надад мөнгө болон  утсыг  өгсөн ., гэсэн  тайлбар гаргасан  нь хэрэгт авагдсан  дээрх нотлох баримт болон   тухайн үед болсон үйл баримтаар  үгүйсгэгдэж байгаагаас гадна түүний энэ тайлбар нь шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас хасах  тухайлбал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.  

Мөн  хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж,  шүүх  хэргийг   прокуророос шүүхэд шилжүүлсэн  хэргийн  хэмжээний дотор хэлэлцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д-ын Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                   Ц.ТУЯА