Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 158/2014/0000/з |
Дугаар | 221/МА2014/0047 |
Огноо | 2014-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0047
2014 оны 01 сарын 23 өдөр Дугаар 47 Улаанбаатар хот
Б.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.А нарыг оролцуулан хийж, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, “Т” ХХК-д олгосон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Булган аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.А-ийн эзэмшиж буй 0038253 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 дүгээр нэгж талбарын үл хөдлөх хөрөнгө бүхий 750 мкв газрын эзэмших эрхийг хэвээр үлдээж, өнөөг хүртэл ашиглагдаагүй байгаа 5 дугаар нэгж талбарын 0129842 дугаарын эрхийн гэрчилгээ бүхий 750 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг хэвээр үлдээх нь хууль тогтоомжид нийцнэ гэжээ.
Гуравдагч этгээд Булган аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн тайлбартаа: Биднийг барилга барихад тухайн газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хашаагүй эрүүл газрыг хүлээн авч барилгын ажил эхлүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.3, 47 дугаар зүйлийн 47.1, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдолдоо: Булган сумын Засаг дарга нь анх 2009 оны 6 дугаар сарын 30 өдөр дугаар 99 тоот захирамжаар Б.А миний эзэмшлийн 2 дугаар баг "Б" хэсгийн урд тал, нийтийн эзэмшлийн 15 дугаар байрны баруун талд байршилтай 4-5 дугаар бүхий нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсан юм.
Иймд миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, аймгийн захиргааны хэргийн шүүхээр 2009 оны 12 дугаар сарын 18 өдөр шийдвэрлэгдэж дугаар 30 тоот “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүхийн шийдвэр гарсан.
Хэрэг маргаан шүүхийн шатанд явж хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж байх явцад Булган сумын Засаг дарга 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бас дахин 2009 оны 99 дүгээр захирамжаар газрыг хураан авсан боловч тухайн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар авсан байна. Иймд гэрчилгээг шалгаж хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаснаар дахин маргаан үүссэн.
Булган сумын Засаг даргын нэхэмжлэлээр үүссэн маргаан нь шүүхээр 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэгдэж дугаар 01 тоот Б.А миний Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан.
Иймд миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд гомдол гаргасан байхад бас дахин аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 26 өдрийн дугаар 18 тоот захирамж гарсан.
Мөн дээрх захирамжийн утга нь Засаг даргын 2009 оны 99 тоот захирамжийн нэгэн адил утга агуулгын алдаатай захирамж байсан. Иймд дээрх захирамжийг миний бие хүлээн авахдаа газрын даамал н.М-д "... Маргааныг зөвхөн шүүх л эцэслэн шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа давж заалдах шатны шүүх хурал хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа болсон” гэдгээ тайлбарлаж хэлсэн.
Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 24 өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн Булган сумын Засаг дарга Ж.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.А, А.Н, А.М нарыг тогтоосон Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 2010 оны 03 дугаар сарын 09 өдрийн дугаар 114 тоот магадлалыг шүүхийн эцсийн шийдвэр” гэж тайлбарлаж байсан болно.
Миний нэхэмжлэлийн гол маргаан нь газрын байршлын маргаан байсан юм. Булган аймгийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 02 өдрийн А/239 тоот захирамжид “Булган сумын 2-р баг Магсаржав гудамжны хойд талд нийтийн эзэмшлийн 15 дугаар байрны баруун талд байршилтай 3-р нэгж талбар бүхий 600 мкв газрыг орон сууц барих зориулалтаар аймгийн Онцгой байдлын газарт эзэмшүүлж, газрын хэмжээг маш тодорхой заасан байхад Булган сумын газрын даамал нь газрын байршил, нэгж талбарыг Онцгой байдлын газарт зааж өгөхдөө 2004 оны газрын дуудлага худалдаанд дугаарлан эрэмбэлж байсан нийтийн эзэмшлийн 15 дугаар байрнаас дугаарлахгүйгээр эсрэг тал буюу баруун талаас дугаарлан өгснөөс маргаан үүссэн.
Харин миний эзэмшлийн 5 дугаар бүхий нэгж талбар газрын хэмжээ нь 750мкв Онцгой байдлын газрын газрын хэмжээ 600 мкв байгаагаас харахад газрын хэмжээ нь хүртэл зөрүүтэй байдаг. Мөн барилга байгууламж барихад бүрдүүлдэг техникийн нөхцөл авсан Онцгой байдлын газрын барилга барих газрын байршлын зураг дээрх төлөвлөж буй Онцгой байдлын газрын орон сууцны барилга гэж 3 дугаар бүхий нэгж талбарыг зургаар тов тодорхой үзүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад түүнийг шүүх үнэн зөв үнэлж дүгнээгүй.
Онцгой байдлын газарт барилга барих газрын байршлын нэгж талбарыг зааж өгөхдөө газрыг эсрэг буюу баруун талаас нь дугаарлан өгсөн хууль бус үйлдлийг нотолж тогтоох мөн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6-р хавсралтад заагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам"-ын дагуу Булган сумаас 2004 онд зохион байгуулан явуулж байсан газартай холбоотой нотлох баримт, материалыг хэрэгт авахаар шүүхэд хүсэлт гаргасан авч холбогдох нотлох баримт материалыг гаргуулж авах тодорхой үйл ажиллагаа явуулаагүй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар зөвхөн 5 дугаар бүхий нэгж талбарын газар дээр маргаад байгаа харин 4 дугаар бүхий нэгж талбарын газар дээр аль аль нь огтхон ч маргаагүй хэн хэнийхээ эрх ашгийг хөндөөгүй. Харин хариуцагч аймгийн Засаг дарга Д.Э захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа... үл хөдлөх эд хөрөнгө бүхий 750 мкв газрыг хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хянан шийдвэрлэхгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж өмчлөх эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаад байна.
Иймд шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулж авалгүйгээр хэргийг шийдвэрлэж миний газар эзэмших, өмчлөх эрхэнд ноцтойгоор халдаж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Б.А нь Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2005 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжаар 750 мкв газрыг дуудлага худалдаагаар, мөн сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр Д.Г-аас 750 мкв газар шилжүүлэн авч, эзэмшиж байсан бөгөөд эдгээр газрууд нь тус тусдаа газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай, хил залгаа газар байжээ.
Аймгийн Засаг даргын 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар захирамжаар дээрх газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг “эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч энэ захирамжийг эс зөвшөөрч, маргаж байна.
Нэхэмжлэгч Б.А нь дуудлага худалдаагаар худалдан авсан газартаа барилга барихаар 234 мкв талбайд барилгын суурь цутгаж, дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 114 дүгээр магадлалаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 050400191 дугаар бүхий нэгж талбар газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, үл хөдлөх хөрөнгө барьж байгаа болох нь тогтоогдож байх тул энэ газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.
Түүнчлэн хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа “Б.А-ийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг нэхэмжлэгчид хэвээр үлдээх боломжтой” гэж байжээ.
Харин Д.Г-аас шилжүүлэн авсан, 050400222 дугаар нэгж талбар бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, газрын хил хязгаарыг тогтоож, тэмдэглээгүй, хашаа бариагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогджээ.
Нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрээр намайг газар эзэмших эрхтэй болохыг нэгэнт тогтоосон” гэж маргаж байгаа боловч дараах байдлаар энэхүү тайлбар няцаагдаж байна.
Сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр захирамжаар “газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байжээ. Нэхэмжлэгч энэхүү захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн газраа үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болсон ба харин энэхүү хугацаанаас хойш буюу 2010 оноос хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүчингүйд тооцох нөхцөлийг хангасан буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй байна.
Нэхэмжлэгч газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаа хөрөнгө мөнгөгүй байсантай холбож тайлбарлаж байгаа боловч энэ нь хүндэтгэх шалтгаан биш, мөн “үйл ажиллагаа явуулах гэхээр эрх бүхий байгууллага зөвшөөрлөө өгөхгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч энэ асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар захирамжийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн болох нь захиргааны байгууллагын өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Гэтэл нэхэмжлэгч энэ захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, маргаж байгаагүй байна.
Нэхэмжлэгчийн “шүүхээр газрын асуудал хэлэлцэгдэж дуусаагүй байхад 2010 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэх тайлбарын тухайд: Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 114 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.А-ийн эзэмшил газрын асуудал, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаагүй, харин дуусаагүй барилгын улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс “энэ хоёр газар нь хоёулаа миний эзэмшлийн нэг газар учраас шилжүүлэн авсан газартаа заавал үйл ажиллагаа явуулахыг шаардахгүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн эзэмшил газрууд нь тусдаа эрхийн гэрчилгээтэй, тусдаа нэгж талбарын дугаартай тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт зааснаар газар тус бүрийг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглах нь нэхэмжлэгчийн үүрэг болно.
Иймээс бусдаас шилжүүлэн авсан газрын тухайд Б.А нь уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй, газар төрийн хяналт, хамгаалалтад байх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах зарчимд нийцсэн байгааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн “газрын байршлын хувьд Онцгой байдалд олгосон газар нь нэгж талбарын 3 гэсэн дугаартай, миний газар бол 5 гэсэн дугаартай тул миний газар дээр газар олгоогүй, өөр этгээдийн газарт гуравдагч этгээдэд газар олгосон” гэх гомдлын тухайд:
Б.А-ийн бусдаас шилжүүлэн авсан газрыг хүчингүй болгосны дараа Аймгийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 2-ний өдрийн А/239 дүгээр захирамжаар уг газрыг Онцгой байдлын газарт эзэмшүүлсэн байх ба захирамжид газрын байршлыг “15 дугаар байрны баруун талд байршилтай, 3 дугаар нэгж талбар” гэж заажээ.
Анх 15 дугаар байрны зүүн талд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 7 хэсэг газрыг дуудлага худалдаагаар худалдсан байх бөгөөд энэ үед дуудлага худалдаанд зориулан газрыг 1-7 хүртэл хүртэл дугаарлаж байсан байна. Энэхүү 3 гэсэн дугаарлалт бол Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 13 дугаар зүйлийн 13.2.4-д заасан газрын нэгж талбарын дугаар биш болно. Өөрөөр хэлбэл зөвхөн энэхүү 3 гэсэн дугаарыг үндэслэн гуравдагч этгээдийн газрын байршлыг тодорхойлохгүй, харин бусад нотлох баримт болох Онцгой байдалд олгосон газрын байршлын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын гэрээ зэргийг харьцуулан судалж үзэхэд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн бусдаас шилжүүлэн авсан газрын байршилтай тохирч байна.
Тодруулбал нэхэмжлэгчийн бусдаас шилжүүлэн авч байсан газар нь түүний дуудлага худалдаагаар авсан газар болон иргэн А.Б нарын газрын дунд байрлалтай байсан болох нь Д.Г-аас нэхэмжлэгчид газар шилжүүлсэн захирамжид газрыг байршлыг “Б.А, А.Б нарын дунд байрлалтай газар” гэж тусгаснаас тодорхой харагдаж байна. Иймээс дээрх гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24 тоот 12 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Учир нь нэхэмжлэгч өөрийн эзэмшил газрыг хуульд заасан хугацаанд, гэрээнд заасан үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй тул төрөөс эзэмшүүлсэн газраа буцаан авч, газрыг үндсэн зориулалтаар нь үр ашигтай ашиглуулах зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Онцгой байдлын газрын ажилчдын орон сууц барих зориулалтаар газрыг олгож, барилга барих зөвшөөрөл олгосон байдал нь нийтийн эрх ашигт нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй болно.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь
хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй