Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 126/ШШ2021/0002

 

 

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

           бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн хавсралтын 12 дахь заалт буюу иргэн М.Галданд Мөрөн сумын 7-31-30 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжоор хангаж өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий Боржигон Дамбийгийн Ганцоож /РЮ79050171/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2017 онд Мөрөн сумын 7-31-30 тоотод худалдаа үйлчилгээний  зориулалттай 802 м2 газрыг Бат-Өлзий гэх хүнээс худалдаж авсан юм. ... Уг газар нь 7-31-30 тоот гудамжны баруун үзүүр бөгөөд баруун талдаа “Шинэ мөрөн” худалдааны төв рүү уруудсан авто замтай тул манайх дэлгүүрийнхээ хаалгыг баруун тийш нь гаргаж, бараа ачих, буулгах зориулалттай, машины зогсоол болгохоор төлөвлөсөн юм. 2017 онд манайх ажлаа эхлэхээр гаднах автомашины зогсоолын талбайг цутгаж байтал аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Идэрээ “танай газар худалдаа үйлчилгээний зориулалттай, үзүүрийн хашаа юм чинь хажууд чинь хүнд газар өгнө гэж санаа зоволтгүй, эхлээд өөрийнхөө обьектийг барьсны дараа гаднах талбай, зогсоолоо цутгаарай” гэж хэлсэн тул бид ч тийм учиртай юм байх гэж бодоод цутгахаа зогсоосон. Ингээд гэрээ гэрчилгээгээ залруулж авсны дараа манай хойд талын айлын хүн “танай баруун үзүүрт хүнд газар олгосон юм шиг байна, хүмүүс ирж тэмдэг тавиад явлаа гэж хэлсэн. ... Бид гудамжны үзүүрийн газрыг авсан гол шлтгаан нь худалдаа үйлчилгээ явуулах, бөөний дэлгүүр ажиллуулах зорилготой байсан гэдгийг анхнаас нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрынхан мэдэж байгаа. Худалдаа үйлчилгээний зориулалттай газар нь Монгол Улсын стандартын жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, MNS 5021-1:2019 гэсэн стандартын ерөнхий  шаардлагын 5.1.6 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангахаар төлөвлөгдсөн, тэргэнцэрийн зориулалтын зам, тохижилттой байна, 5.1.10 нийт талбайн 30 хувиас доошгүй талбайд ногоон байгууламж, автомашины зогсоолыг төлөвлөсөн байна, 5.1.12-т бараа хүлээн авах, буулгах тавцан, тэмдэглэгээ бүхий цардсан зам талбайтай байна” гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой юм. ... Уг газрыг анхнаасаа худалдаа үйлчилгээний зориулалтаар манайд эзэмшүүлсэн бөгөөд хэрвээ баруун үзүүрт айл буух юм бол бид газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, улмаар худалдаа үйлчилгээ /дэлгүүр/-ийн стандартын шаардлага хангахгүй болж байна. Тиймээс худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхээ эдлэхэд саад болж үйлчилгээний газрын үүдний машины зогсоол буюу ачаа ачих буулгах хэсэгт бусдад газар эзэмшүүлсэн “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн хавсралтын 12 дахь заалт буюу иргэн М.Галданд Мөрөн сумын 7-31-30 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газар эзэмшүүлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжоор хангаж өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

 Нэхэмжлэгч Д.Ганцоож шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дамбийн Ганцоож би тус шүүхэд Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан Худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхээ эдлэхэд саад болж үйлчилгээний газрын үүдний машины зогсоол буюу ачаа ачих буулгах хэсэгт бусдад газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн хавсралтын 12 дахь заалт буюу иргэн М.Галданд Мөрөн сумын 7-31-30 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгож, эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжоор хангаж өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч Засаг дарга, гуравдагч этгээд М.Галдан болон Газрын холбогдох байгууллагатай харилцан ойлголцож, тохиролцоонд хүрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаар үүсэн гарах эрх зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганцоожийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн хавсралтын 12 дахь заалт буюу иргэн М.Галданд Мөрөн сумын 7-31-30 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжоор хангаж өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Ганцоож шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганцоожийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн хавсралтын 12 дахь заалт буюу иргэн М.Галданд Мөрөн сумын 7-31-30 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжоор хангаж өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

    ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ