Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох 1723000650038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******ийн *******, Регистрийн дугаар: ******* Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн В.*******ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Бор-Өндөр багийн нутагт иргэн В.*******тай хувийн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөсөн хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч В.*******ын “... орой 22 цагийн орчим *******, бид 3 архи хувааж уусан. Тэгээд ******* надад “...чи гийн найз гэсэн, тэр найздаа хэлээрэй, би адууг нь хулгайлаагүй, тарааж хөөгөөгүй.” гэж хэлсэн. Би урдаас нь “тэр чинь надад хамаагүй, та хоёрын асуудал” гэж хэлсэн. Тэгээд үг зөрж бид 2 муудалцсан. Бид 2 барьцалдаж аваад хамт газар унасан. Босоод ирэхэд ******* намайг хөлөөрөө хавирч унагаасан... Миний баруун хөлийн гадна талаас ******* зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Үүнээс болж хөл хугарсан. ...эмчилгээнд 3 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.ийн “...тэр хоёр босож ирж барьцалдахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн ******* *******ын хөл рүү нь хөлөөрөө хавирч газар унагасан. Тэгсэн ******* хөл болохоо байлаа гээд босож ирээгүй...” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч О.*******н үйлдлийн улмаас хохирогч В.*******ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13011 дугаартай “В.*******ын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, шагай орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Гэрч, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгов. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэллээ. О.*******н бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч В.******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардалд нийт 3000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй учир дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Хэрэгт хохирогчийн эм тариа худалдан авсан болон Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгт эмчлүүлсний нийт 114694 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 100000 төгрөг, 2016, 2017 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 103680 төгрөг нийт 318374 төгрөгний зардал гаргасан нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. Хэргийн 35-р хуудсанд хохирогч В.*******ын 2016, 2017 онуудын эрүүл мэндийн нийгмийн даатгал шимтгэлд 103680 төгрөг төлсөн баримт авагдсан байгаа боловч хохирогч Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээгээ үнэн зөв мэдүүлэх, мөн зүйлийн 7.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээх, Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар уг байгууллагатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Ийнхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж байгаа шимтгэлийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эмчилгээтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэсгүй. Мөн хохирогчийн хэрэгт хавсаргасан баримтуудаас 348054 төгрөгийн эм тариа авсан гэх нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтын баримтаар гарсан зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, уг зардлыг хохирогч В.******* зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул уг баримтыг нотлох баримтаас хасч тооцох үндэстэй байна. Шүүгдэгчээс нотлох баримтаар тогтоогдсон 214694 төгрөгийн зардлыг гаргуулах үндэстэй бөгөөд шүүгдэгч хохирогчид нийт 500000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул О.*******г нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ. Харин хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Түүнчлэн шүүгдэгч О.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч В.*******т цаашид гарах эмчилгээний зардалд 2000000 төгрөгний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй. Шүүх О.*******д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлоо төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч түүнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4.5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Хохирогч В.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч О.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ       Н.ДЭЛГЭРМАА