| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/00399/И |
| Дугаар | 564 |
| Огноо | 2018-02-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 1-7 тоотод оршин суух, Боржигон овогт О А /РД: УП/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, 1а байрны 13 тоотод оршин суух, Урианхан овогт С-ийн А /РД: ЧГ/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А , хариуцагч С.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд С.А тай танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү А.А мэндэлсэн. Хамтран амьдрах хугацаанд тус тусын таарамжгүй зан ааш харилцаанаас үүдэн тусдаа амьдрах болсон. 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд одоог хүртэл хүү А.А т хариуцлага халамж тавихгүй байна. Тиймээс хүү А.А т хууль журмын дагуу тэтгэмж гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.А нь хариуцагч С.А д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.А , хариуцагч С.А нар нь 2013 онд танилцаж, тэдний дундаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү А.А төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн … дугаартай төрсний гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна хүүхэд А.А ын төрсөн эцэг хариуцагч С.А мөн эсэхэд талууд маргаагүй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эцгийн нэрээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхаас гадна талууд цаашид хамтран амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийн насны онцлог, өсөж торнисон орчин зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч С.А гаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр хүү А.А ыг эх О.А ын асрамжинд үлдээж, эцэг С.А гаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Урианхан овогт Алтайн А.А /РД: УШ15280739/-ыг эх О.А ын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Урианхан овогт А.А /РД: УШ/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг С.А гаас гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 31 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38 967 төгрөгийг улсын орлогоос, 31 233 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН