| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2017/0085/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Ш.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******т холбогдох 1723000750047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* РД:/*******/ Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* багийн ******* гэх газрын ойгоос 3 ширхэг ургаа нойтон модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унаган түлээний зориулалтаар бэлтгэсэн болох нь хяналт шалгалтын явцад илэрчээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заасан. Мөн “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 4.8-д түлшний зориулалтаар ургаа нойтон мод ашиглахыг хоригложээ. Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан. Шүүгдэгч Ш.******* нь хууль, болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, түлээний зориулалтаар ургаа нойтон мод бэлтгэсэн бөгөөд түүний энэ гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хяналт шалгалт хийсэн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тэмдэглэл, 110-130см урттай хөрөөдөж бэлтгэсэн модны гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Т.*******, Н.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогджээ. Шүүгдэгчийн бэлтгэсэн ургаа нойтон мод нь 2.37 м3 хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 437976 төгрөгийн хохирол учирсан болох нь сум дундын ойн ангийн мэргэжилтний шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд Ш.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч ойн санд учруулсан 437976 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ш.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. Иймд шүүгдэгч Ш.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, уг хор уршгийг нөхөн төлсөн байдал болон хувийн байдлыг нь харгалзан ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Ш.*******ын хууль бусаар бэлтгэн 110-130см урттайгаар хөрөөдсөн 2.37 м3 хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө/цахилгаан гэх/-г тус тус албадан гаргуулах нь зүйтэй бөгөөд хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн учир дээрх зүйлсийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9, 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, түүнд 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Ш.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ш.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 110-130см урттайгаар хөрөөдсөн 2.37 м3 хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө/цахилгаан гэх/-г тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Ш.******* тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ш.*******ын эд хөрөнгө болох 4 тооны эр хонийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/46 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/28 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 110-130см урттайгаар хөрөөдсөн 2.37 м3 хэмжээтэй шинэс модны битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ