| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0083/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******ад холбогдох 1723001020056 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, аавтайгаа хамт Завхан аймгийн Шилүүстэй сум ******* багт оршин суудаг, улсаас явсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар: *******
Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн С.*******ын 3 тооны үхэр хулгайлж 1050000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Шилүүстэй сумын багийн нутаг Бүлээний эхэн худаг гэх газраас иргэн С.*******ын 3 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч С.*******ын энэ талаараа мэдүүлсэн “... 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Шилүүстэй сумын багийн нутаг “Бүлээний эхэн худаг” гэдэг газар бэлчээр дээрээсээ алга болсон. Тэгээд 2 хоногийн дараа нэг үхэр нь эвэр нь хугарчихсан буцаж ирсэн. Тэгээд үлдсэн 2 үхрийг нь өөрөө сая ачиж авчирч өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. 2 бярууг минь авчираад өгчихсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.ын “... 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр хагас бүтэн сайн өдөр адуундаа өглөө эрт сундлаан дөрөлжөөр явахад цагаан вонго маркийн машин шаварт суусан байдалтай байсан. Тэр өдрийн үдээс хойш 5-7 цагийн хооронд хөөврийн замаар уруудаж явж байхад хавтгайгаар нь хүлээд аччихсан 2 үхэр аравчиндаа нэгийг нь оосорлоод явж байж харагдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Дээрх үйлдлийн улмаас хохирогч С.*******т 1050000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Шилүүстэй сумын үнэлгээний комиссын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.******* хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын 3 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч С.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх Ц.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ц.*******ад холбогдох 1723001020056 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэх шаардлагагүй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2,1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ад оногдуулсан 300/ гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ц.*******ад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА