| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0084/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Хохирогч Т.******* Шүүгдэгч Т.******* Хохирогчийн төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох 1723000840046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн 22 настай эрэгтэй халх бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан сургуулийн оюутан, ам бүл 4 эцэг эхийн дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн ******* тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай овогт *******ийн ******* /*******/
Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2017 оны 11 дүгээр дугаар сарын 10-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ******* тоотод байрлах “” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, дэлгүүрийн хаалганы цоожийг эвдлэн орж “Кастер” гэсэн нэртэй 1 ширхэг хайрцаг тамхи, “Esse” гэсэн нэртэй 3 ширхэг хайрцаг тамхи, “Даблис” гэсэн нэртэй 2 ширхэг хайрцаг тамхи, “Mildseven” гэсэн нэртэй 1 ширхэг хайрцаг тамхи, “Chupa chups” гэсэн гэсэн нэртэй иштэй чихэр 10 ширхэг,1.25 мл-ийн “кока кола” гэсэн нэртэй ундаа 2 ширхэг, “чацаргана” гэсэн нэртэй жижиг савтай ундаа 4 ширхэг, “maxfun” гэсэн нэртэй шоклад 1 ширхэг, бэлэн мөнгө 100000 төгрөг хулгайлсан болох нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Т.*******ын “2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед Алдархаан сумын Баянбулаг гэх газар луу очиж хүүхдийн үсний найранд суугаад тэндээ хоночихоод 2017 оны 11 дүгээр сарын 10- ны орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэрийн хаалгаа онгойлгоод гэртээ орсон чинь гэр дотроос дэлгүүр рүү ордог хаалга онгорхой, цоож нь эвдэрчихсэн байхаар нь хулгай орсон байна гэж бодоод дэлгүүрийн амардаг өрөө рүүгээ ороход цонх нь хагарсан байсан тэгэхээр нь би мөнгө хийдэг хайрцагаа онгойлгоод түрүүвч, паскаа уудалж дотор нь байсан бэлэн мөнгө алга болсон... миний хаалганы түгжээг янзалж, өгсөн цонх шиллэж өгсөн үнэлгээнд заагдсан мөнгийг гаргаж өгсөн гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Т.*******ын “ манай ах 14 цагийн үед гэртээ ирээд орой 18 цаг болж байхад модоо хагалчихаад найзуудтайгаа уулзааад ирнэ гээд гараад 20 цагийн үед байх эргэж орж ирэхдээ халамцуу байсан тэгэхээр нь би архи уусан юм уу гэсэн чинь .... найзуудтайгаа пиво уусан гэж байсан. Тэгээд найз охинтойгоо уулзана гэж гараад удаагүй байсан чинь цагдаа хаалга нүдээд орж ирээд танай хажуу талын айлын дэлгүүрт хулгай орсон байна. гэж хэлээд ах руугаа яриад дууд гэхээр нь залгасан чинь ах 12 цаг өнгөрч байхад ах над руу буцаагаад залгаад удаагүй ах орж ирээд араас нь цагдаа орж ирээд аваад явсан ” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.*******гийн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед байх төвөөс гэртээ ирээд мөнгө хэрэг болоод байхаар нь хажуу айлын ******* эгчтэй уулзаж мөнгө зээлэх гээд хашааны үүдэн дээр нь очсон чинь цоожтой байсан. Тэгэхээр нь өөрийнхөө хашааг даваад ороод гэрийнх нь цонхон дээр очоод цонхыг нь нүдээд хүн байна уу гээд дуудаж байсан чинь цонх нь хагарчихсан тэгээд би цонхоор нь тонгойсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд би дотогшоо ороод дэлгүүрт ордог хаалганы цоожийг эвдээд ороод тамхи, чихэр, шоколад зэрэг зүйлс авсан би бээлийтэй байсан, бээлийгээ хаана орхисон гэдгээ санахгүй байна” гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, гэрэл зургийн үзүүлэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүнчлэн шүүх шинжилгээний албаны 201710067 дугаартай шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын улны хэлбэр, хэмжээ хээний зураглал, хээ хоорондын хэмжээ, хээний гүний хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ Т.*******гийн баруун хөлний гуталны улны мөртэй тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогджээ. Шүүгдэгч Т.*******гийн үйдлийн улмаас хохирогч Т.*******т 135410 төгрөгний хохирол учирсан болох нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Гэрч, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохиролтой шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгов. Түүнчлэн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн. Шүүгдэгч Т.******* нь гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд “...би дэлгүүрээс 4000 гаруй л төгрөг хулгайлсан...” гэж мэдүүлдэг ч тухайн үед 100000 төгрөг алдагдсан нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч тухайн үед мөнгө хийдэг цаасан хайрцаг болон түрүүвчинд байсан гэх мөнгийг “гуч, дөчөөд мянган төгрөг л байсан байх, одоо сайн санахгүй байна” гэж багасгаж мэдүүлж байгаа боловч гэмт хэрэг үйлдэгдсний маргааш буюу 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ...орлого хийдэг цаасан хайрцагт дотор байсан 100000 төгрөг алга болсон байсан ...” гэсэн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс илүү үнэн зөв гэж шүүх үнэлсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Т.*******д холбогдох хэрэгт улсын яллагчийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан байгаа. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээнд хуулиар хамгаалагдсан эрх, ашиг, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульд тодорхой заасан байна. Миний үйлчлүүлэгч Т.*******гийн тухайд хулгайлж авсан эд зүйл бол эд мөрийн баримт шинжлэн судлахад 1 ширхэг шоклад, 2 тамхи, 4000 төгрөг гэх мэт эд зүйл авсан байх тул түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирлын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй“ гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг тайлбарласан хуулийн тайлбарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээг харгалзахгүйгээр гэмт хэрэгт тооцохоор заажээ. Шүүгдэгч Т.*******г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирол хор уршиг бага хэдий боловч түүний үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Т.******* нь дээрх хулгайн үйлдлийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Т.*******ын “... ах ... 20 цагийн үед байх гэртээ эргэж орж ирэхдээ халамцуу байсан тэгэхээр нь би архи уусан юм уу гэсэн чинь ...найзуудтайгаа пиво уусан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгч Т.******* нь иргэн Т.*******ын дэлгүүрийн цонхыг хагалж, дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэлж түүний орон байр агуулах саванд нэвтрэн орж бэлэн мөнгө болон хүнсний эд зүйл хулгайлж 135410 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Монгол Улсын их сургуулийн Завхан дахь салбар сургуулийн 4-р дамжаанд суралцдаг болон насны байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хорих ялыг хөнгөрүүлэх нь үндэстэй. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хиймэл үстэй хар өнгийн гутал 1 ширхэг, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шоколад 1 ширхэг, “Esse” гэсэн нэртэй тамхи / хайрцаг дотроо 10 ширхэг/,“Mildseven” гэсэн нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг тус тус шүүгдэгч Т.*******д буцаан олгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хохирогч Т.*******ын дэлгүүрээс бэлэн мөнгө болон хүнсний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар овогт *******ийн *******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 01/нэг жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.*******д 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл үстэй хар өнгийн гутал 1 ширхэг, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шоколад 1 ширхэг, “Esse” гэсэн нэртэй тамхи / хайрцаг дотроо 10 ширхэг/,“Mildseven” гэсэн нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.*******д буцаан олгосугай.
6. Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 380000 төгрөгний үнэ бүхий Iphone 5s маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй бологосугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н. ДЭЛГЭРМАА