| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0029/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-05-17 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Г.******* Хохирогч Р.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 201713000024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын харьяат, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ******* боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* Регистрийн дугаар *******;
Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумаас Улиастай сум руу өөрийн эзэмшлийн Бонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо ачааны машины тэвшинд суудал бэхэлгээ хийлгүйгээр зорчигчид тээвэрлэсэн ба ийнхүү явах замд буюу Алдархаан сумын Алдар багт байрлах “Бор толгой” гэх газар машины тэвшин дээр зорчиж явсан Р.******* хатуу хучилттай зам дээр унасан үйл баримт нь хохирогч Р.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр аймаг явах талаар ярьсан. Одоо санахгүй байна. Би машины тэвшин дээр зүүн талд нь сууж байсан. ...нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “..., хоёр дайгдаад Улиастай орох юм яриад байсан чинь манай нөхөр ******* багтахгүй гэж хэлж байсан. ...би нөхөр хүүхдүүдтэйгээ урд суугаад эгч гэдэг хүүтэйгээ тэвшин дээр суусан. Тэндээс хөдлөөд яваад хатуу хучилттай зам дээр дөнгөж ороод удаагүй байсан чинь машины дээвэр цохиод тэгээд зогсоод манай нөхөр ******* хойшоо яваад иргэж ирэхээр нь яасан гэж асуусан чинь ******* машин дээрээс уначихсан байна гэж хэлсэн. ...Машин нээх их хурдтай явж байгаагүй байх би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтанд өгсөн ”... ирээд манай гадаа ******* машинтайгаа ирсэн байна. Улиастай явах гэж байна гэж хэлсэн тэгэхээр нь ******* хоёулаа дайгдаад аймаг явъя гэж хэлээд гийнд очсон чинь ******* машиныхаа юмыг янзлаад зогсож байсан тэгэхээр нь бид хоёр аймаг орох гэсэн юм суугаад явъя гэж хэлсэн чинь тэг тэг гэж хэлээд дээр эгч, хоёр сууж байгаа суудал засчихсан гэж хэлсэн. Машин дээр эгч, эгчийн хүүхэд , ******* бид дөрөв суусан юм. Тэгсэн ******* дотроосоо дээл гаргаж ирээд эгчид гаргаж өгөөд та нар наагуураа байгаа дээлнүүдээ хуваагаад нөмөр гэж хэлээд өөрөө машиндаа суугаад хөдөлсөн. ... тэгээд сумаас гараад хатуу хучилттай зам дээр гараад жаахан явж байгаад дээлээ нөмрөөд байж байсан ******* цээж нь нэг өндийх шиг болоод машинаас уначихсан. Тэгээд би босоод кабин руу нүдсэн чинь зогссон. ******* уначихлаа гэж хэлээд ******* бид хоёр гүйж очоод үзсэн чинь хар зам дээр хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Х.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...*******тэй , хоёр дайгдаад Улиастай орох юм яриад яриад байсан Тэгээд ******* багтахгүй гэж хэлж байсан. Бид нар гадаа гараад манай дүү ******* эхнэр хүүхдүүдтэйгээ суугаад би арын тэвшин дээр нь хүүтэйгээ суусан юм. Тэгээд ******* дээл хувцасаа сайн нөмрөөд яваарай гэж хэлээд машинаа асаасан чинь , нар машин дээр суусан. Тэндээс хөдлөөд яваад хатуу хучилттай зам дээр дөнгөж ороод удаагүй байсан чинь уначихлаа гээд машины дээвэр дээр цохиод зогссон. Машины тэвш нь өндөрлөгөө байхгүй тэвшин дээр суухад сугаар татаж байсан ...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Бид нар ахынхаас хөдлөх гээд машин дээр би гараад суугаад ээж миний араас суугаад ******* ах машинаа асаагаад байж байсан чинь ******* ахыг ах суулгаад араас нь өөрөө суусан. Тэгээд тэндээс хөдлөөд би дээл нөмрөөд ээжрүү налаад сууж байсан чинь ах уначихлаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “..., ******* хоёр аймаг явах гэсэн унаа олдохгүй байна гээд ирсэн юм. ******* эхнэр хүүхэдтэйгээ манайд цай уучихлаа гээд манайхаас гарч ирсэн. ******* нар нилээн согтуу байсан гэхдээ хүнтэй юм яриад байсан...” гэсэн мэдүүлгүүд Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...сумын төв ороод хүргэн гийнд очоод байж байсан чинь *******, , нар гаднаас орж ирсэн. Тэгээд аймаг явах гэж байна өглөөнөөс хойш явах гээд явж чадсангүй чамтай цуг явъя гэж хэлэхээр нь би зай байхгүй гэж хэлсэн. Хүмүүсээ суулгаад хөдөлсөн. ... машины тэвшин дээр баруун талын урд буланд *******, нар суучихсан байсан юм. Тэндээс хөдлөхдөө наана чинь дээл байгаа нөмрөөд яваарай гэж хэлээд тэндээс шууд хөдлөөд явсан. Явж байгаад сумын төвөөс гараад хатуу хучилттай зам дээр явж байсан чинь машины кабин нүдээд унасан. Тэгээд зогссон чинь ******* уначихлаа гээд хэлэхээр нь очоод харсан чинь ******* зам дээр хэвтэж байсан. ...Манай машин дотор талд манай эхнэр, 1-4 настай манай 2 хүүхэд, манай эгчийн 1-4 дүгээр ангийн 2 хүүхэд, манай бие муутай 14 настай дүү байсан. Харин машины тэвшин дээр эгч , хүүхэд нь , , ******* нар байсан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Хохирогч Р.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 201740048 дугаартай дүгнэлт, гэрч Ц., Б. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.******* нь хүн тээвэрлэх зориулалтын бус, хүн тээвэрлэх зориулалтаар тоноглогдоогүй тээврийн хэрэгсэлд зорчигчид тээвэрлэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1 дэх хэсэгт “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”. 21.3А-д “Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх. В-д “Тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх”. Гд”Зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх”, 21.8 Ж-д “Согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хүн тээвэрлэх зориулалтгүй буюу хүн тээвэрлэх зориулалтаар тоноглоогүй тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчжээ. Г.*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дотор сууж явсан зорчигч Р.******* унаж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “*******ийн биед тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины доргилт, зүүн талын мөчдөд бага зэрэг саажилт, дагзны зүүн дээд хэсэгт шарх хамрын таславч яс мурийлт, зүүн тохойн үенд цус хуралт, зүүн талын ташаан толгойн хэсэгт цус хуралт гэмтэл, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 201720045 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №16/07 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр анх удаа гэмт хэрэг үйлдсэн,хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн гомдол, саналгүй зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Хохирогч Р.******* нь энэ хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан байх боловч шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.*******гийн “B,C” ангиллын 649970 дугаартай жолоочийн үнэмлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, ******* дугаартай тээврийн хэрэгслийн 1215667 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн ******* дугаартай Бонго жи-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дахь хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 01/нэг/ жил 01/нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Г.*******д хяналт тавихыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн ******* дугаартай Бонго жи-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* дугаартай тээврийн хэрэгслийн 1215667 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, Г.*******гийн “В,C” ангиллын 649970 дугаартай жолоочийн үнэмлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 10. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгчид 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 13. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА