Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0048

 

2014 оны 01 сарын 23 өдөр                    Дугаар 48                        Улаанбаатар хот

 

Т.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Т.А-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалын дагуу Т.А-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын албан тушаалд ажиллуулахыг даалгуулах тухай гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ажиллаж байгаа Т.Н-ыг 2012 оны 01 дүгээр сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлаас нь халсан ба 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилсон байна. Уг шийдвэрийг үндэслэн Батлан хамгаалах яамны 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр тушаалаар Т.Н-ыг ажилд нь эргүүлэн томилж оронд нь ажиллаж байсан Т.А-ыг чөлөөлсөн юм. Гэтэл Батлан хамгаалах яамны 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хууль, журам зөрчиж, Т.Н-ын оронд Т.А-ыг томилж, Т.Н-ыг 3 дахь орон тоо буюу сургалт хариуцсан офицероор томилсныг бид хүлээн авах хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

  1. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт 3 дахь орон тоо болох сургалт хариуцсан ажилтны орон тоо байхгүй бөгөөд аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог Засгийн газраас тогтоож өгдөг ба өнөөдрийн байдлаар орон тоо бүтэц нь өмнөх оныхоор мөрдөгдөж байгаа. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газар өөрсдөө шийдэж орон тоо нэмэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм.
  2. Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан "Цэргийн штабын дүрэм"-д "Цэргийн штабын ажилтнуудыг аймгийн ЗДТГ-ын даргатай зөвшилцөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга томилж чөлөөлнө" гэж заасныг зөрчиж, зөвшилцөхгүйгээр тушаал гаргасан. Т.А нь анх энэ ажилд орохдоо тухайн үеийн удирдлагатай Батлан хамгаалах яам зөвшилцсөн гэх нь зөвхөн тухайн үед суларсан орон тоонд зөвшилцсөн болохоос биш сургалт хариуцсан орон тоонд зөвшилцөөгүй.
  3. Т.Н-тай холбогдолтой нууцын журам зөрчсөн асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр мэдэгдсэн.
  4. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус тушаалыг хүлээн авах боломжгүй байгаа ба хүчингүй болгуулах саналаа Батлан хамгаалах яаманд 2013 оны 3-02/483 тоот албан бичгээр хүргүүлсэн. Батлан хамгаалах яам нь үндэслэлгүй ажлаас халагдсан хүний орон тоонд Т.А-ыг авч ажиллуулан түүнийг хохироосон бөгөөд уг хариуцлагагүй байдлыг Засаг даргын Тамгын газар хариуцах ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргын Тамгын газрын орон тоонд дур мэдэн орон тоо нэмэх асуудал Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын мэдлийн асуудал биш тул Т.А-ын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Т.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 3 дугаар сараас аймгийн Цэргийн штабт тоо бүртгэлийн офицероор томилогдон ажиллаж байна. Өнгөрсөн 01 дүгээр сард хууль бус ажлаасаа халагдаж, улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2012 оны 6 дугаар сард ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч, уг шийдвэрийг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны Б/194 дүгээр тушаалаар эгүүлэн томилогдсон. Гэтэл он гараад 01 дүгээр сарын 29-ний өдрийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар намайг орон нутгийн хамгаалалт.сургалтын офицероор томилсон тушаал гарлаа. Намайг өөр орон тоонд шилжүүлэн томилох үндэслэл шалтгаан байхгүй, зөвхөн ашиг сонирхол бүхий хувийн харилцаатай этгээдийн үйлдэл болох нь дараах байдлуудаас харагдаж байна.

  1. Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 тоот намайг ажлаас халсан тушаалыг мөн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хэлэлцэн тогтоол гаргаж, яамны Төрийн нарийн бичгийн даргын 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар хүчингүй болгон намайг эгүүлэн тогтоосон. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр 15 хоногийн дараа яамны Төрийн нарийн бичгийн даргын 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар дахин ажлаасаа халагдсан. Түүнээс хойш 4 сарын дараа буюу 6 дугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан ба 9 дүгээр сард яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/194 дүгээр тушаал гарч ажилдаа эгүүлэн томилогдсон. Одоо намайг сургалтын офицероор томилсон 5 дахь тушаал гарч байна.
  2. Батлан хамгаалах яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Б нь дэслэгч Т.А-ын аав Т-тай цуг ажиллаж байсан утгаараа ямар нэгэн аргаар миний оронд Т.А-ыг томилуулах арга хэмжээ авч байна. Учир нь, дээрх жилийн дотор гарсан 5 тушаал нь дандаа яамны Төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдох болгонд гардаг. Өөрөөр хэлбэл, шинэ томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нь өмнөх асуудлын учрыг сайтар ойлгоогүй байгаа дээр нь дээрх тушаалуудыг гаргуулаад авдаг.
  3. Өнгөрсөн оны 9 дүгээр сард шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдох үед намайг “нууц баримт бичиг үрэгдүүлсэн” хэмээн Тагнуулын ерөнхий газраас шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газраас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга М.Х, аймгийн Засаг дарга Х.Д нарт тус тус албан бичгээр мэдэгдсэн. Мөн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагчийн 02 тоот мэдэгдэлд “Т.Н-ын нууцтай харьцах эсэхийг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн үед миний нууцтай харьцах эрхийг цуцлаагүй байсан. Гэтэл сахилгын арга хэмжээ авахгүйгээр Тагнуулын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/440 дүгээр албан бичгээр миний нууцын эрхийг цуцалсан байна. Батлан хамгаалах яамнаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1 в/680 тоот албан бичигт "Т.Н-ыг орон нутгийн хамгаалалт, сургалтын офицероор томилсон шийдвэрийг Тагнуулын ерөнхий газрын 01/440 тоот бичгийг үндэслэн гаргасан” гэжээ.

Тэгвэл уг 01/440 тоот бичиг нь намайг өөрчлөн томилсон тушаал гарснаас хойш 1 сарын дараа иржээ. Өөрөөр хэлбэл, ирээгүй байсан бичгийг үндэслэл болгон тушаал гарчээ. Энэ нь Т.А-ыг томилсон 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалыг аймгийн удирдлагууд хүлээн авахаас татгалзсан үед миний нууцын эрхийн асуудлыг дахин авч хэлэлцэн Тагнуулын ерөнхий газарт албан бичиг хүргүүлснээр миний нууцтай харьцах эрх цуцлагджээ. Миний нууцын эрхийг хассанаар тоо бүртгэлийн офицероос өөрчлөх үндэслэл болохгүй гэж бодож байна.

Учир нь, зөвхөн нууц баримт бичгийг хариуцах зөвшөөрлийг тодорхой хугацаагаар цуцалсан болохоос биш нууцтай харьцах эрх хэвээрээ байгаа. Иймд уг эрхээ сэргээлгэх хүртэл нууц баримт бичгийг хариуцахгүйгээр уг албан ажлаа явуулахад хуулиар хориглосон зүйлгүй гэж бодож байна. Намайг өөрчлөн томилсон яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалд миний бие гомдол гаргаагүй, учир нь тухайн үед аймгийн Засаг дарга албан өрөөндөө Цэргийн штабын дарга Г.Л, Т.А бид гурвыг дуудаж, уг тушаалыг хүлээн авч хэрэгжүүлэх боломжгүй талаар яамны холбогдох албан тушаалтнуудтай утсаар ярьсан ба яамны удирдлага ойлгож хүлээн авлаа гэж хариулсан. Иймд миний бие яамны Төрийн албаны салбар зөвлөлд хандаагүй хугацаа хожимдуулсан ба дараа нь 4 дүгээр сарын 03-ны өдөр яаманд гомдлоо гаргасан. Уг нь аймгийн удирдлага Т.А-ыг орон тоо, бүтэцтэй уялдуулан Цэргийн штабт шинээр нэмэгдэх орон тоонд авах талаар яамны удирдлагатай ярьсан гэдгийг Засаг дарга бидэнд хэлж байсан. Гэтэл заавал миний ажиллаж буй орон тоонд хууль зөрчин генерал Д.Б-тай хуйвалдан хөөцөлдсөөр 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Т.А ажилгүй хоцорсон биш, энэ далимыг ашиглан миний ажлыг булаан авах зорилготой хүн юм гэжээ.

Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалын дагуу Т.А-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын албан тушаалд ажиллуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Т.Н давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, миний бие уг Цэргийн штабт 2006 оноос эхлэн ажиллаж байгаад 2012 оны 01 дүгээр сард ажлаасаа хууль бусаар халагдаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ажилдаа эгүүлэн томилогдож, миний оронд ажиллаж байсан Т.А нь чөлөөлөгдсөн юм. Гэтэл 2013 оны 01 дүгээр сарын 29-нд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/22 дугаар тушаал гарч намайг сургалт хариуцсан ажилтнаар Т.А-ыг миний ажиллаж байсан тоо бүртгэл, нөхөн хангалтын офицероор тус тус томилжээ. Уг тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс хэрэгжих нөхцөлгүй тушаал гэдгийг дараах байдлаар тайлбарлаад байна.

1. Цэргийн штаб нь Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүнд багтдаг, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог Засгийн газраас тогтоож өгсөн тооны дагуу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар хэлтсүүдийн орон тоог тогтоосон. Цэргийн штабыг дарга-1, мэргэжилтэн-1 бүгд 2 хүн ажиллахаар тогтоосон. Орон тоо нэмэх асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэдэг, Засгийн газраас орон тоо нэмээгүй байхад Яам эсвэл аймгаас орон тоо нэмж, хүн авч ажиллуулах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

2. Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор Цэргийн штабын ажилтнуудыг томилохдоо Батлан хамгаалах яам нь аймгийн удирдлагатай зөвшилцөн томилно гэсэн заалтыг зөрчин зөвшилцөхгүйгээр тушаал гаргасан.

Иймд энэ хоёр хүний аль нэг нь ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Хэрэв Т.А-ыг ажиллуулбал миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөр байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга “... Цэргийн штаб нь дарга, офицер гэсэн 2 орон тоотой, 3 дахь орон тоо болох сургалт хариуцсан офицерын орон тоо байхгүй, Т.А-ыг тухайн албан тушаалд томилохдоо аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөөгүй” гэсэн үндэслэлээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хэрэгжүүлж, Т.А-ыг албан тушаалд ажиллуулахгүй байгаа нь хууль бус байна. Учир нь, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицер, ахмад Т.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэслэгч Т.А-ыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт тоо бүртгэлийн офицероор, Т.Н-ыг орон нутгийн хамгаалалт, сургалтын офицероор тус тус томилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан байх ба уг тушаалаар Цэргийн штаб дарга, офицер гэсэн 2 орон тоотой байхаар, офицерын орон тоо нь тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын орон тоо болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ийнхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын орон тоо байгаа, уг албан тушаалд томилох эрх бүхий байгууллагын шийдвэрээр, Т.А-ыг томилсон шийдвэр гарсан байхад, түүнийг “Цэргийн штабт сургалт хариуцсан офицерын орон тоо байхгүй” гэсэн үндэслэлгүй шалтгаанаар ажиллуулахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн, дээрх маргаан бүхий Б/22 дугаар тушаалаар Т.Н-ыг аймгийн Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд тэрээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул түүнийг тус албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр хүчинтэй байна.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Т.Н-ын гаргасан "... Цэргийн штабыг дарга-1, мэргэжилтэн-1, бүгд 2 хүн ажиллахаар тогтоосон. Орон тоо нэмэх асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэдэг, Засгийн газраас орон тоо нэмээгүй байхад Яам эсвэл аймгаас орон тоо нэмж, хүн авч ажиллуулах хууль эрх зүйн үндэслэлгүй. ... Хэрэв Т.А-ыг ажиллуулбал миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөр байгаа ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, гуравдагч этгээд Т.Н-ын нууцын ажилтнаар ажиллах зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Тагнуулын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/440, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/1891 тоот албан бичгүүдээр тогтоогджээ.

Иймд Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн нууцыг хариуцуулахыг хориглоно”, “Монгол улсын зэвсэгт хүчний нууцыг хамгаалах журам”-ын 1 дүгээр бүлгийн 1.18-д аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт нөхөн хангалт, тоо бүртгэл \ эрхэлсэн офицер нууцын ажлыг шууд гардан хариуцна. ЗХЖШ-ын 36 МАБА-ны зөвшөөрөлгүй бусад хүнд хариуцуулахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу Т.Н нь Цэргийн штабт нөхөн хангалт, тоо бүртгэлийн ажил эрхлэн гүйцэтгэх боломжгүй болсон байна.

Мөн, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан “Т.А-ыг томилохдоо аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөөгүй” гэсэн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.А-ыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар анх тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын албан тушаалд томилохдоо зөвшилцсөн болох нь хэрэгт авагдсан, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтаар нотлогджээ.

Иймд шүүхийн, нэхэмжлэгч Т.А-ыг тоо бүртгэл, нөхөн хангалтын офицероор анх томилохдоо зөвшилцсөнөөс гадна “зөвшилцөх” гэдэг нь талууд заавал нэгдсэн саналд хүрэхийг шаардахгүй тул Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаал хуульд нийцсэн гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.