Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/118

 

 

 

 

                                      2019/ШЦТ/118

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Насанжаргал

              Шүүгдэгч: А.Ц, Т.Д

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Аийн Ц, Хар морьт овогт Ты Д нарт холбогдох 1812006650115 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, ээж, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын .............. оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаад тус аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,мөн тус аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаад Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Монгол овогт Аийн Ц/РД:АР................/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, аавын хамт Архангай аймгийн ............... шүүхийн 2015 оны 06 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хар морьт овогт Ты Д/РД:АР................../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр “Урт булаг” гэх газраас хохирогч Ж.Аийн нийт 14 тооны адуу буюу олон тооны адууг хулгайлж, түүнд 8.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 1812006650115 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ж.Аийн өгсөн:

 “...Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Урт булаг гэх газраас 2018 оны 11 сарын 20-ны үед азаргагүй 14 тооны адууугаа алдсан. Тэгээд тухайн үед тэр орчмоор хайгаад олоогүй. Тэгээд байж байтал 2018 оны 12 сарын 08-нд миний алдсан адууны тал нь өөрсдөө хүрээд ирсэн тэгэхээр нь хулгайч авсан байна гэж бодоод үлдсэн адуугаа хайгаад олоогүй. Тэгээд байж байтал Эрдэнэмандал сумын цагдаа дээр хэдэн адууны сураг гараад очоод уулзахад миний алдсан адууны шир зүсээрээ таарч байсан. Миний алдсан адуун дотор содон гэвэл 2 алаг, 1 саарал, 2 бор, 1 халиун зэрэг адуунууд байсан ихэнх адуу им тамгагүй адуунууд байсан.Би өөрийн адуунаас нас гүйцсэн адуугаа 1 сая төгрөгөөр үнэлнэ, бусад адууг том жижиг нас онцлогоос нь хамаарч 500-800 мянган төгрөгөөр үнэлнэ. Би тухайн хүмүүсийг огт танихгүй. Өмнө харж байгаагүй. Би гомдолтой байна. Алдсан адуунуудаа төлүүлж авмаар байна, хохирол бүрэн барагдуулчихвал гомдол санал гээд байх зүйл алга...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Хохирогч Ж.Аийн дахин өгсөн:

 

“...Би А.Ц, Т.Д нараас 4.100.000 төгрөг авсан. Одоо 2.900.000 төгрөг нэхэмжилнэ. А.Ц үлдэгдэл мөнгөө мал ногоо идэхээр өгнө гэж хэлсэн. Би үлдэгдэл мөнгөө авч байж гомдол, саналгүй болно. Одоогийн байдлаар гомдолтой. Би 14 тооны адуу алдаад 7 тооны адуу олж авсан. Олоогүй 7 тооны адуунууд халиун морь, саарал морь, хүрэн алаг морь, хүрэн гүү, улаан хээр морь, хонгор даага, хүрэн зүстэй шүдлэн зэрэг 7 адуу олж аваагүй. Миний хулгайд алдсан адуунууд бүгд тарган адуунууд байсан. Би үнэлгээг зөвшөөрөхгүй байна, дахин үнэлгээ гаргуулах гэхэд А.Ц надаас гуйгаад үнэлгээгээ дахин гаргуулж хэрэггүй би таньд хохирол төлбөрийг чинь хэлснээр чинь өгнө гээд гуйгаад байхаар нь би дахин үнэлгээ гаргуулаагүй. Би адуугаа хайсан зардал, цагдаагийн газарт ирж очсон зардал гээд 1 адууг 1000000 төгрөгөөр бодож хохирлоо авна. Хэрэв миний адууг аваагүй байсан бол одоо нас нийлээд байж л байх байсан. Одоо адуу 1.2 сая төгрөгийн үнэтэй болсон. Зах зээлийн байдлаар ийм өндөр үнэтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

*Гэрч Б.Нямдоржийн өгсөн:

“...Намайг гэртээ байхад 2018 оны 11 сарын 20-ны үед А.Ц залгаад адуугаа ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би С.Ч руу залгаад Цээрээ намайг адуугаа ирж ав гэж байна хамт очьё гэтэл өө тиймүү би бас юм авах ёстой хамт очьё гэхээр нь бид хоёр орой хамт мотоциклиор Цээрээгийнд очтол адуу доор байгаа гээд бид гурав уруудаж айлийн зуслангийн хашаан дээр хашаатай адуунаас Цээрээ өөрсдөө дуртай адуугаа барьж ав гэж хэлсэн. Тэгээд би саарал морь барьж авсан харин С.Ч хүрэн алаг морь барьж авсан. Тэгээд бид хоёр тухайн хоёр морийг холбож хөөгөөд гэрийнхээ орчимд байдаг С.Чын хаваржааны хашаан дотор хашиж орхисон. Маргааш өглөө нь би морьтой ирээд морины хүзүүнээс холбож гэртээ хариад гаргаж идшэнд идсэн. Миний авсан саарал морь имгүй Ж үсгэн гэмээр бүдэг тамгатай байсан. Би Цээрээгээс 300 мянган төгрөгний авцаатай байсан зөрүү болгож хавар хургалах хонь өгье гэж яриад л авсан. Тухайн үед нь ямар нэгэн мөнгө төгрөг өгч авалцаагүй. Азаргагүй адуу байсан. Бид гурвын хашсан адуу арваад тооны адуу байсан, содон гэвэл С.Чын барьж авсан хүрэн алаг морь миний барьж авсан саарал морь бас халиун жижгэвтэр адуу байсан, бусад нь бараан зүсмийн адуунууд байсан. Би Цээрээг өөрөө хувьдаа хичнээн адуутай талаар мэдэхгүй. Би тухайн адууг хулгайн адуу болох талаар мэдээгүй өөрөө надад энэ талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 23 дугаар тал/

 

*Гэрч О.Энхтайваны өгсөн:

 

“...2018 оны 11 сарын 20-ны үед намайг сумын төвд явж байтал Цээрээ утсаар яриад чи нөгөө адуугаа авсан юм уу гэж над руу залгасан би өмнө Цээрээд адуу худалдан авч иднэ хадам хөгшиний хоног дуусаагүй байгаа гэж ярьж байсан. Намайг адуу авсан юмуу гэхээр нь би аваагүй байгаа гэж хэлсэн тэгтэл би нэг адуу зарах гэж байна чи авах юм уу гэж асуухаар нь би тэгье авъя гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа байгаа өнөөдөр ирээд авчих гэсэн би төвд явж байна авбал оройхон авъя гээд орой сумын төвөөс гараад гэртээ харьчихаад машинаа асаагаад Цээрээгийн гэрт нь очтол Т.Д тэр хоёр хамт байсан. Тэгээд би тэр хоёрыг гаргаад өг гэж гуйсан. Тэгтэл тэгье гээд гэрийн гадаа уяатай байсан халиун үрээг энийг зарах гэж байгаа болно биздээ гэсэн тэгээд би болно гээд 600 мянган төгрөгөөөр авахаар болсон. Мөн тэр хоёрыг гэртээ авч очиж янзлуулахаар болоод тухайн адууг ачиж манайд очоод тэр хоёр гаргаж янзалж өгсөн. Тамгыг нь сайн хараагүй цагаан халиун зүсмийн үрээ морь байсан. Намайг очиж авах үед тухайн адууг гэрийнхээ гадаа барьж аваад уячихсан байсан өөр адуу мал харагдаагүй. Би тухайн адууг хулгайн адуу болох талаар мэдээгүй огт мэдээгүй надад юм хэлж яриагүй. Одоо сонсож мэдэж байна. Би 600.000 төгрөгөөр авахаар болоод 7 хоногийн дараа Цээрээд бэлэн мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр тал/

 

*Гэрч Л.Энэбишийн өгсөн:

“...2018 оны 11 сарын сүүлээр өөрийн адуунд иртэл Т.Д унуулж байсан хонгор морины хүзүүнээс хонгор даага холбоод тавьсан байсан. Орой Т.Дтай таараад чи унаж байсан мориндоо даага холбосон юм уу гэтэл тийм гэж хэлсэн. Надад өөр адуу хамт тавьсан талаараа хэлээгүй. Манай морьтой холбож тавьсан даага нь хонгор зүсмийн им тамгагүй даага байсан. Манай зуслангийн адууны хашаа Их нуурын урд талд байдаг. Би тэр хоёрыг адуу хашсан талаар мэдээгүй, надад хэлээгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 25 дугаар тал/

 

            * Гэрч Б.Дагвацэрэнгийн өгсөн:

“...2018 оны 11 сарын сүүлээр Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Их нуур гэх газраас 3 тооны адуу алдсан. Тэгээд тухайн адуугаа хайгаад Их нуурын урд талд явж байтал 14 тооны адуу холоос хөөж ирсэн гэмээр хөлс гарчихсан адуунууд байж байсан. Тэгээд сумын төв рүү орж ирээд хурлын нарын бичгийн дарга П.Ут Их нуурын урд талд хөөж ирсэн гэмээр манай нутгийн биш гэмээр адуунууд байна гэж хэлсэн. Тэгээд хоёулаа нийлээд орой машинтай тэр орчимоор гэрэлтүүлсэн тэгтэл нөгөө адууг Л.Энэбиш гэх айлын зуслангийн адууны хашаан дээр хашчихсан байсан тэгээд очиж үзтэл тэр адуу 12 тооны адуу болж 2 адуу алга болсон байсан бид хоёр харж байгаад буцаад төв орж ирсэн Ууганаа цагдаад мэдэгдэнэ гэж байсан. Намайг өдөр нь таарч харахад морьд голдуу 14 тооны адуу байсан харин орой хашчихсан байхад нь очиход 12 болсон байсан. Содон гэвэл тухайн адуун дотор алаг морь-2, халиун морь-1, бор морь-1, хар морь-1, бор гүү-1, хонгор даага-1, үрээ байдас гэмээр 2 хүрэн адуу байсан бусад нь хээр голдуу адуу байсан. Хашсан байх үед очиход ойр хавьд нь хүн байгаагүй. Тухайн адууг хэн тууж ирсэн талаар мэдээгүй. Би тухайн адууг хэний адуу болох мөн хаанаас ирсэнийг нь мэдээгүй. Би харанхуй болсон байхад очсон им тамгыг сайн мэдээгүй хөлөрсөн байсан болохоор сайн мэдэгдэхгүй байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар тал/

 

            *Гэрч П.Уын өгсөн:

“...2018 оны 11 сарын сүүлээр Эрдэнэмандал сумын төвд байдаг манай найз Б.Дагва өөрийн адуунаас 3 тооны адуу алдчихаад хөдөө гарч адууны эрэлд явж байх үед нь Алаг-Уул багийн Их нуурын урд талд, холоос тууж ирсэн гэмээр 10 гаруй тооны хөлстэй адуу байхтай таарлаа гэж надад ярьсан. Тэгээд би гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нарийн бичгийн даргын хувьд найзынхаа машинд бензин хийгээд хөдөө тухайн газар руу очиход тухайн адууг Л.Энэбиш гэх айлийн зуслангийн адууны хашаанд хашчихсан байхад нь очиж үзэхэд манай найз наад адуу чинь 14 тооны адуу байсан хоёр адуу байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн сумын цагдаагийн тасгийн дарга Эрдэнэбатад энэ тухай мэдээлсэн тэгээд явсан. Намайг очиж үзэхэд морьд голдуу азаргагүй 12 тооны адуу байсан. Тухайн адуун дотор алаг болон бор зүсмийн адуу байсан бүгдийнх зүсийг сайн харж чадаагүй харанхуй болсон хойно очсон. Тухайн адууг хэн тууж ирсэн талаар огт мэдээгүй цагдаад мэдэгдчихээд явсан. Би тухайн адууг хэнийнх болох мөн хаанаас ирсэнийг нь мэдээгүй. Би харанхуй болсон байхад очсон им тамга нь сайн мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28 дугаар тал/

 

*Гэрч Л.Бгийн өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 20-ны үед Цээрээ гэх залуугаас нэг морь худалдан авсан, авах үедээ Их нуурийн урдаас Цээрээтэй хамт очиж хээр морь аваад унаж сумын төв рүү орж ирээд маргааш нь идшэнд идсэн. Би өмнө сумын төвд Цээрээтэй таарахдаа идэшний адуу зарах гэж байгаа хүн байна уу? ах нь нэг адуу авна шүү гэж ярьж байсан. Гэтэл тухайн өдөр сумын төвд Цээрээ таараад идэшны адуу авах уу гэхээр нь авъя хаана байгаа гэтэл хамт яваад очоод ав гэсэн тэгээд өөртэй нь хамт мотоциклоор хөдөө очиж авсан. Миний авсан хээр морь цагаан олойртой, имгүй морь байсан, тамгыг нь сайн анзаараагүй ямар тамгатай байсныг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн адууг Цээрээгээс 500.000 төгрөгөөр авахаар тохирсон гэхдээ мөнгийг нь өгөөгүй байгаа хавар ноолуур дээр өгнө гэж хэлсэн. Тухайн адууг авах гэж очихдоо сумын төвөөс Цээрээ, Т.Д бид 3 хоёр мотоцикльтой хамт хөдөө гарсан бид гурваас өөр хүн хамт байгаагүй бид гурав байсан. Би өдөр гэгээтэй үед очиж авсан болохоор тийм зүйл гэж бодоогүй барьж аваад уячихсан байсан болохоор нь унаад төв орж ирсэн өөрт анзаарч хардсан зүйл байхгүй. Би Цээрээг хэдэн адуутай эсэх талаар мэдэхгүй надад уг адууг өгөхдөө миний адуу л гэж байсан. Мөн Т.Дыг хэдэн адуутай талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Гэрч С.Чын өгсөн:

            “...Би 2018 оны 11 сарын 20-ны үед Б.Нямдорж надтай утсаар яриад А.Ц адуугаа ирж ав гэж байна гэхээр нь би Б.Нямдоржийг чи очих юм уу гэхэд орой малаа хотлуулчихаад очно гэсэн. Тэгээд орой Б.Нямдорж орой мотоцикльтой манайд ирээд бид хоёр Их нуурын урд талд А.Цын гэрт очсон. Тэгээд адуу доор байгаа гээд гэрийнх нь доод талд зуслангийн адууны хашаанд 10 гаруй тооны адуу тууж авчирч хашаад бид хоёрыг өөрсдөө үзэж байгаад барьж ав гэж хэлсэн. Би үзээд хүрэн алаг морийг бариад ав гэж хэлсэн, Б.Нямдорж саарал морь барьж аваад тухай хоёр морийг хооронд нь холбоод мотоциклиор хөөгөөд гэрийнхээ гадаа авчирсан. Тэгээд хаваржааны хашаандаа хашиж хонуулсан. Маргааш нь өөрийн адуугаа авчирч хүрэн морьтой холбож гэрийнхээ гадаа авчирч барьж аваад уяж хонуулаад маргааш өглөө нь идшэнд идсэн. Б.Нямдорж бид хоёрын 2 морь очиж авах үед 10 гаруй тооны адуу байсан, азаргагүй адуу байсан. Содон гэвэл 2 цагаан, 1 алаг бусад нь бараан голдуу адуу байсан. Бүх адууны тамгыг анзаараагүй, миний авчирсан алаг морь нар сар гэмээр жижиг тамгатай байсан. Бид хоёрын очиж авах үед А.Ц ганцаараа байсан, бид 3 хамт адуун дээр нь очиж барьж авсан. Би хулгайн адуу болох талаар мэдээгүй, би А.Цийг өөрийнх нь ямар адуутайг нь сайн мэдэхгүй. Би А.Цаас 1.500.000 төгрөг авах ёстой байсан. Тэгээд хоёулаа болно биз гэж хэлээд авсан, тухайн үед мөнгө төгрөг өгч аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар тал/

 

*Яллагдагч Т.Ды өгсөн:

“...2018 оны 11 сарын 20-дын үеэр би өөрийн төрлийн ах болох А.Цын хамтаар мотоцикльтой Өндөр-Улаан сумын Хануй багийн нутгийн чиглэлд явсан. А.Ц ах бид 2 адуу хулгай хийхээр ярьж тохироод гарсан. Тэгээд Өндөр-Улаан сумын Хануй багийн төвийн баруун талаас шөнө 18 цагийн үед 14 тооны адууг мотоциклиор хөөгөөд Эрдэнэмандал сум руу авчирсан. Ойролцоогоор 60 гаруй км зайнд адуунуудыг тууж гэрийнхээ ойролцоо авч ирээд хашаанд хашсан. Би уг адуунаас хонгор зүстэй нэг тооны даагыг өөрийн адуундаа хонгор мориноосоо холбож тавьсан байсан. Өөр адуу аваагүй. А.Ц ах хулгайлж ирсэн 14 адуунаас 4 адууг хүнд зарсан. 7 тооны адууг хохирогч нар буцаан өгсөн. 2 тооны адуу эзэнгүй алдчихсан. Эрдэнэмандал сумын цагдаа нар А.Ц бид хоёрыг хулгай хийж адуу хүмүүс зарсаныг мэдчихсэн байсан бөгөөд утсаар дуудаж уулзахаар нь би үнэн зөвөө хүлээсэн. Би өөрийн авсан хонгор зүстэй дааганы хохирлыг өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. А.Ц ахын ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би хүнд нэг тооны даага өгөх байсан юм. Тэрийгээ өгөх гээд А.Ц ахтай ярьж байгаад адуу хулгайлан авсан. Би Ж.А гэдэг хүнийг танихгүй. А.Ц ах бид 2 явж байгаад л дээрх адуутай таарсан. 14 тооны азаргагүй адуу байсан бөгөөд халиун морь, хүрэн алаг морь, бор гүү, жижиг хар морь, хээр морь, хүрэн гүү, хүрэн шүдлэн, хонгор даага гэх адуунууд байсан. Би им тамгыг нь одоо мартсан байна. Би хохирол төлбөрөө төлсөн. А.Ц бид хоёр 1 мотоцикльтой явсан. Өөр мотоцикль байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 65-68 дугаар тал/

 

*Яллагдагч А.Цын өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алга-Уул багийн Өндөр толгой гэх газарт нутагладаг бөгөөд Т.Д нь манайхтай ойрхон нутагладаг байсан. Т.Д надад хэлэхдээ надад ганц дааганы хэрэг байна гээд байсан. Би Т.Дыг хоёулаа хамт явна, би хүнд мөнгөний өртэй гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11 сарын 20-дын үеэр миний ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг Т.Д жолоодоод би ар хэсэгт нь суугаад Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг руу явсан. Гадаа сартай шөнө болсон байхад Хануй багийн төвийн баруун талд голын өлөнд хэсэг адуу тааралдсан. Тэр адууг мотоциклиороо туугаад шууд гэр рүүгээ явсан. Адуунуудыг 60 орчим км газар мотоциклиор хөөж гэрийн ойролцоо байх Л.Энэбишийн зуслангийн хашаанд хашиж хонуулсан. Маргааш өдөр нь О.Энхтайван, Нямбуу нарт 2 адуу өөрийнхөө адууг зарж байна гээд зарсан. Тэр өдрийн маргааш нь дахин 2 адууг Б.Нямдорж, С.Ч нарт бас өөрийнхөө адууг зарж байна гэж хэлээд өгсөн. Т.Д нь хонгор зүстэй нэг тооны даага аваад өөрийнхөө адуунд нийлүүлсэн. Нэг хүрэн зүстэй гүү хашаанд орохгүй ганцаар байж байгаад алга болчихсон. Бас нэг хүрэн шүдлэн үрээ алга болсон. Үлдсэн 7 тооны адууг гэрийнхээ ойролцоо 2 хонуулаад буцаагаад байсан газар нь буюу Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг руу тууж явуулсан. Хохирогч нар 7 тооны адууг бүтнээр нь олж авсан байсан. Удалгүй Эрдэнэмандал сумын цагдаа нар хийсэн хэргийн талаар мэдчихсэн байсан бөгөөд би эхэндээ Т.Ды авч ирсэн адууг зарсан гэж байгаад сүүлдээ хэргээ хүлээж үнэн зөвөө ярьсан. Би хохирогчийг гомдол саналгүй болгохоор харилцан тохирсон байгаа. Мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Би Ж.А гэдэг хүнийг танихгүй. Тэр адуунууд хээр тааралдсан болохоор нь туугаад явсан. 14 тооны азаргагүй адуунууд байсан бөгөөд хоёр тооны алаг зүстэй морь, бор гүү, хонгор даага, хүрэн гүү, халиун морь, саарал үрээ гэх зэрэг адуунууд байсан. Уг адуунууд тамга гэж бүдэг юм дарагдсан байсан, зарим адууны тамга нь мэдэгдэхгүй байсан. Өөр содон шинж тэмдэг санахгүй байна. Би хохирогч Ж.Аийн хөрөнгийн үнэлгээний дагуу гарсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Ж.Алтэнгэрэл нь нэмж мөнгө авч байж гомдол саналгүй болно гээд байгаа бөгөөд би харилцан тохироод гомдолгүй болгохоор ярилцсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-79 дүгээр тал/

 

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 299 дугаартай: “...Нас нийлсэн тарган гүү 2, нас гүйцсэн тарган морь 9, соёолон настай тарган үрээ 1, шүдлэн үрээ 1, хонгор даага 1, бүгд 14 тооны адууны үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 8.950.000/найман сая есөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 84-85, 130 дугаар тал/

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 150-152 дугаар тал/зэргийг шинжлэн судалсан болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр “Урт булаг” гэх газраас иргэн Ж.Аийн  14 тооны адуу алдагдаж түүнд 8.950.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Ц, Т.Д нар үйлдсэн болох нь хохирогч Ж.Аийн “...Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Урт булаг гэх газраас 2018 оны 11 сарын 20-ны үеэр 14 тооны адуугаа алдсан. 2018 оны 12 сарын 08-нд миний алдсан адууны тал нь өөрсдөө хүрээд ирсэн тэгэхээр нь хулгайч авсан байна гэж бодоод үлдсэн адуугаа хайгаад олоогүй. Тэгээд байж байтал Эрдэнэмандал сумын цагдаа дээр хэдэн адууны сураг гараад очоод уулзахад миний алдсан адууны шир зүсээрээ таарч байсан. Миний алдсан адуун дотор содон гэвэл 2 алаг, 1 саарал, 2 бор, 1 халиун зэрэг адуунууд байсан ихэнх адуу им тамгагүй адуунууд байсан.Би өөрийн адуунаас нас гүйцсэн адуугаа 1 сая төгрөгөөр үнэлнэ, бусад адууг том жижиг нас онцлогоос нь хамаарч 500-800 мянган төгрөгөөр үнэлнэ. Би тухайн хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямдоржийн “...Цээрээгийнд очтол адуу доор байгаа гээд бид гурав уруудаж айлийн зуслангийн хашаан дээр хашаатай адуунаас Цээрээ өөрсдөө дуртай адуугаа барьж ав гэж хэлсэн. Тэгээд би саарал морь барьж авсан харин С.Ч хүрэн алаг морь барьж авсан. Маргааш өглөө нь би морьтой ирээд морины хүзүүнээс холбож гэртээ хариад гаргаж идшэнд идсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Энхтайваны “...Цээрээгийн гэрт нь очтол Т.Д тэр хоёр хамт байсан. Тэгээд би тэр хоёрыг гаргаад өг гэж гуйсан. Тэгтэл тэгье гээд гэрийн гадаа уяатай байсан халиун үрээг энийг зарах гэж байгаа болно биздээ гэсэн тэгээд би болно гээд 600 мянган төгрөгөөөр авахаар болсон. Мөн тэр хоёрыг гэртээ авч очиж янзлуулахаар болоод тухайн адууг ачиж манайд очоод тэр хоёр гаргаж янзалж өгсөн. Тамгыг нь сайн хараагүй цагаан халиун зүсмийн үрээ морь байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Энэбишийн”... 2018 сарын 11 сарын сүүлээр өөрийн адуунд иртэл Т.Д унуулж байсан хонгор морины хүзүүнээс хонгор даага холбоод тавьсан байсан. Орой Т.Дтай таараад чи унаж байсан мориондоо даага холбосон юм уу гэтэл тийм гэж хэлсэн. Надад өөр адуу хамт тавьсан талаараа хэлээгүй. Манай морьтой холбож тавьсан даага нь хонгор зүсмийн им тамгагүй даага байсан. Манай зуслангийн адууны хашааа Их нуурын урд талд байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дагвацэрэнгийн “...Хурлын нарийн бичгийн дарга П.Ут Их нуурын урд талд хөөж ирсэн гэмээр манай нутгийн биш гэмээр адуунууд байна гэж хэлсэн. Тэгээд хоёулаа нийлээд орой машинтай тэр орчимоор гэрэлтүүлсэн тэгтэл нөгөө адууг Л.Энэбиш гэх айлын зуслангийн адууны хашаан дээр хашчихсан байсан тэгээд очиж үзтэл тэр адуу 12 тооны адуу болж 2 адуу алга болсон байсан бид хоёр харж байгаад буцаад төв орж ирсэн Ууганаа цагдаад мэдэгдэнэ гэж байсан. Намайг өдөр нь таарч харахад морьд голдуу 14 тооны адуу байсан харин орой хашчихсан байхад нь очиход 12 болсон байсан. Содон гэвэл тухайн адуун дотор алаг морь-2, халиун морь-1, бор морь-1, хар морь-1, бор гүү-1, хонгор даага-1, үрээ байдас гэмээр 2 хүрэн адуу байсан бусад нь хээр голдуу адуу байсан. Хашсан байх үед очиход ойр хавьд нь хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Уын “...Тэгээд би гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд найзынхаа машинд бинзен хийгээд хөдөө тухайн газар руу очиход тухайн адууг Л.Энэбиш гэх айлийн зуслангын адууны хашаанд хашчихсан байхад нь очиж үзэхэд манай найз наад адуу чинь 14 тооны адуу байсан хоёр адуу байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн сумын цагдаагийн тасгийн дарга Эрдэнэбатад энэ тухай мэдээлсэн тэгээд явсан. Намайг очиж үзэхэд морьд голдуу азаргагүй 12 тооны адуу байсан. Тухайн адуун дотор алаг болон бор зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бгийн “...Гэтэл тухайн өдөр сумын төвд Цээрээ таараад идэшны адуу авах уу гэхээр нь авъя хаана байгаа гэтэл хамт яваад очоод ав гэсэн тэгээд өөртэй нь хамт мотоциклиор хөдөө очиж авсан. Миний авсан хээр морь цагаан олойртой, имгүй морь байсан, тамгыг нь сайн анзаараагүй ямар тамгатай байсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Чын “...Тэгээд орой Б.Нямдорж орой мотоцикльтой манайд ирээд бид хоёр Их нуурын урд талд А.Цын гэрт очсон. Тэгээд адуу доор байгаа гээд гэрийнх нь доод талд зуслангийн адууны хашаанд 10 гаруй тооны адуу тууж авчирч хашаад бид хоёрыг өөрсдөө үзэж байгаад барьж ав гэж хэлсэн. Би үзээд хүрэн алаг морийг бариад ав гэж хэлсэн, Б.Нямдорж саарал морь барьж аваад тухай хоёр морийг хооронд нь холбоод мотоциклиор хөөгөөд гэрийнхээ гадаа авчирсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч А.Ц, Т.Д нарын бүлэглэн бусдын олон тооны малыг  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Ц, Т.Д нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ц, Т.Д нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн, улсын яллагчтай хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд хуульд заасан 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болсон тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

              Шүүгдэгч А.Ц, Т.Д нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Цад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Т.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

              Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийн эзэмшигчийг тогтоогоогүй  бөгөөд шүүгдэгч А.Ц нь миний төрсөн дүүгийн мотоцикль, минийх биш мэдүүлж байх тул шүүгдэгч А.Ц, Т.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийн үнийг шүүгдэгч  тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж,  прокурорын эд  хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Аийн Ц, Харморьт овогт Ты Д нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цыг 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цад оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Т.Дд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч А.Ц, Т.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ болох 1.100.000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Цаас 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Т.Даас 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  3. Шүүгдэгч А.Ц, Т.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ц, Т.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР

17.12