Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/264

 

 

 

                                   2019/ШЦТ/264

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Н.Цогтбаяр

              Шүүгдэгч: Б.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бгийн Бид  холбогдох 1912004320229 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл  4, ах, дүү нарын хамт Архангай аймгийн ......................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Бгийн Б/РД:АО................./

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис-2 шатахуун түгээх станцын байранд нэвтэрч хохирогч Ц.Згийн SKY-8 загварын гар утсыг хулгайлан авч 70.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Шөнө найзтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэг сэрсэн бензин колонкын хажууд босоогоороо унтаж байсан. Шатахуун түгээх газрын ах намайг хөөгөөд байсан. Маргааш өглөө нь сэрэхэд ахындаа унтаж байсан. Би яаж ахындаа ирсэн гэдгээ санахгүй байгаа. Утсаа үзэхэд миний утас байхгүй оронд нь өөр утас байсан. Өглөө Улаанбаатар хот явах гээд шууданд бичүүлсэн байсан болохоор Улаанбаатар хот явсан гэв...” гэх мэдүүлэг,

 

*Эрүүгийн 1912004320229 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ц.Згийн өгсөн:

“...2019 оны 07 сарын 16-ны өглөө 08 цагаас 07 сарын 17-ний 08 цаг хүртэлх хугацаанд Архангай аймаг дахь Петровис-2 Шатахуун түгээх газрын түгээгч ажлыг Д.Гын хамт хийсэн. Би шөнийн 03 цагийн үед унтаж амарсан бөгөөд Д.Га ажилтай байсан. Би шөнийн 05 цагийн үед ажиллаж Д.Га амарсан, шөнийн ээлжинд гарахад 2 цагаар ээлжлэн амардаг. Тэгээд өглөө 08 цагт ээлж хүлээлцээд гэртээ харих гэтэл утас байхгүй байсан. Тэгээд хяналтын камерь шүүгээд үзтэл танихгүй залуу утас аваад явчихсан байсан. Тэр залуу шөнө намайг унтаж байх хойгуур манай ажлын хажуугаар эргэлдээд байсан дүрс нь бичлэгт үлдсэн байсан. Д.Га шөнө ээлжинд гарч байгаад миний утсыг хулгай хийсэн залуутай уулзаад бичиг баримтыг нь үзсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж гар утсаа буцаан авсан. Миний гар утсыг Б.Б гэдэг залуу хулгайлан авсан байсан бөгөөд ах нь гэх залуу надад утас авчирч өгсөн. Миний гар утас SКҮ-8 гэсэн нэртэй хятад улсад үйлдвэрлэгдсэн ухаалаг систэмтэй, нимгэн гар утас бөгөөд шилэн нүүр нь дээд хэсгээрээ хагарсан боловч хэвийн ажиллагаатай утас байсан. Би гар утсаа 2018 онд 100.000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан болохоор 100.000 төгрөгөөр үнэлнэ. Манай ажлын хяналтын камерын бичлэгт тэр залуугийн утас хулгайлан авч буй бичлэг нь үлдсэн байгаа. Харин уг бичлэгийг хуулбарлан авч болохгүй байсан. Өмнө нь манайд шалгалт ирээд хяналтын камерын бичлэг хуулбарлан явах гээд мөн адил болохгүй байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/,

 

*Гэрч Д.Гын өгсөн:

“...2019 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 17-ны өдрийн хооронд Архангай аймгийн төвд байрлах Петровис-2 шатахуун түгээх газарт түгээгчийн ажлыг Ц.Згийн хамт хийж гүйцэтгэсэн. Шөнийн цагт 2 цагийн зайтай түгээгч нар ээлжлэн амардаг бөгөөд Ц.З  шөнийн 03 цагийн үед унтаад 05 цагт босох ёстой байсан. Ц.Зг унтаж байх хойгуур машин  машин ирэхгүй байсан бөгөөд сууж байтал хэсэг хугацаанд унтчихсан. Тэгээд өглөө болж ээлж хүлээлцээд гэртээ харих гэтэл Ц.Згийн гар утас алга болчихсон байсан. Шөнө 01 цагийн орчимд манай ажлын гадна талд Бгийн Б гэх залуу /РД:А092082318 гэсэн бичиг баримттай/ станцын хана налаад зогсоод байхаар нь би яв гэж хөөсөн бөгөөд тэр залуугийн бичиг баримтыг шалгаад явуулсан. Тэгээд байгууллагынхаа хяналтын камерыг шүүж байтал шөнө 03 цагийн үед нөгөө Б.Б гэх залуу манай ажил руу орж ирээд чимээгүй гэтэж байгаад миний урд талаас гар утас хулгайлан аваад явсан байсан. Би Б.Б гэх залууг сэжигтэй байдлаар  манай ажлын урд байгаад байхаар нь шалгаж үзсэн бөгөөд биеийн байцаалтыг нь харсан болохоор их сайн санаж байгаа. Ц.З тэр залуугаас гар утсаа буцаан авсан гэсэн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

*Гэрч Б.Пгийн өгсөн:

“...Би өөрийн дүү Б.Бийг Улаанбаатар хотод байхад нь 2019 оны 07 сарын 14-ний өдөр дуудаж ирүүлсэн бөгөөд манай гэрт нэг хоночихоод яваад өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа над руу цагдаагаас утсаар яриад танай дүү Б.Б хулгайн хэрэгт холбогдсон байна. Одоо хаана байгаа талаар нь мэдэх үү гэж асуухаар нь би Б.Бтай утсаар ярьтал Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Би цагдаагаас утсаар яриад байна юу болсон юм бэ гэж асуутал би гар утас авчихсан юм гээд аймгийн шууданд гар устыг хийж явуулсан байсан. Би гар утсыг нь хүлээн аваад гар утасны эзэнд нь өгсөн. Би Б.Бтай тэрнээс хойш уулзаагүй. Би өөр зүйл мэдэхгүй...’’гэх мэдүүлэг/хх­­­-­ийн 20-21 дүгээр тал/,

 

*Яллагдагч Б.Бийн өгсөн:

“...2019 оны 07 дугаар сарын 17-ны үүрээр шөнө 04 цагийн үед би Петровис шатахуун түгээх станцын орчимд унтаж байхад нэг эрэгтэй хүн сэрээгээд харь гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин унтсан. Би тэр үед их согтуу байсан. Би Петровисын байр руу утсаар ярих санаатай орсон. Би ороод түгээгчийнх нь гар утсыг нь аваад гарч явсан. Би тэр хүнд хэлэлгүй утсыг нь авч гараад тэр чигтээ явсан. Би өглөө нь сэрсэн чинь миний утас солигдсон. Миний гар утас байхгүй байсан. Би хүний утас авсан байна гэж бодсон. Яаж хулгайлсан болохоо мэдэхгүй байсан. Цагдаагаас намайг дуудахаар нь ирээд утсыг нь өгсөн. Би согтуудаа юу хийсэн, юу болсон талаараа сайн мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод байж байгаад ирсэн...’’гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 07 сарын 24-ний өдрийн 130 дугаартай:

“...2019 оны 07 дугаар сарын байдлаар скай-8 гар утасны үнэ 70.000 төгрөгийг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 23 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 30 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис-2 шатахуун түгээх станцын байрнаас иргэн Ц.Згийн скай-8 загварын гар утсыг хулгайд алдагдаж,  70.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хохирогч Ц.Згийн”... Тэгээд өглөө 08 цагт ээлж хүлээлцээд гэртээ харих гэтэл утас байхгүй байсан. Тэгээд хяналтын камерь шүүгээд үзтэл танихгүй залуу утас аваад явчихсан байсан. Тэр залуу шөнө намайг унтаж байх хойгуур манай ажлын хажуугаар эргэлдээд байсан дүрс нь бичлэгт үлдсэн байсан. Д.Га шөнө ээлжинд гарч байгаад миний утсыг хулгай хийсэн залуутай уулзаад бичиг баримтыг нь үзсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж гар утсаа буцаан авсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын”... Ц.Зг унтаж байх хойгуур машин ирэхгүй байсан бөгөөд сууж байтал хэсэг хугацаанд унтчихсан. Тэгээд өглөө болж ээлж хүлээлцээд гэртээ харих гэтэл Ц.Згийн гар утас алга болчихсон байсан. Тэгээд байгууллагынхаа хяналтын камерыг шүүж байтал шөнө 03 цагийн үед нөгөө Б.Б гэх залуу манай ажил руу орж ирээд чимээгүй гэтэж байгаад миний урд талаас гар утас хулгайлан аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пгийн”...би Б.Бтай утсаар ярьтал Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Би цагдаагаас утсаар яриад байна юу болсон юм бэ гэж асуутал би гар утас авчихсан юм гээд аймгийн шууданд гар устыг хийж явуулсан байсан. Би гар утсыг нь хүлээн аваад гар утасны эзэнд нь өгсөн...” гэх мэдүүлэг, тухайн алдагдсан утасны үнэлгээг гаргасан үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 07 сарын 24-ний өдрийн 130 дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис-2 шатахуун түгээх станцын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар нэвтэрч өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг, бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулалгүй, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд хэдийгээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол учирсан хэдий ч шүүгдэгч Б.Бийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бид холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирогч Ц.З нь мөрдөн байцаалтын шатанд “... гар утсаа бүрэн бүтэн олоод авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн /хх-06 хуу/ тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй байна үзэв. 

 

              Шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

               

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Бийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР

 

 

 

 

 

 

 

 

 

17.1