Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/267

 

 

                                                                                                                                                          

 

                               2019/ШЦТ/267

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа

Шүүгдэгч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арслан овогт Бийн Цт холбогдох эрүүгийн 1912006640339 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Арслан овогт Бийн Ц/РД:АИ............../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Сансар хороололд Д.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун талын 7 ба 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       

           *Эрүүгийн 1912006640339 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Гийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд гэрээсээ мотоцикльтой айлд очих санаатай гараад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Сансар хороололд явж байхад зүүн талын далан хэсгээс нэг явган хүн гарч ирээд дэлгүүр чиглээд алхаж байсан тэр үед миний мотоцикль торомзгүй байсан учраас хүн мөргөчиж магадгүй гэж бодоод хурдаа хасч, зогссон тэгсэн алхаж байгаа гэх хүн над дээр дөхөөд ирэхэд манай сумын Б.Ц байсан тэгснээ надад хандаад би хүн дайрах гэлээ гэхээр нь түүнд хандаж хүн дайрах гэсэн хүн мотоцикольтой зогсоодог юм уу гэхэд тэр надад хандаж чи намайг дайрах гэлээ, би харин дайрах гээгүй гэж хоорондоо хэсэг зуур маргалдсан. Маргалдаж байх үед би мотоциколь дээрээ сууж байсан тэгсэн Б.Ц нь ертөнцийн зүгээр мотоциклийн зүүн талд зогсож байгаад, мотоциклийн зүүн талд гарч ирсэнээ миний мотоциклийн урд дугуй руу нэг удаа өшиглөөд гараа далайгаад цохих гээд байхаар нь би мотоциклиосоо буугаад түүнд хандаж чи хөгшин хүн зодох гэж байгаа юм биш биздээ гэхэд шууд мотоциклийн баруун талд гарч ирээд намайг заамдаж аваад нэг билүү хоёр удаа миний баруун талын гуя хэсэг рүү өшиглөөд, заамдаж боож байгаад өөрийнхөө урдуур татаж намайг газарт унагааж нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиод, намайг өндийх гээд дөрвөн хөллөөд эргэх үед миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөөд би хэсэг амьсгаа авч чадалгүй муурч, газарт хөдөлгөөнгүй дөрвөн хөллөж хэвтсэн. Тэгсэн харин тэр хооронд Б.Ц нь намайг орхиод явсан байсан би тэгээд арай хийж гэртээ ирсэн. Түүнээс хойш би Б.Цтай уулзалгүй байж байгаад Архангай аймгийн Хотонт сумын Цагдаагийн газарт Б.Ц түүний эхнэртэй уулзах үед Б.Ц нь надад хандаад би таныг яагаачгүй харин та намайг мотоцикльтойгоо ирж мөргөөд газарт унасан гэж намайг гүтгэж надаас гомдол нэхсэн явдалд маш их гомдолтой байна хүн өөрөө ирээд үнэнгээ хэлсэн бол би ч гэсэн нэг юм бодох байсан. Би тухайн үед Б.Цыг мөргөх түүнээс их зайтай хол мотоциклио зогсоон харин Б.Ц намайг дайрах гэлээ гээд өөрөө алхаж ирсэн би хүн мөргөж, өөрөө унаж бэртсэн зүйл байхгүй.  Архаг хууч өвчин байхгүй би зүгээр явж байгаад Б.Цт зодуулсаны улмаас гэмтэл авсан одоо амьсгал, явахад хүндрэлтэй маш их эм тариа хэрэглэж байна. Бид нэг нутгийн хүмүүс учраас нэгнийгээ сайн таньдаг, тэрнээс биш төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Намайг мотоцикольтой явж байгаад өөрийг нь дайрах гэлээ гэж л зодсон тэрнээс биш өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би ганц удаа ч гар хүрээгүй шууд л намайг учир утгагүй цохиж зодоод байсан болохоор тавиулах гэж л заамдаад зууралцсан боловч би залуу хүнийг хүчирэхгүй байсан түүнээс өөр зүйл болоогүй. Би зүгээр явж байгаад хүнд зодуулсан учраас маш их гомдолтой байна, сая гэхэд Архангай аймаг орж эмнэлэгт үзүүлэх гээд явахад бинзен тос, хоол унд, эм тариа гээд 300.000 төгрөг зарцуулсан. Эмнэлэгт үзүүлэхэд уушиг устах магадлал өндөр дахин үзүүлээд болохгүй бол эмнэлэгт хэвт гэсэн тэгсэн боловч мөнгө төгрөгний боломжгүй учраас дахин эмнэлэгт үзүүлж чадаагүй байна, тиймээс би Б.Цт зодуулсны улмаас манай гэр бүлээс гарсан бүх мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч Ш.Оийн өгсөн:                                                                         

“...2019 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд манай нөхөр Д.Г нь гэрээсээ хүнтэй уулзана гэж гараад 10 гаран минутын дараа хүнд зодуулчихлаа гээд цээжин дээрээ хүнд уруулсан гарын сорвитой, баруун хавирга өвдөөд байна гэсээр орж ирэхээр нь мотоциклийг нь хашаандаа тавиулаад машинтай гарч эмнэлэгт үзүүлсэн хавирга нь гэмтэлтэй байна  яаралтай аймаг явж үзүүл гэсэн. Харин замдаа Б.Цынхаар ороод чи хөгшин хүн зодсон байна яаж байгаа юм гэхэд Б.Ц надад хандаад танай нөхөр чинь мотоцикольтой миний хөл рүү дайрсан гэхээр нь би жаахан уурлахад чамайг ч гэсэн ална шүү гээд уурлахаар нь би айсандаа гараад явсан. Хэсэг хугацааны дараа Б.Ц нь манай гэрийг хайгаад нөхөртөй уулзах гээд явж байсан. Манай нөхөр нь Б.Цт зодуулсаны улмаас 2 хавирга нь хугарч наашаа цаашаа эмнэлэг домнолгоор явж их зардал мөнгө гарч байгаа учраас Н.Цт маш их гомдолтой байна тиймээс хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар тал/

 

*Гэрч Н.Вгийн өгсөн:

“...Таны үзүүлсэн бичлэг дээрх хоёр хүнийг ялгахад цаанаас гэр хорооллоос мотоцикольтой ирж байгаа нь Д.Г байна яаж таньсан бэ гэвэл биеийн ерөнхий байдал, дээл, малгай зэрэг нь содон байна бүүр өөрөөр хэлбэл бичлэг дээр хараад ялгагдаж байна харин хажуу талаас явган ирдэг залуу нь бол Б.Ц мөн байна яаж таньсан бэ гэвэл тэр биеэ авч яваа алхаа гишгээ нь андашгүй байна учир нь Б.Ц шоороогнож жижиг жижиг гишгэж алхаж явдаг. Мөн дээрээс нь Б.Цын гарч ирсэн зүгт 100 метр хүрэхгүй зайд гэр нь байдаг....” гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар тал/

 

*Гэрч Л.Чын өгсөн:

“...Тухайн бичлэг дээр байгаа хоёр хүний мотоцикольтой ирдэг нь Д.Г байна яагаад гэвэл өөрийнх биеийн байдал өмсөж яваа хувцас нь мөн байна харин наанаас гарч ирж байгаа залуу нь манай доохон талд амьдардаг саахалт айлын Б.Ц гэх залуу мөн байна Б.Ц нударгагүй цагаан өнгийн дээл өмссөн, алхаж байгаа алхаа нь яг түүний алхаа мөн байна дээрээс нь би бас Д.Г, Б.Ц нарыг маргалдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 26 дугаар тал/

*Гэрч Р.Уийн өгсөн:

“...Бичлэг дээрээс харахад гэр хорооллоос мотоцикольтой орж ирж байгаа хүн бол Д.Г байна учир нь багаасаа эхлээд нэг нэгнийгээ бид нар таньдаг учраас сайн мэддэг тэглээ ч тухайн маргаан болсон өдөр хүний буяны ажилд бид хоёр хамт оролцсон тэр үед Д.Г нь саарал өнгийн нимгэн дээлтэй, малгайтай явсан мөн мотоциколь дээрээс бууж байгаа нь харахад тэр хөлөө зөөж буулгаад газарт зогсож байгаа нь хүртэл мөн харин замын хажуугаас орж ирж байгаа залуу бол тэр хоёрын уулзаж байгаа дэлгүүрийн эсрэг талд амьдардаг Б.Ц гэх залуу мөн байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар тал/

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 487 дугаартай“...Иргэн Боржигон овогт Дэмбээгийн Гийн / ЧА61051571 / биед, баруун талын 7 ба 9-р хавирганы хугарал, зүүн өвдөгний дээр зөөлөн эдэд няцралт, цээжний урд дээд хэсэгт өнгөц зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун талын 7 ба 9-р хавирганы хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд. зүүн өвдөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцралт нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2- 4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд цээжний урд дээд хэсгийн жижиг зулгаралтууд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 32 дугаар тал/

 

           *Яллагдагч Б.Цын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймаг Хотонт сум Хотонт баг Сансар хороололд байх гэрээсээ 18 цаг өнгөрч байх үед дэлгүүр орж тамхи авах гээд гэрийнхээ баруун талын далан дээгүүр гараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явган явж байхад хойд зүгээс мотоцикольтой хүн явж ирээд миний хойд талд зогсоод хөөе хөөе гэхээр нь яваад очиход Д.Г гэх хүн байсан.Тэгэхээр нь би түүнд хандаад яасан бэ та гэхэд намайг хаачих гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би дэлгүүр орох гэж байгаагаа хэлэхэд Д.Г нь надад хандаад ганц шил архи аваад өг гэсэн би түүнд хандаж надад мөнгө байхгүй гэсэн чинь Д Г нь намайг хувхай гуйлгачин гэхээр нь та юу яриад байгаа юм бэ гэхэд Д.Г гуай өөрөө мотоциколиосоо бууж ирээд бид хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би хоёр удаа газарт түлхэж унагаасан тэгсэн Д.Г газар самардаад юм авах гээд байх шиг болохоор нь санаандгүй Д.Гийн биеийн цээжний орчимд 1 удаа өөрийнхөө баруун талын хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн Д.Г ах ёоолоод хавирга гэснээ би 3 бандитай шүү чамайг ална аа гээд заналхийлээд байхаар нь би дэлгүүр явж орчихоод гараад ирэхэд яваад өгсөн байсан.  Д.Г нь мотоциколиосоо бууж ирээд надтай барьцалдаж аваад нэг удаа миний баруун талын хөлний шагай хэсэг үрүү өшиглөсөн тэгэхээр нь би түүнийг хоёр гурван удаа түлхэж унасаасан түүнээс хойш миний баруун хөлний шагай өвддөг болсон. 3үгээр дэлгүүр явж байхад намайг Д.Г дуудаад шил архи авч өгөхийг шаардаад чадахгүй гэхэд намайг гуйлгачин түүлгэчингээр минь дуудсан түүнээс болж л бид хоёр маргалдсан. Д.Ганзорийг биеийн аль хэсэгт нь ямар хэлбэрээр түлхэж унагасангаа санахгүй байна ямар ч л байсан түүнийг түлхэж унагасан Д.Г нь хоёр удаа газарт унаад босч ирсэн. Гараараа цохьсон зүйл байхгүй нэг л удаа хөлөөрөө өшиглөсөн. Бид хоёр амаараа л ярьж байсан тэрнээс биш би түүнд болон түүнрүү чиглэсэн, мөн Д.Г над уруу хандсан ямар нэгэн биеийн үйлдэл хийлгүй шууд л бууж ирээд барьцалдаж авсан. Бие их өвдөөд санахгүй байна. Би хэлдэг үгээл хэлсэн би таньд мэдүүлэг өгөхдөө мотоциколь руу өшиглөсөнгөө хэлсэн. Д.Гийг бууж ирэх хооронд нь мотоциколийнх нь урд дугуйруу баруун талынхаа хөлөөр өшиглөсөн. Д.Г гуай өшиглөсөн тэрнээс хойш хөл өвдөх болсон. Би түүний биед гэмтэл бэртэл учруулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 64-65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Сансар хороололд Д.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд баруун талын 7 ба 9-р хавирганы хугарал, зүүн өвдөгний дээр зөөлөн эдэд няцралт, цээжний урд дээд хэсэгт өнгөц зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц үйлдсэн болох нь хохирогч Д.Гийн”... Б.Ц нь ертөнцийн зүгээр мотоциклийн зүүн талд зогсож байгаад, мотоциклийн зүүн талд гарч ирсэнээ миний мотоциклийн урд дугуй руу нэг удаа өшиглөөд гараа далайгаад цохих гээд байхаар нь би мотоциклиосоо буугаад түүнд хандаж чи хөгшин хүн зодох гэж байгаа юм биш биздээ гэхэд шууд мотоциклийн баруун талд гарч ирээд намайг заамдаж аваад нэг билүү хоёр удаа миний баруун талын гуя хэсэг рүү өшиглөөд, заамдаж боож байгаад өөрийнхөө урдуур татаж намайг газарт унагааж нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиод, намайг өндийх гээд дөрвөн хөллөөд эргэх үед миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөөд би хэсэг амьсгаа авч чадалгүй муурч, газарт хөдөлгөөнгүй дөрвөн хөллөж хэвтсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Оийн”... 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд манай нөхөр Д.Г нь гэрээсээ хүнтэй уулзана гэж гараад 10 гаран минутын дараа хүнд зодуулчихлаа гээд цээжин дээрээ хүнд уруулсан гарын сорвитой, баруун хавирга өвдөөд байна гэсээр орж ирэхээр нь мотоциклийг нь хашаандаа тавиулаад машинтай гарч эмнэлэгт үзүүлсэн хавирга нь гэмтэлтэй байна  яаралтай аймаг явж үзүүл гэсэн. Харин замдаа Б.Цынхаар ороод чи хөгшин хүн зодсон байна яаж байгаа юм гэхэд Б.Ц надад хандаад танай нөхөр чинь мотоцикольтой миний хөл рүү дайрсан гэхээр нь би жаахан уурлахад чамайг ч гэсэн ална шүү гээд уурлахаар нь би айсандаа гараад явсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 487 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл хоёр шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Б.Цын хохирогч Д.Гийг зодож эрүүл мэндэд нь баруун талын 7 ба 9-р хавирганы хугарал, зүүн өвдөгний дээр зөөлөн эдэд няцралт, цээжний урд дээд хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Ц нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Арслан овогт Бийн Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

            6. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР11.4