Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2021/0004

 

 

                              Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

           бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажлын хэсгийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнгийн тухай” гэсэн тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Эрхий мэргэн Цэрэнбадамын Гансүхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу орон даяар орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдсанаар Мөрөн суманд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 суудлын 25 суудлыг МАН-аас сонгогдсон төлөөлөгч нар авсан. Ингээд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарласнаар мөн өдөр анхдугаар хуралдаан эхэлсэн.

Ингээд анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, сумын Засаг даргад нэр дэвшүүлдэг хуультай тул сумандаа олонх болсон МАН-ын хороо хуралдаж, сонгуульд амжилттай оролцон багаа чадварлаг удирдан сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн олонх суудлыг авсан асуудлыг хэлэлцээд МАН-ын дүрэмд зааснаар “сонгуулийн үр дүнд олонхи болж чадсан намын даргыг Засаг даргад нэр дэвшүүлнэ” гэж зааснаар Мөрөн сумын МАН-ын хорооноос сумын МАН-ын хорооны дарга Ц.Гансүхийн нэрийг Мөрөн сумын Засаг даргад дэвшүүлсэн тогтоол гарган бүх гишүүдээр хэлэлцэн батлаад уг тогтоолыг анхдугаар хуралдаанд хүргүүлсэн.

Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь анхнаасаа Тооллогын комисс байгуулахаас эхлээд л хууль зөрчиж эхэлсэн Тухайлбал тооллогын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг ажлын албанаас ингэж оруулж ирсэн, үүн дээр төлөөлөгч нараас санал авахгүй гэж тооллогын комисст орох, өөр хүний нэр дэвшүүлэх төлөөлөгчдийн эрхийг хасч, тооллогын комиссыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” гэсэн заалтыг зөрчиж төлөөлөгч нарын бүрэн эрхэд халдсан.

Улмаар Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө ёсоор “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэхэд бүлгүүд сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолуудаа хуралдаанд уншиж сонсгон хуралдаан даргалагчид гардуулсан. Ингээд МАН-аас Засаг даргад МАН-ын хорооны дарга Ц.Гансүхийн нэрийг дэвшүүлсэн тогтоолыг танилцуулсан бөгөөд санал хураах болоход хурлын заалнаас төлөөлөгч Б.Дугараа /намын шийдвэрийн эсрэг санал гарган/ нь сумын Засаг даргын орлогч Б.Батбаярын нэрийг Засаг даргад дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигч Б.Батбаяр ч гэсэн нэрээ таталгүйгээр өрсөлдөж, тооллогын комисс нэр дэвшигч Б.Батбаяр олонхийн санал авсан тухай танилцуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолыг гарган баталсан.

... Хуралдаанд МАН-аас нэр дэвшиж төлөөлөгч болсон Б.Дугараа төлөөлөгч Б.Батбаярын нэрийг дэвшүүлж, нууцаар санал хураалгахад Б.Батбаяр нь олонхын санал авсан гэх боловч түүнд санал өгсөн гэх төлөөлөгчдийн саналын хуудсанд тэмдэг, тэмдэглэгээ хийгдсэнээр тооллогын комиссын гишүүд тэмдэг, тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг хүчингүй болгоогүйгээр барахгүй уг саналын хуудсыг хүчинтэй гэж үзсэнийг би нэр дэвшигч Б.Батбаярыг “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоол гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Саналын хуудсанд тэмдэг, тэмдэглэгээ хийсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж төлөөлөгчдийн саналаа чөлөөтэй илэрхийлэх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох эрхэд, нөгөө талаас сумын Засаг даргад нэр дэвшигч миний сумын Засаг даргаар сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл юм.

Аливаа төрийн байгууллагын баримт бичиг нь улсын архивт тодорхой хугацаагаар хадгалдаг тиймээс саналын хуудас тэмдэглэсэн гэх асуудал яригдаад ирэхээр нь би архивт өгөхөөс нь өмнө үзье гэж бодоод Хурлын ажлын албаны дарга Мягмарсүрэнгээс “Засаг даргыг сонгох санал хураалтын саналын хуудсыг үзье” гэхэд  “тэр саналын хуудаснуудыг тэр дор нь урж устгасан байна билээ шүү дээ” гэж хэлсэн бөгөөд энэ нь орон нутгийн эрхийг хууль бусаар авсныг гэрчлэх нотлох баримт болох саналын хуудсыг устгасан нь Үндэсний төв архивын дэргэдэх ББНШАЗК-ийн 2010 оны 12 дугаар сарын 20 өдрийн 12 дугаар хуралдаанаар батлагдсан Сонгуулийн Ерөнхий хорооны даргын баталсан сонгуулийн үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичиг хадгалах хугацааны жагсаалтын 114 дүгээрт “саналын хуудсын хадгалах хугацааг дараагийн ээлжит сонгууль хүртэл хадгалах”-аар заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 15.26-г буюу архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчсөн хэрэг гэж Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн байгаа.

Нөгөө талаар Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны “Сумын Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын санал буюу 64,5 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Баатарын Батбаярыг Мөрөн сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсугай” гэсэн байх бөгөөд Баатарын Батбаяр нь МАН-аас сумын Засаг даргад нэр дэвшигч биш юм.

Мөрөн сумын Монгол Ардын Намын хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолын нэг дэх заалтаар Мөрөн сумын Засаг даргаар Цэрэнбадам овогтой Гансүхийг дэвшүүлсүгэй” гэсэн байгаатай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргад МАН-аас нэр дэвшигч нь Ц.Гансүх миний  бие бөгөөд Б.Батбаярын нэрийг танхимаас дэвшүүлсэн байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолд МАН-аас нэр дэвшигч гэж утга агуулгын илэрхий алдаатай, сумын Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Ц.Гансүх миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” шинжийг агуулснаас гадна мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэстэй байна.

Мөн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажлын хэсгийн хуралдааны тогтоол “Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнгийн тухай” гэсэн ажлын хэсгийн тооллогын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн гэх гарын үсэг бүхий тогтоолыг тооллогын комиссын тогтоол байна гэж үзэх боломжгүй байна.

Хэрвээ тооллогын комисс нь тогтоол гаргаж байгаа бол уг тогтоол нь захиргааны актын захирамжилсан шинжийг агуулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасантай нийцэж байхыг шаарддаг. Тэгвэл тооллогын комиссын тогтоол нь захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

Тиймээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажлын хэсгийн хуралдааны тогтоол “Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнгийн тухай” гэсэн тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, түүнийг үндэслэн гарсан МАН-аас нэр дэвшигч Б.Батбаяр гэж тодорхойлсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Гансүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би тус шүүхэд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажлын хэсгийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнгийн тухай” гэсэн тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, түүнийг үндэслэн гарсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахад гарах хууль зүйн үр дагаврыг ойлголоо” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гансүхийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажлын хэсгийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнгийн тухай” гэсэн тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч Ц.Гансүх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Гансүхийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны ажлын хэсгийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнгийн тухай” гэсэн тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

    ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ