| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 020/2014/0333/з |
| Дугаар | 221/МА2015/0069 |
| Огноо | 2015-02-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2015/0069
Н ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нарын гаргасан давж заалдах гомдлоор ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. төрийн бус байгууллага нь 2007 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Манай байгууллага 2010 онд Газрын тухай хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн үеийн Баянгол дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших хүсэлтээ гаргаж улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 тоот захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд талд мод үржүүлэг, авто зогсоолын зориулалттай (цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламж бий болгох, цэцэрлэгт хүрээлэнд зочлон ирэгсдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор эко авто зогсоол барих зориулалт бүхий) 40000 мкв газрыг НТББ-д эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан болно. Энэхүү захирамжийн дагуу манай байгууллага 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн газрын албатай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан ба 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Газрын албанаас 0229731 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм.
Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргаас 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 8/02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/287 дугаар захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмших эрх олгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус захирамжид нэр дурдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага (энэ жагсаалтад ТББ орсон болно)-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх нь Газрын тухай хуулиар тухайн шатны Засаг даргад олгогдсон эрх бөгөөд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг тогтоолоороо зарим иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгаснаараа Засаг даргад хуулиар харъяалуулсан эрх хэмжээнд халдаад зогсохгүй, газар эзэмшигч, ашиглагчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргажээ.
Дүүргийн Засаг даргаас тус А/287 тоот захирамжийг гаргахдаа газар эзэмшигч ТББ-ыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн хэмээн заасан нь Ни ТББ-д газар эзэмшүүлэх тухай Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэр нь зохих журмын дагуу гарсан бөгөөд хуульд нийцсэн болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Харин дүүргийн Засаг даргын захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг манай байгууллагынзүгээс зөрчөөгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар дараахь тайлбарыг гаргаж байна.
1. Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-ын хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан үеэс цэцэрлэгт хүрээлэнд жил бүр 100-300 ширхэг мод тарьж, нийт 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, тус өөрийн эзэмшлийн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж ирсэн юм.
2. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын нэг хэсэг болох авто зогсоол байгуулах ажил биднээс үл шалтгаалах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлогдсон болохыг анхаарч үзнэ үү. Манай байгууллагад олгосон газрын баруун тал буюу Сонсголонгын зам дагуу байрлах дулааны магистрал шугаман дээгүүр гарах гарцын асуудал шийдэгдээгүй байснаас одоог хүртэл хүнд даацын машин явах боломжгүй байна. Автомашины зогсоол байгуулах барилгын материалыг заавал хүнд даацын машин тээвэрлэх шаардлагатай байдгаас зогсоол барих ажил удаа дараа хойшлогдож байсан юм. Харин энэ жил хүнд даацын тээврийн хэрэгсэл гарах гүүрэн гарц байгуулах ажил Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зөвшөөрөгдөж, санхүүжилт нь шийдвэрлэгдсэн бөгөөд бид цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас ордог гарц гарган ногоон байгууламж бүхий авто зогсоолыг өөрийн хөрөнгөөр барихаар төлөвлөөд байна.
3. Мөн манай байгууллага нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үүргээ биелүүлэн эзэмшил газраа газрын улсын бүртгэлд бүртгүүлэхээр хийлгэсэн зургаа дүүргийн газрын албанд өгсөн боловч одоог хүртэл мэдээллийн санд бүртгээгүй, кадастрын зургийг бидэнд өгөөгүй байгаа бөгөөд газрын албанаас эзэмшил газрын хил хязгаарыг тэмдэглэсэн кадастрын зураг өгөөгүйгээс бусад зураг төслийн ажлууд хойшлогдож хугацаа алдаж байсан зэрэг бидний үйл ажиллагаанаас үл шалтгаалах асуудлууд зогсоол байгуулах ажлыг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд нөлөөлж байсан.
4. Түүнчлэн манай байгууллагын зүгээс газар эзэмшихтэй холбоотой ямар нэг зөрчил гаргаж байгаагүй ба уг газар дээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаас өөр үйл ажиллагаа явуулж байсан удаа байхгүй болно. Ийм учраас газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу манай байгууллагын газар эзэмших эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн манай байгууллагад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр
захирамжаар г ТББ-д 4000 мкв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохицуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон ба уг Засаг даргын захирамж анхнаасаа хүчин төгөлдөр бус, Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-д холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 захирамжаар ТББ-д тус дүүргийн 20 дугаар хороо, хорихын баруун талд Аж ахуйн зориулалтаар 40000 мкв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх хэсэгт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Иймд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 549 тоот захирамжийн Н ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн33.1.1, 33.1.2, 33.4-т тус тус заасныг баримтлан Нэхэмжлэгч ТББ-аас Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-ын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нар давж заалдах гомдолдоо: ... Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.5.3. 31 дүгээр зүйлийн 31.2, 33-р зүйлийн 33.1.2. 33-р зүйлийн 33.4 дэх заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
"" ТББ нь Газрын тухай хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн үеийн Баянгол дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших хүсэлтээ гаргаж улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 549 тоот захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 Станцын урд талд мод үржүүлэг, авто зогсоолын зориулалттай 40000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байдаг. Энэхүү захирамжийн дагуу манай байгууллага 2010 оны 12-р сарын 08-ны өдөр тус дүүргийн газрын албатай "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулсан ба 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Газрын албанаас 0229731 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг.
Гэтэл 2013 оны 04 сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 8/02 тоот тогтоол гаргаж уг тогтоолоор Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33-р зүйлийн 33.1.2, 33-р зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмших эрх олгосон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр манай байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгон шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү үүрэг болгосны дагуу 2013 оны 05 сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Засаг дарга "Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 8/02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/287 дугаар захирамж гаргаж манай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.
Шүүхээс маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн боловч шийдвэртээ ийнхүү үзэх болсон үндэслэлийг заагаагүй бөгөөд үүнтэй холбогдуулан тайлбар хийгээгүй байдаг. Энэ нь шүүхийн шийдвэр хууль тогтоомжид үндэслэсэн байх буюу хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33-р зүйлийн 33.1.2, 33-р зүйлийн 33.4 дэх заалтуудад тус тус заасны дагуу дүүргийн засаг дарга нь тухайн жилийн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах үүрэгтэй бөгөөд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлэх болон ашиглуулахыг хуулиар хориглосон байдаг. Дээр дурдсан хуулийн зүйл заалтуудаас харахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар нь тусгагдсан эсэхийг шалгах нь захиргаа буюу тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг байна.
Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа дээр дурдсан хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлаж иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлт гаргахдаа тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгах үүрэгтэй гэж ойлгогдохоор шийдвэртээ тусгасан байх бөгөөд захиргаа өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг өөрөө хүлээх ёстой байтал гэм буруугүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад уг хариуцлагыг хүлээлгэж байгаа нь шударга бус бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээг тодорхойлсон хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 21.1.1-д "Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт. гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх", 21.1.2-т "Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий телөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум. дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах", 20.2.1-д "Нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах" бүрэн эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д "Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина" гэж тус тус заасан байдаг бөгөөд эдгээрээс үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харин дүүргийн Засаг дарга нь газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн чиг үүргүүдийг ялгаатай тогтоож өгсөн зохицуулалт бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, дуусгавар болгох эрх хуулиар олгогдоогүй байхад бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар хариуцагч нь тогтоол гарган иргэд, хуулийн этгээдүүдийн нэрийг зааж, тэдгээрийн газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь нэг талыг барьж, эрх мэдлээ урвуулан ашигласан болон хууль зүйн үндэслэлгүй байгааг харуулж байна.
Гэтэл шүүх дээрх байдлыг харгалзан үзэлгүй шүүхийн шийдвэрийн 7-р хуудсанд "хариуцагч Засаг даргаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэж, тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий газрыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан журмыг зөрчсөн тодорхойүндэслэлүүдээр хүчингүй болгосон гэж тайлбарласан байгааг буруутгах боломжгүй байна" гэж үзсэн нь шүүх шийдвэр гаргахдаа аливаа хууль тогтоомжид үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь шүүх хэрэгт хууль зүйн талаас нь биш өөрийн таамаглалаар хандсан болохыг нотолж байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай газар эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ийнхүү цуцлах талаар бидэнд огт мэдэгдээгүй, сануулаагүй байдаг бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаад гаргасан тайлбартаа дурдсан байдаг.
Дээрхээс дүгнэн үзэхэд хууль зөрчиж, өөрт хуулийн дагуу олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/02 тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд уг хүчин төгөлдөр бус тогтоолыг хэрэгжүүлэхээр гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын А/287 дугаар захирамж мөн хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байна.
Иймд шүүх дээрх байдлаар хэрэгт хамааралтай, чухал ач холбогдолтой Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр "хууль ёсны байх" хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хоёр. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд асуудалд хандаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр эдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх ёстой байдаг. Гэтэл шүүх "Нийгмийн сайн сайхны нийгэмлэг" ТББ нь өөрийн эзэмшлийн газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан эсэхийг тогтоохдоо Холч жинчин ХХК-ийн захирал Г.Отгоны шүүхэд ирүүлсэн тайлбарыг хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ нь өөрийн эзэмшлийн газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан нэг том шалтгаан нь тухайн газар луу орох орц гарцын асуудал шийдэгдээгүй байснаас маргаан бүхий газарт хүнд даацын машин орох боломжгүй байсан болно. Газрыг зориулалтын дагуу ашиглах буюу авто зогсоол байгуулахын тулд хүнд даацын машин оруулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд дулааны магистрал шугам дээгүүр гарах машины гарц байхгүй тул газар луу баруун талаас орох боломж байдаггүй байсан мөн уг газрын зүүн талаар хамгаалалттай газар байдаг тул машин явахыг хориглодог. Уг асуудлыг шийдэхийн тулд манай байгууллага маргаан бүхий газрын хойд талд байрладаг "Холч Жинчин" ХХК-тай тохиролцож тус компанийн нэр дээр гүүрэн гарц барих тусгай зөвшөөрөл авах ажлыг хамтран хөөцөлдөж байсан бөгөөд 2013 онд "Улаанбаатар Цахилгаан Сүлжээ" ТӨХК-иас тусгай зөвшөөрөл авч гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн байдаг. Ийнхүү гүүрэн гарц барих санаачлагыг анх манай байгууллага гаргаж баримт бичиг бүрдүүлэх, төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах зэрэг үйл ажиллагаанд гар бие оролцсон байдаг бөгөөд үүнийг "Холч Жинчин" ХХК-ийн захирал Г.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх уг нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй тухайд:
Мөн хэрэгт авагдсан байгаа "Могүмб констракшн" ХХК-ийн гүйцэтгэсэн маргаан бүхий газар авто зогсоолын зориулалттай цэцэрлэгт хүрээлэнгийн эскиз зураг төсөл болон уг зураг төслийг хийлгэхэд манай байгууллагаас төлсөн төлбөрийн баримтыг шүүх нотариатаар гэрчлүүлээгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан эскиз зураг болон төлбөрийн баримт нь эх хувиараа байдаг бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 44-р зүйлийн 44.2 дахь хэсэгт "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол хуулбарыг нь өгнө" гэж заасан байдаг. Гэтэл шүүх хэрэгт чухал ач холбогдолтой, хууль зүйн хувьд бүрэн хүчин төгөлдөр нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
Хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй тухайд:
Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцална гэсэн байдаг. Уг зүйлд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 тоот тогтоолд "1.10.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч "Ни" ТББ нь 2010 оны 12 сараас эхлэн маргаан бүхий газрыг эзэмшиж эхэлсэн байдаг бөгөөд 2011 оноос эхлэн тус газарт хэрэгжүүлэх авто зогсоол барих ажлын төлөвлөгөөг гаргаж хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхээр ажиллаж байсан. Ингээд 2012 оноос эхлэн авто зогсоол барих ажлыг эхлүүлэх гэсэн боловч дээр дурдсан хүнд даацын машин орох гарцын асуудал шийдэгдээгүйгээс ажил хойшлогдсон бөгөөд тухайн үеэс гүүрэн гарц барих зөвшөөрөл авахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ингээд 2013 онд гүүрэн гарц барих зөвшөөрөл авч ажлыг гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн тус газар дээр баригдах авто зогсоолын эскиз зургийг хийлгэж ажлаа эхлүүлэхээр бэлдэж байтал манай газар эзэмших гэрчилгээ цуцлагдсан гэдгийг олж мэдсэн байдаг. Үүнээс хойш өдийг хүртэл газар эзэмших эрх маргаантай байгаа тул ямар ч ажил хийгдээгүй байгаа болно. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд нэхэмжлэгч уг нөхцөл байдлыг арилгахын тулд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан байдаг. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай холбогдуулан ямар ч тайлбар гаргаагүй байдаг. Энэ нь шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүргээ биелүүлээгүй болохыг нотолж байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 8/02дугаар тогтоолын болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн манай байгууллагад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хэрэглэх шаардлагагүй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримталсныг хасч шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийг үндэслэн Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4 станцын урд талд 40000 м.кв газрыг авто зогсоолын зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн Засаг дарга нь уг захирамжаар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, урьд нь газар эзэмшиж байгаагүй, гишүүдийнхээ хандиваар санхүүждэг, ашгийн төлөө бус ажилладаг төрийн бус байгууллагад газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй байхад нь Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах, газар эзэмших эрх шилжүүлэхэд баримталдаг 37, 38 дугаар зүйлийг үндэслэн газар эзэмших эрх шинээр олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т ... газрыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газар нь ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ... байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1-29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан ... байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 33.4-т ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн байна. Мөн газар эзэмшүүлсэн дээрх захирамжид заагаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээнд мод үржүүлэх зориулалтыг нэмж заасан нь үндэслэлгүй бөгөөд эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-д газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байна.
Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 08/02 дугаар тогтоолоор хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хянаж хүчингүй болгохыг даалгасны дагуу дүүргийн Засаг дарга 2013 оны А/287 дугаар захирамжаар Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-д хууль зөрчиж газар эзэмшүүлсэн 2010 оны 549 дүгээр захирамжаа хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Захиргааны байгууллага нь өөрийн гаргасан алдаагаа засаж хууль бус захирамжаа хүчингүй болгох эрхтэй хэдий ч нэхэмжлэгч нь тухайн үед эрх бүхий этгээдийн олгосон газар эзэмших эрхийг хэрэгжүүлж зориулалтын дагуу газар дээрээ үйл ажиллагаа явуулж тухайн газар дээр өөрт болон нийгэмд хэрэгцээтэй үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь газар дээрээ тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа уг газар дээр мод тарьж байсан талаар дурдаж, фото зураг хавсаргасан боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдоогүй /шүүхэд хуурамч баримт бүрдүүлэн ирүүлсэн/, мөн дулааны шугам дээгүүр гарцгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбарласан боловч энэ нь хотын болон дүүргийн газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх олгогдоогүйтэй холбоотой, өөрөөр хэлбэл анхнаасаа уг газрыг бусдад эзэмшүүлэхээр төлөвлөөгүйгээс уг газарт орц, гарц, авто зам байхгүй, мөн байжээ гэж дүгнэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүх гүүрэн гарц барихаар хөөцөлдөж байсан, авто зогсоолын эскиз зургийг хийлгэж ажлаа эхлүүлэхээр бэлдэж байсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг зөв үнэлж нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байх тул захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үндэслэлтэй дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийн заалт нь уг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэхээргүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтаас ... 33.1.1, гэснийг хасч өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нийгмийн сайн сайхны нийгэмлэг ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, О.Майцэцэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ