| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0154/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/279 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/279
2019/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жын Бд холбогдох эрүүгийн 1912001790171 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Заамар гоулд ХХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .......................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Жын Б/РД:АМ........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Жын Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 04-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Баг баруун нүд орчим нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912001790171 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Багийн өгсөн:
“...2019 оны 03 сарын 10-ны шөнийн 03 цаг болж байхад манай нөхөр гэртээ согтуу ирсэн. Гэртээ согтуу ирээд хэрүүл нэхээд бид хоёр маргалдаад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Би айгаад цагдаа дуудсан. Манай нөхөр бид хоёр байсан. Манай хашаанд манай үеэл Б.Ханджав дүүгийнх байдаг болохоор дүүгийнд орсон. Тэгээд дүү ээжийг дуудаж ээж сүүлд нь ирсэн. Миний биед одоо зовиур байхгүй. Тухайн үед миний нүдэнд цус хуралттай байсан. Надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Ж.Тийн өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө унтаж байх үед манай бэр Б.Ба над руу утсаар залгаж намайг танай дүү зодчихлоо ирж дүүгээ ав гээд байсан тэгэхээр нь би гүйгээд очтол Ж.Бийг цагдаа нар аваад явсан Б.Ба ганцаараа гэртээ байсан санагдаж байна. Тухайн үед Б.Багийн баруун нүд хөхөрч няцарсан байдалтай байсан тэр үед Б.Ба намайг Ж.Б ийм болгочихлоо би дүүг чинь цагдаад өгөөд явуулсан шүү надад битгий гомдоорой та гэж хэлж байсан. Манай дүү хамт олон ч сэргэлэн цовоо зантай, хүнтэй нийтэч зантай хүн байгаа юм архи дарс уусан үедээ бол хэрүүл маргаан хийвэл бага зэрэг ширүүн зантай болох гээд байдаг. Урьд өмнө цохиж зодож байгаагүй. Б.Ба Ж.Б хоёрын хоорондын хувийн харилцаа хэвийн аль аль нь айлын бага хүүхдүүд хэн хэн нь л дураараа байдаг ер нь бол хоорондоо их л эвтэй байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Яллагдагч Ж.Бийн өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө архи уусан байх үедээ гэртээ очоод тэгээд зүгээр унтаж амарч чадалгүй эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд улмаар уурлаж эхнэр Б.Багийн нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл манай эхнэр уурлаад цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Би тухайн үед их согтсон байсан. Уг нь ямар нэгэн шалтгаан гэх зүйл байхгүй, гэхдээ архи ууж гэртээ хариад эхнэртэйгээ жаахан зүйлээс л болж маргасан юм шиг байна лээ. Тэгээд л уурандаа нэг удаа цохьсон байсан. Би нэг удаа гараараа нүүр рүү нь цохьсон. Тэр үед манай эхнэр бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Б.Багийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-31 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаартай“...Б.Багийн биед, баруун нүдний алимны салстад эвэрлэгийн гадна талд улаан ягаан цус хуралт, баруун нүдний доод хэсгээр хөхөлбөр цус хуралт, дээд зовхинд зураасан зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Б.Багийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Биеийн эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Баруун нүдний алимны салстад эвэрлэгийн гадна талд улаан ягаан цус хуралт баруун нүдний доод хэсгээр хөхөлбөр цус хуралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, дээд зовхины зулгаралт нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 20 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 41, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 04-02 тоотод иргэн Б.Ба бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Багийн”... 2019 оны 03 сарын 10-ны шөнийн 03 цаг болж байхад манай нөхөр гэртээ согтуу ирсэн. Гэртээ согтуу ирээд хэрүүл нэхээд бид хоёр маргалдаад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Тийн “...2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө унтаж байх үед манай бэр Б.Ба над руу утсаар залгаж намайг танай дүү зодчихлоо ирж дүүгээ ав гээд байсан тэгэхээр нь би гүйгээд очтол Ж.Бийг цагдаа нар аваад явсан Б.Ба ганцаараа гэртээ байсан санагдаж байна. Тухайн үед Б.Багийн баруун нүд хөхөрч няцарсан байдалтай байсан тэр үед Б.Ба намайг Ж.Б ийм болгочихлоо би дүүг чинь цагдаад өгөөд явуулсан шүү надад битгий гомдоорой та гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед биед, баруун нүдний алимны салстад эвэрлэгийн гадна талд улаан ягаан цус хуралт, баруун нүдний доод хэсгээр хөхөлбөр цус хуралт, дээд зовхинд зураасан зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 135 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ж.Бийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Багийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Баг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бөгөөд шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ба нь гомдол саналгүй, талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн/хх-ийн 16 дугаар тал/ тул шүүгдэгч Ж.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жын Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
11.