| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0254/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/252 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/252
2019/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ранайхан овогт Нгийн Бт холбогдох эрүүгийн 1912006250305 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хашаат .................... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ранайхан овогт Нгийн Б/РД:ВЮ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 191206250305 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Цын өгсөн:
“...2019 оны 10 сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Н.Бийн гэрт Д.Га гээд найзтайгаа очсон. Тэгээд тухайн үед би 0.5 литрийн нэг шил Хараа нэртэй архи уугаад, Н.Б авдарнаасаа 0.75 литрийн Чингис нэртэй архи гаргаж ирээд би Н.Б, Д.Га, Ц бид хэд хувааж уусан. Тухайн үед М.Ц уугаагүй. Тэгээд байж байтал Д.Га, М.Ц хоёр гүүрний гуанз руу явсан. Тэгээд Н.Б бид хоёр тэдний гэрт үлдсэн. Тухайн үед тэдний гэрээс гараад бие засаж байтал Н.Б миний араас татаж унагаад учир зүггүй нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би Н.Бийг болно гэхэд миний дээр гарч суугаад миний нүүр рүү хоёр гараараа цохьсон. Тэгээд гуанз руу явсан Ц Д.Га хоёр ирж салгасан. Намайг гадаа бие засаад зогсож байхад учиргүй ирээд зодоод эхэлсэн. Юунаас болж зодсон талаар мэдэхгүй байна. Баруун чих ханзраад оёдол тавиулсан. Цээж хөндүүртэй, хүзүү хөшиж толгой өвдөөд байгаа, баруун шанаа халцарсан, зүүн чих халцарсан, хоёр нүд хавдсан, дух халцарсан. Өөр гэмтэл байхгүй, дотуур гэмтлийн талаар би мэдэхгүй байна. Одоогоор Н.Б миний бүх эмнэлгийн төлбөр тооцоог хийгээд явж байгаа би биеийн байдлаа харж байгаад болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч М.Цгийн өгсөн:
“...2019 оны 10 сарын 08-ны орой 20 цагийн үед гэртээ байхад манайд Д.Га Д.Ц хоёр ирсэн. Тэгээд манай нөхөр Н.Б Өсөхөө ахын гэрт очиж хонь гаргачихаад ирсэн. Тэгээд байж байтал Тулга ах өврөөсөө 2 литрийн Нийслэл нэртэй пиво гаргаж ирсэн, мөн Д.Ц нь 0.75 литрийн Хар чингис гэх архи гаргаж ирсэн. Тэгээд бид хэд тэрийг хувааж уугаад байж байтал пиво нь дууссан. Тэгээд Тулга ах дахин ганц пиво нэмж уугаад харьлаа гэсэн. Тэгээд Тулга ах бид хоёр 1 пиво нэмж аваад ирэхэд манай нөхөр Н.Б, Д.Ц хоёр гэрийн гадаа дээр доороо орчихсон зодолдож байсан. Тэгээд Тулга ах бид хоёр салгасан. Манай нөхөр надад сүүлд хэлэхдээ Д.Ц танай эхнэр Тулгатай сүүлрээд явчихлаа гээд тэр хоёрын хооронд маргаан болсон гэж хэлсэн. Д.Цын хамраас нь цус гарсан, нүүр нь хавдсан, баруун талын чихний араас цус гарсан байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/
*Гэрч Т.Цын өгсөн:
“...Би 2019 оны 10 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Тарны постонд гарч байсан. Тухайн өдөр Тарны гүүрний ойролцоо байх Н.Б гэх айлаас дуудлага ирсэн. Тэгээд би хамт гарч байсан Мягмарсүрэнгийн хамтаар очсон. Тухайн үед очиход Н.Б нь Номгон багийн иргэн Д.Цыг зодсон байсан. Баруун чихний араас цус гарсан, баруун шанаа хавдартай байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Тухайн үед Д.Ц хэлэхдээ Н.Б намайг зүгээр байхад зодсон гэж хэлсэн. Н.Бийн эхнэр М.Ц Д.Га, Д.Ц, Н.Б нар хамт архи уусан. Тухайн үед М.Ц, Д.Га хоёр дэлгүүр ороод ирэх хооронд дээрх асуудал болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Д.Гын өгсөн:
“...Би Н.Бийнд Д.Цын хамтаар нэг шил 2 литрийн пивотой очоод Н.Б, Д.Ц, бид 3 хувааж уусан. Тэгээд пиво дуусаад би Н.Бийн эхнэр М.Цтэй гүүрний хажууд байх дэлгүүрээс дахин нэг пиво аваад ирье гээд явсан. Тэгээд тухайн үед Н.Б, Д.Ц хоёр үлдсэн. Тэгээд бид хоёр яваад ирсэн чинь гэрийн гадаа тэр хоёр хоорондоо зодолдож байсан. Н.Б дээр нь гарчихсан зодож байсан. Тэгээд М.Ц салгасан. Тухайн үед харанхуй байсан, Д.Цын нүүр нь их цус болчихсон байсан. Тэгээд Д.Ц гэрт орж ирэлгүйгээр гаднаас зугтаагаад явсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаартай“...Д.Цын биед хамрын баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чих, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 19 дүгээр тал/
*Яллагдагч Н.Бийн өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16-17 цагийн орчимд би ганцаараа Тарнын гүүрний гуанзанд мал гаргаж өгч байсан чинь Д.Ц Д.Га гэх найзынхаа хамтаар ирсэн. Тэгээд тэр 2 архи авч ирээд хамт архи ууя гээд байхаар нь би архи уухгүй гээд явуулчихсан. Тэгээд би малаа янзалж дуусаад гэртээ харьсан чинь Д.Ц, Д.Га 2 манай гэрт ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэгээд бид 3 хамт архи уусан тэгсэн Д.Га дахиад архи авч ирнэ гээд манай эхнэр М.Цгийн хамтаар дэлгүүр явсан тэр хойгуур нь Д.Ц бид 2 байж байтал Д.Ц надад хандаж танай эхнэр Д.Гатай янхандах гээд явчихлаа ш дээ гээд янз бүрийн юм яриад байхаар нь миний уур хүрээд Д.Цыг барьж аваад нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад байж байх үед манай эхнэр М.Ц, Д.Га 2 ирээд бид хоёрыг салгасан. Д.Ц архи уусан байх үедээ манай эхнэрийг Д.Гатай янхандах гээд явчихлаа гэх мэт янз бүрийн юм яриад байхаар нь би уурлаад түүнийг зодох болсон. Би Д.Цыг гараараа нүүр, толгой орчимд нь хэд хэдэн удаа цохьсон. Тухайн үед Д.Ц бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-42 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 49, 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 10 дугаар сарын 09-ний орой Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвгсгэрт иргэн Т.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хамрын баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чих, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б үйлдсэн болох нь хохирогч Д.Цын”... Тухайн үед тэдний гэрээс гараад бие засаж байтал Н.Б миний араас татаж унагаад учир зүггүй нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би Н.Бийг болно гэхэд миний дээр гарч суугаад миний нүүр рүү хоёр гараараа цохьсон. Тэгээд гуанз руу явсан Ц Д.Га хоёр ирж салгасан...” гэх мэдүүлэг, гэрч М.Цгийн”...Тэгээд Тулга ах бид хоёр 1 пиво нэмж аваад ирэхэд манай нөхөр Н.Б, Д.Ц хоёр гэрийн гадаа дээр доороо орчихсон зодолдож байсан. Тэгээд Тулга ах бид хоёр салгасан. Манай нөхөр надад сүүлд хэлэхдээ Д.Ц танай эхнэр Тулгатай сүүлрээд явчихлаа гээд тэр хоёрын хооронд маргаан болсон гэж хэлсэн. Д.Цын хамраас нь цус гарсан, нүүр нь хавдсан, баруун талын чихний араас цус гарсан байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Цын”...Тухайн өдөр Тарны гүүрний ойролцоо байх Н.Б гэх айлаас дуудлага ирсэн. Тэгээд би хамт гарч байсан Мягмарсүрэнгийн хамтаар очсон. Тухайн үед очиход Н.Б нь Номгон багийн иргэн Д.Цыг зодсон байсан. Баруун чихний араас цус гарсан, баруун шанаа хавдартай байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Тухайн үед Д.Ц хэлэхдээ Н.Б намайг зүгээр байхад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын”... Тэгээд тухайн үед Н.Б, Д.Ц хоёр үлдсэн. Тэгээд бид хоёр яваад ирсэн чинь гэрийн гадаа тэр хоёр хоорондоо зодолдож байсан. Н.Б дээр нь гарчихсан зодож байсан. Тэгээд М.Ц салгасан. Тухайн үед харанхуй байсан, Д.Цын нүүр нь их цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 480 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл хоёр шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Н.Бийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Ц нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ранайхан овогт Нгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР