| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0279/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/274 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/274
2019/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч:Н.Цогтбаяр
Шүүгдэгч: О.Ю
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Оын Юид холбогдох эрүүгийн 1912006600359 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх ................... газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Гал овогт Оын Ю/РД:АИ.................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912006600359 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ш.Пын өгсөн:
“...Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 02:00 цагийн үед Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Жинст гэх газар оршин суух Хамбаараа хочтой О.Юийн гэрт Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр О.Ю эхнэр Гантуяагаас архи ууя гэж нэхээд өдөржин тайван байлгахгүй шаналгаад байсан. Тухайн үед гэрт нь би болон Гантуяа, ойр орчимд байдаг төрөл садангийн хүмүүс нь О.Юнцэндоржийн гэрт мал гаргахаар ирсэн байсан. Тухайн үед эхэндээ архи нэхээд шалаад байсан боловч гэртээ ороод Гантуяа болон О.Ю нар хоорондоо маргалдаад байсан. Би мэдсэн боловч эхнэр нөхрийн хооронд ороод яах вэ гэж бодоод гэрт нь ороогүй юм гэтэл намайг Гантуяа хүүхэд Янжиндуламаар гэрт ороод ир гэж хоёр удаа дуудуулсан. Би гэрт нь яваад орох үед хоорондоо маргалдаад Гантуяа уйлаад гэрийн хоёр талд сууж байсан. О.Юийг чи битгий хэрүүл маргаан үүсгээд бай гадаа хүн амьтан ирсэн байна гэхэд намайг чи битгий хуцаа надад энэ гэр орон, үр хүүхэд хэрэггүй, хамаагүй пизда минь гээд надаас хэрүүл нэхээд элдэв үгээр хэлж эхэлсэн. Би хариуд нь гэр орон чинь хэрэггүй юм бол гараад яв хол яв гэхэд тэгвэл би шатаачихаад явна гэж хэлээд О.Ю асаагуур гаргаж ирээд хөшигөө доод хэсгээс нь шатаагаад эхэлсэн. Би тухайн үед гэрээ шатаах нь гэж бодоод О.Юнцэндоржийн асаагуурыг авахаар очих үед надад өгөхгүй гээд эсэргүүцсэн. О.Ю асаагуур өгөхгүй гэж над руу дайраад миний толгой болон шанаа хэсэг газарт нэг дор гурван удаа гараараа цохьсон би цохиулаад айсандаа асаагуурыг нь авч чадаагүй гэтэл чамд өгөхгүй, чамд ер нь ямар хамаатай юм бэ гэж хэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг дахин О.Ю гараараа цохьсон. Би гэрээ шатаах гэхээр нь зогсоох санаатай үг хэлтэл миний өөдөөс дайрсан юм өөр маргалдсан зүйл байхгүй. Намайг О.Ю эхлээд гурван удаа баруун гараараа цохьсон, цохихдоо миний толгой болон шанаа, нүүрний хэсэг газарт цохьсон, дараа нь дахин баруун гараараа толгой хэсэг газарт цохиод байсан нийт 6-аас 7 удаа цохьсон. Намайг цохих үедээ дандаа гараараа цохьсон, зүүн талын гар нь гэмтэлтэй байсан учраас дандаа баруун гараараа цохьсон. Баруун гарт нь гэрээ шатаах гээд байсан цэнхэр өнгийн асаагуур байсан. Би гараас нь асаагуур авах гэж ноцолдсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Гэрээ шатаах гээд асаагуураар гал тавиад байхаар нь асаагуурыг гараас нь булааж авсан. Зөвхөн гарт нь байсан асаагуурыг авсан авсан өөр баидлаар биед нь хүрээгүй. Асаагуур О.Юийн баруун гарт нь байсан. Миний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд О.Юийг хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/
*Гэрч П.Сын өгсөн:
“...Би тухайн өдөр О.Юийн гэрт мал гаргаж тус болох гээд тэдний гэрт очсон байсан. О.Юийн гэрийн гадаа мал гаргах гээд О.Юийн хамаатан Ш.П, мөн Гантуяа, манай эхнэр Б.Б бид нар юм хийгээд байж байсан. Тухайн үед О.Ю гэмтэлтэй байсан учраас туслаж байсан юм гэтэл бид нарыг гадаа мал гаргаад байж байхад О.Ю гэртээ эхнэр Гантуяатай хэрэлдээд байсан яг юу гээд байгаа нь сайн сонсогдохгүй байсан гэхдээ хэрэлдээд, хоорондоо маргалдаж байгаа нь мэдэгдсэн. Удалгүй Ш.П би энэ хоёрыг орж хараад ирье гэж хэлээд гэрт нь яваад орсон удалгүй Ш.П ороод бас маргалдаад байх шиг байсан юу гэж байсан талаар сонсоогүй. Ш.П гэрээс гарч ирээд цагдаа дуудаж өгнө гээд л байсан бид нар малаа гаргаж дуусаад гэр гэртээ харьсан дараа нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би гэрийн гадаа мал гаргаад байж байсан болохоор хэлж мэдэхгүй байна, Ш.П ямар ч байсан гэрээс гарч ирээд намайг О.Ю цохьсон цагдаад өгнө гэж хэлж байсан. О.Ю гэрээ шатаасан зүйл байхгүй. Тухайн үед Б.Б, Ш.П, О.Ю, Гантуяа нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нутгийн О.Ю гэх айл мал гаргаж тус болооч гэхээр нь тэднийд мал гаргахаар очсон байсан. Тухайн өдөр О.Юийн гэрт тэдний хамаатан Ш.П, мөн Гантуяа, П.С бид нар юм хийгээд байж байсан. О.Ю гэмтэлтэй байсан учраас гэртээ байсан удалгүй эхнэр Гантуяатайгаа хэрэлдээд байсан яг юу гээд байгаа нь сайн сонсогдохгүй байсан гэхдээ хэрэлдээд, хоорондоо маргалдаж байгаа нь мэдэгдсэн. О.Юийн хамаатан Ш.П гэх эгч би энэ хоёрыг орж хараад ирье гэж хэлээд гэрт нь яваад орсон удалгүй Ш.П эгч ороод О.Ютой маргалдаад байсан юу гэж хэрэлдээд байсан талаар сонсоогүй. Ш.П эгч гэрээс гарч ирээд цагдаа дуудаж О.Юийг өгнө гээд л байсан бид нар малаа гаргаж дуусаад гэр гэртээ харьсан дараа нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би гэрт байгаагүй гадаа мал гаргаж байсан болохоор хэлж мэдэхгүй байна, Ш.П ямар ч байсан гэрээс гарч ирээд намайг О.Ю цохьсон цагдаад өгнө гэж хэлж байсан. Би гэрийн гадаа байсан. Тухайн үед П.С, Ш.П, О.Ю, Гантуяа нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 450 дугаартай“...Ш.Пын биед, тархи доргилт, зүүн хацар шанаанд, зүүн гарын бугалганд зөөлөн эдэд няцралт, баруун гарын шууны дотор дунд хэсэгт, баруун шилбэний урд доод хэсэгт жижиг жижиг цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, зүүн хацар шанаа, зүүн гарын бугалганд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт, баруун гарын шууны, баруун хөлийн шилбэний жижиг цус хуралтууд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 22 дугаар тал/
*Яллагдагч О.Юийн өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн гэртээ байж байгаад эхнэр Гантуяатай мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдсан тэр үед Ш.П орж ирээд манай эхнэрийг өмөөрч надтай маргалдсан тэгээд би гэрээсээ гар гээд хөөсөн гарахгүй гэхээр нь уурандаа Ш.Пын толгой болон шанаа хэсэгт нь 2-3 удаа цохиж зодсон. Би тухайн үед өөрийн эхнэр Гантуяатай хэрүү маргаан хийгээд байж байх үед Ш.П дундуур орж ирээд манай эхнэрийг надаас өмөөрч надтай хэрүүл маргаан хийж эхэлсэн үүнээс болж би уурандаа Ш.Пыг цохиж зодох болсон. Би 2-3 удаа гараараа Ш.Пын толгой шанаа орчимд цохиж зодсон. Ш.Пын биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-33 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 40, 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.П нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, шанаа, зүүн гарын бугалганд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Ю үйлдсэн болох нь хохирогч Ш.Пын”... Би гэрт нь яваад орох үед хоорондоо маргалдаад Гантуяа уйлаад гэрийн хоёр талд сууж байсан. О.Юийг чи битгий хэрүүл маргаан үүсгээд бай гадаа хүн амьтан ирсэн байна гэхэд намайг чи битгий хуцаа надад энэ гэр орон, үр хүүхэд хэрэггүй, хамаагүй пизда минь гээд надаас хэрүүл нэхээд элдэв үгээр хэлж эхэлсэн. Би хариуд нь гэр орон чинь хэрэггүй юм бол гараад яв хол яв гэхэд тэгвэл би шатаачихаад явна гэж хэлээд О.Ю асаагуур гаргаж ирээд хөшигөө доод хэсгээс нь шатаагаад эхэлсэн. Би тухайн үед гэрээ шатаах нь гэж бодоод О.Юнцэндоржийн асаагуурыг авахаар очих үед надад өгөхгүй гээд эсэргүүцсэн. О.Ю асаагуур өгөхгүй гэж над руу дайраад миний толгой болон шанаа хэсэг газарт нэг дор гурван удаа гараараа цохьсон би цохиулаад айсандаа асаагуурыг нь авч чадаагүй гэтэл чамд өгөхгүй, чамд ер нь ямар хамаатай юм бэ гэж хэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг дахин О.Ю гараараа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч П.Сын”... Ш.П ороод бас маргалдаад байх шиг байсан юу гэж байсан талаар сонсоогүй. Ш.П гэрээс гарч ирээд цагдаа дуудаж өгнө гээд л байсан бид нар малаа гаргаж дуусаад гэр гэртээ харьсан дараа нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ш.П ямар ч байсан гэрээс гарч ирээд намайг О.Ю цохьсон цагдаад өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”... Ш.П эгч гэрээс гарч ирээд цагдаа дуудаж О.Юийг өгнө гээд л байсан бид нар малаа гаргаж дуусаад гэр гэртээ харьсан дараа нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би гэрт байгаагүй гадаа мал гаргаж байсан болохоор хэлж мэдэхгүй байна, Ш.П ямар ч байсан гэрээс гарч ирээд намайг О.Ю цохьсон цагдаад өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч О.Юийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 450 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл хоёр шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч О.Юийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Юийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч О.Ю нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ш.П нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч О.Юийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ю нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ю нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гал овогт Оын Юийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Юийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ю нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ю нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Ю нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Юид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР