| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0272/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/273 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/273
2019/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ш.Наранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангай овогт Пгийн Бд холбогдох эрүүгийн 1912006300323 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг .....................х хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хангай овогт Пгийн Б/РД:ИЦ..................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг Овоотой хөтөл гэх газар Приус-20 маркийн 80-01 ХӨҮ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалт, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Сыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912006300323 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн өгсөн:
“...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 05:30 минутад манай Номгон багийн дарга Б над руу залгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт танай хүү С зам тээврийн ороод хүргэгдээд ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт иртэл минии хүү Д.С нь ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед эмч нар нь яаралтай хот руу явах шаардлагатай гэж хэлсний дагуу тус эмнэлгээс албаны автомашин гарган өгч Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төвд оройны 20:00 цагийн орчимд хүргэгдэн очоод эрчимт эмчилгээ, холбогдох бүх шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ болон тархины хагалгаанд орсон улмаар миний хүү баруун тархи задарсан гэх оношоор гэмтлээ дийлэлгүй 2019 оны 10 дугаар сарын 23-ны оройны 22 цагийн орчимд нас барсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найзындаа очлоо гэж хэлээд Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоо унаад ганцаараа гэрээсээ явсан. Тэгээд буцаад гэр рүүгээ ирж яваад зам тээврийн осолд орсон байсан. Манай хүү Д.С нь Архангай аймгийн Хашаат суманд 1996 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн/АС................./. Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургуулийг дүүргэсэн. Бүрэн дунд боловсролтой. Ааш зан даруухан, хүнтэй нөхөрсөг, найз нөхөд олонтой хүн. Хилийн 0151 дүгээр ангид 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд алба хаасан. Найз нөхөдтэйгээ нийлэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Одоо надад гомдол, санал байхгүй. Нэгэнт л ийм зүйл болоод өнгөрлөө...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/
*Гэрч Б.Бгийн өгсөн:
“...Би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цагийн үед П.Бы гэрийнхэнтэй нь хамт гарсан. Тэгээд Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10 дугаар сарын 17-ны шөнийн 03:00 үед явж байхад урдаас тод гэрэлтэй машин гэрлээ гялбуулаад зөрсөн. Тухайн машины гялбаанаас гараад зөрөх үед зам дээр мотоциклийнхаа хажууд хүн зогсож байсан. Тэгтэл жолооч тухайн хүнийг хараад замын хажуу руу буюу баруун тал руу машинаа дараад замаас гараад зогссон. Машинаас буугаад жолоочийн хамт тухайн хүн дээр гүйгээд очтол мотоциклийнхоо урд баруун хөл нь дарагдсан, зүүн хөл нь урд дугуйны дээр, цээж хэсгээрээ дээшээ харсан, толгойноос нь цус гарсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд босгож аваад машиндаа суулгаад, мотоциклийг нь замын хажуу руу гаргаж тавиад хүнээс зам асуугаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Гэрэлд гялбуулаад 40-50 км/ц хурдтай явж байсан. Ер нь тухайн жолооч нь хурд хэтрүүлэлгүй тайван явж байсан. Огцом хурд удаашраад хажуу тийш дарсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэгхх-ийн 47-50 дугаар тал/,
*Гэрч Л.Шийн өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед нөхөр П.Б, ажлын ах Б.Б, хүү Баяржавхлан, охин Нандин нарын хамт хувийн ажлаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 80-01 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 03:00 цагийн үед би хүүхдүүдтэйгээ арын суудал дээр унтаад явж байтал гэнэт чанга чимээ сонсогдоод сэрээд хартал машин замын хажуу руу орсон байсан. Тухайн үед мотоцикльтой хүн гарч ирж шүргэлдчихлээ гэж байсан. Эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэтэл утасны сүлжээ байхгүй, газар мэдэхгүй яах учраа олохгүй тухайн хүнийг машиндаа суулгаад хүнээс зам асууж байгаад Хархорин сумын эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Манай нөхөр П.Б жолоодож явж байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Уг нь манай нөхөр П.Б хурдтай явдаггүй 70, 80 км/цагийн хурдаас дээш гаргадаггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-54 дүгээр тал/
*Гэрч Ч.Агийн өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн сувилагчаар гарч байсан. Тухайн өдөр 03 цаг 30 минутын үед бага эмч Отэй хамт байж байхад гаднаас нэг ах би мотоцикльтой хүн шүргэчихлээ гэхээр нь хаана байнаа гэхэд гадаа машинд байгаа гэсэн. Тэгээд 2 ах тухайн өвчтөнийг өргөж оруулж ирээд ажиглалтын өрөөнд байрлуулсан. Бага эмч өвчтөнд үзлэг хийсэн би тухайн өвчтөнд хүчилтөрөгч залгаж, 2 гарт нь уяан зүү тавьсан. Мөн эмч нарын хийх шаардлагатай гэж хэлсэн эмчилгээнүүдийг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн. Мөн биеийн байдлыг цаг тутамд хянаж ажилласан. Тухайн өвчтөн нь их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай маш их үнэртэж байсан. Мөн соруулын аппаратаар хоолойд нь хоржигноод байсан зүйлийг 20-30 минутын зайтай соруулж ажилласан...” гэх мэдүүлэг / хх-ийн 55-57 дугаар тал/
*Гэрч Д.Оийн өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн бага эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдрийн 03 цаг 30 минутын орчимд мотоцикльтой явж байгаад зам тээврийн осолд орсон хүн байна, би шүргэчих шиг боллоо гээд нэг ах хэлэхээр нь хаана байгаа вэ гэхэд гадаа машинд байгаа гээд оруулж ирээд ажиглалтын өрөөнд оруулж хэвтүүлэхэд өвчтөн цонхигор цагаан царайтай, хурхирсан хоолой дээр нь юм байгаа юм шиг хоржигноод дугараад байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд толгой нь хагарч цус гоожиж хатсан байдалтай байсан. Үзлэгээр зүрхний цохилт 81, артерийн даралт 130/70, баруун нүдний хүүхэн хараа өргөссөн, зүүн тал нь нарийссан байсан. Тэгээд гэрлийн урвал мэдрэхгүй, эвэрлэгийн реплекс нь мэдрэхгүй сул байсан. Тухайн үед манай сувилагч хүчилтөрөгч залгаж, ерөнхий эмч Ут мэдэгдсэн. Тэгээд өвчтөнд уяан зүү тавьж витамин С буюу цус тогтоох хийсэн. Тухайн өвчтөны хоолойн дээр хоржигноод байсан зүйлийг сорох аппаратаар соруулан авсан. Мөн үзлэг хийх явцад өвчтөнөөс архи болон нэвширсэн үнэр үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-60 дугаар тал/
*Гэрч Л.Уын өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө тус аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг 35 минутанд 70327103 гэсэн дугаарын утаснаас хүлээн авах дээр аваарт орсон ухаангүй хүн ирлээ гэж хэлсний дагуу хүүхэд төрүүлээд нярайгаа авчихаад яваад очиход ажиглах өрөөнд автомашины осолд орсон гэх 25 орчим насны эрэгтэй хүн толгойн зүүн талдаа цус болсон, нүүр амандаа ил харагдах шарх соривгүй, толгойндоо бэртэл авсан, орчиндоо харьцахгүй, ухаангүй, хөдөлгөөний идэвхигүй, нүдний хүүхэн хараа баруун талдаа өргөссөн, зүүн талдаа нарийссан, нүдний эвэрлэгийн болон сормууснаас урвалгүй, тойгны хариу урвалгүй, зүрх тод, хэл нь жигд, уушиг 2 талдаа амьсгалтай, артерын даралт 130/70-тай байсан. Захын судасны хүчилтөрөгчийн хангамж 93 хувьтай, зүрхний цохилт 82 хувьтай, амьсгал 22 удаа байсан. Хэвлийг тэмтрэхэд булчингийн чангаралгүй тайван байсан. Үзлэгээ хийж дуусаад эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн. Үүнд давсганд нь катетар тавьж 300 мл шар өнгэтэй шээс авсан. Мөн шаардлагатай эмчилгээнүүдийг авч эмч нарын хамтарсан үзлэг зарлаж хамтран үзлэгийг зохион байгуулсан. Хамтарсан үзлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Долгор, мэс заслын эмч Лхагвасүрэн, эрчимт эмчилгээ, мэдээгүйдлийн эмч Чулуунцэцэг, лаборонт Энхтуяа нар оролцсон. Тэгээд уг хүнийг авч ирсэн хүмүүст биеийн байдлыг танилцуулсан. Одоо тус хүний биеийн байдал маш муу байна. Амин үзүүлэлтүүд тогтворгүй байна. Амин үзүүлэлт тогтворжвол нэн даруй Улаанбаатар хотын Гэмтэл, согог судлалын эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-64 дүгээр тал/
*Яллагдагч П.Бы өгсөн:
“...Амь хохирогч нь миний явж байсан урсгал буюу ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлийн урсгалд зорчих хэсгийн голд мотоциклийн баруун талд нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай зогсож байсан. Эсрэг урсгалд явж байсан автомашины гэрлийн гялбаанаас гармагц урд талд ямар нэгэн гэрэл гэгээ байхгүй мотоцикль, хажууд нь хүн тулаад ороод ирсэн. Надад эсрэг урсгал руу дарах боломж байгаагүй эсрэг урсгалд тээврийн хэрэгсэл явж байсан, мөн тулаад ороод ирсэн болохоор боломжтой тал руугаа зайлуулж дарсан. Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн гол ХХК-д дулааны механикч ажилтай. Эсрэг урсгалд явж байсан автомашины гэрлийн гялбаанаас гарангуут 1.50 метр орчим зайтай харагдаж байсан. Надад ямарч самбаачлага хийх боломж байгаагүй. Тормозоо гишгээд тээврийн хэрэгслийг замын баруун тийш дарсан. Саадаас гарч амжаагүй амь хохирогч Д.Сыг мөргөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 97-101 дүгээр тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2316 дугаартай ”...Талийгаач Д.Сын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн зулайгаас зүүн чамархай, суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцралт, тархины эдийн гүн дэх болон ховдол дахь цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүдийг босоо байрлалд байхад авсан байх боломжтой байна. Талийгаачид задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Д.С нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь ABO системээр Ba(lll) бүлгийн цустай байжээ. Талийгаач нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно...” гэх дүгнэлт/хх-ийн 80-86 дугаар тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай“...Приус-20 маркийн 80-01 ХӨҮ тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Приус-20 маркийн 80-01 ХӨҮ тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Иргэн Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Т.Прүис-20 маркийн 80-01 ХӨҮ тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зурагт, осол болсон гэх газар авто машины тоормосны гэх ямар нэгэн ул мөр тэмдэглэгдээгүй байгаа тул Т.Прүис-20 маркийн 80-01 ХӨҮ тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэлгүй байна. Гурав дугаар асуултаар хариулагдсан. Иргэн Д.С нь мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болон явганаар замын хөдөлгөөнд оролцсон нь тодорхойгүй байгаа тул асуултад хариулах боломжгүй байна. Жолооч П.Б РД:/ИЦ87041793/ жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүхэд В ангиллын 780968 дугаарын жолооны эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич:Хуулбарыг хавсаргав. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зурагт осол болсон гэх газрын авто замын эвдрэлийн талаарх нотлох баримт авагдаагүй байгаа тул замын нөхцөл байдал уг зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар тал/
*Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 113 дугаар тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг Овоотой хөтөл гэх газар П.Б нь Приус-20 маркийн 80-01 ХӨҮ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т “Хэрэв жолоочийн үд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалт, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Сыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 05:30 минутад манай Номгон багийн дарга Б над руу залгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт танай хүү С зам тээврийн ороод хүргэгдээд ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт иртэл минии хүү Д.С нь ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед эмч нар нь яаралтай хот руу явах шаардлагатай гэж хэлсний дагуу тус эмнэлгээс албаны автомашин гарган өгч Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төвд оройны 20:00 цагийн орчимд хүргэгдэн очоод эрчимт эмчилгээ, холбогдох бүх шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ болон тархины хагалгаанд орсон улмаар миний хүү баруун тархи задарсан гэх оношоор гэмтлээ дийлэлгүй 2019 оны 10 дугаар сарын 23-ны оройны 22 цагийн орчимд нас барсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...Тухайн машины гялбаанаас гараад зөрөх үед зам дээр мотоциклийнхаа хажууд хүн зогсож байсан. Тэгтэл жолооч тухайн хүнийг хараад замын хажуу руу буюу баруун тал руу машинаа дараад замаас гараад зогссон. Машинаас буугаад жолоочийн хамт тухайн хүн дээр гүйгээд очтол мотоциклийнхоо урд баруун хөл нь дарагдсан, зүүн хөл нь урд дугуйны дээр, цээж хэсгээрээ дээшээ харсан, толгойноос нь цус гарсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд босгож аваад машиндаа суулгаад, мотоциклийг нь замын хажуу руу гаргаж тавиад хүнээс зам асуугаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Шийн”... 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 03:00 цагийн үед би хүүхдүүдтэйгээ арын суудал дээр унтаад явж байтал гэнэт чанга чимээ сонсогдоод сэрээд хартал машин замын хажуу руу орсон байсан. Тухайн үед мотоцикльтой хүн гарч ирж шүргэлдчихлээ гэж байсан. Эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэтэл утасны сүлжээ байхгүй, газар мэдэхгүй яах учраа олохгүй тухайн хүнийг машиндаа суулгаад хүнээс зам асууж байгаад Хархорингийн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Агийн”... Тухайн өдөр 03 цаг 30 минутын үед бага эмч Отэй хамт байж байхад гаднаас нэг ах би мотоцикльтой хүн шүргэчихлээ гэхээр нь хаана байнаа гэхэд гадаа машинд байгаа гэсэн. Тэгээд 2 ах тухайн өвчтөнийг өргөж оруулж ирээд ажиглалтын өрөөнд байрлуулсан. Бага эмч өвчтөнд үзлэг хийсэн би тухайн өвчтөнд хүчилтөрөгч залгаж, 2 гарт нь уяан зүү тавьсан. Мөн эмч нарын хийх шаардлагатай гэж хэлсэн эмчилгээнүүдийг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн. Мөн биеийн байдлыг цаг тутамд хянаж ажилласан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Сын биед гавлын зүүн зулайгаас зүүн чамархай, суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцралт, тархины эдийн гүн дэх болон ховдол дахь цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, аалзан хальсан доорхи цус харвалтын улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2316 дугаартай дүгнэлт, П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар гаргасан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бы авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Сын амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт иргэн Д.С нь мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болон явганаар замын хөдөлгөөнд оролцсон нь тодорхойгүй байгаа тул асуултад хариулах боломжгүй байна гэж хариулсан нь учир дутагдалтай байна, хохирогч Д.С нь мотоциклийнхоо хажууд шүүгдэгч П.Бы явж байсан эгнээнд зогсож байсан талаар гэрч Б.Б, яллагдагч П.Б нар мэдүүлсэн, хохирогч Д.С явган байсан, мотоцикльтой явж байсан аль нь ч байсан зам дээр явж байсан тул замын хөдөлгөөний оролцогч гэж тодорхойлогдоно, замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Иймд хэн аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна, П.Б өөрийн эгнээнд зорчиж явсан, эгнээгээ өөрчлөөгүй, тухайн нөхцөлд самбаачлах хугацаа бага байсан, саадыг шууд очиж мөргөөгүй, хурдаа огцом багасгасан гэж гэрч Б мэдүүлдэг, 100 хувь буруутай гэж үзэхэд эргэлзээтэй, 73 тоот дүгнэлтээр ослын шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоож өгөөгүй, учир дутагдалтай гарсан байна. Иймд эргэлзээтэй нөхцөл байгаа тул шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж П.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...18.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Д.Сыг мөргөж, түүний эрүүл мэндэд гавлын зүүн зулайгаас зүүн чамархай, суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцралт, тархины эдийн гүн дэх болон ховдол дахь цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, аалзан хальсан доорхи цус харвалт бүхий гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал эргэлээгүйгээр тогоогдсон болно. Харин амь хохирсон Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрсөн талаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан бөгөөд хохирогчийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь П.Бы гэм бурууг цагаатгах үндэслэл болох боломжгүй юм. Шүүгдэгч П.Бы мэдүүлэгт хурц гэрэлтэй машин зөрөөд, гэрлийн гялбаанаас гарахад урд саад байсан талаар мэдүүлдэг бөгөөд, жолооч нь нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоогоогүй, мөн харанхуй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас хохирогч Д.Сыг дайрч амь насыг нь хохироосон байна.
Иймд шүүгдэгч П.Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн болно.
Шүүгдэгч П.Б нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд түүний өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэл болгох боломжгүй юм.
Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хангай овогт Пгийн Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэсгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч П.Бд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР