| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03563/И |
| Дугаар | 181/ШШ2017/03066 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2017/03066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МД ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Х-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт 2.985.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ МД ХХК-ийн тээврийн хэрэгслийн №1600030237 тоот гэрээ даатгуулагч Прогресс капитал ББСБ-ийн 0496 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэг, ................. Дарь-Эхийн уулзварын замд Г овогтой М нь жолоодон явж байтал 67-07 УБА улсын дугаартай Н-санни маркийн автомашины жолооч Х.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7 дугаар заалтыг зөрчсөний улмаас мөргөж 2.985.500 төгрөгийн хохирол учруулсан.
Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулж 2.985.500 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..” гэж зааснаар Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу хохирол шаардах эрхийг П капитал ББСБ ХХК-иас шилжүүлэн авсан болно.
Иймд Х.Х оос гэм хориын хохиролд 2.985.500 төгрөгийг гаргуулж, МД ХХК-д гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Миний бие Х овогтой Х би Г овогтой М-ын тоёота приус маркийн машиныг мөргөсөн нь үнэн бөгөөд хохирлын мөнгийг МД аас нууцаар авсан байсан. Үнэн хэрэгтээ МД аас давхар ахин нэхэмжлэлт гаргаж 2.985.500 төгрөг авахаар хөөцөлдөж байна.
Миний бие энэ төлбөрийг төлөх боломжгүй учир нэгэнт шүүхээр шийдэгдэж хүчингүй болгосон.
Машин өөрөө даатгалтай мөртлөө давхар авах өргөдөл гаргасан байна.
Нэгэнт хүчингүй болгосон тул дахин хэрэг үүсгэх боломжгүй учир хүлээн авахыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МД ХХК нь хариуцагч Х.Х оос даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт нөхөн төлбөр 2.985.500 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь Тоёота приус маркийн автомашиныг мөргөсөн нь үнэн, өмнө нь шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, дарь эхийн уулзварын замд П капитал ББСБ-ын эзэмшлийн 04-96 УНЦ Тоёота приус маркийн автомашиныг 67-07 УБА улсын дугаартай Ниссан Санни маркийн автомашины жолооч Х.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасныг зөрчиж, нийт 2.985.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 437 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 11 дэх тал/
Г.М, МД ХХК нар нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1600030237 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, энэхүү гэрээ, хэлцлийн дагуу МД ХХК нь Х.Х ын гэм хорын хохирлыг даатгалын 1600030237 тоот гэрээний дагуу 2.985.500 төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Г.Мөнхбатад төлсөн болох нь нотлогдож байна. /хх-ийн 9 дэх тал/
Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Г.Мөнхбатаас шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан байна.
МД ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалын нөхөн төлбөрт төлсөн 2.985.500 төгрөгийг Х.Х оос шаардах эрхтэй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.Х оос 2.985.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МД ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Х.Х 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба хариуцагч мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гардаж авчээ.
Шүүхээс хариуцагч Х.Х нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан хариуцагч Х.Х оос 2.985.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МД ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.720 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХБАЯР