Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/253

 

 

                                                                                                                                                          

 

                               2019/ШЦТ/253

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цын Гт холбогдох эрүүгийн 1912006920328 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сумын ............. газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бн овогт Цын Г/РД:АЙ.................../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Цын Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэр Хөх даваа хороолол гэх газар иргэн М.Энгийн зүүн дал, баруун сүвээ хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       

           *Шүүгдэгч Ц.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би М.Энг хутгалсан нь үнэн. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин алдаа гаргах ийм хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг,

 

           *Эрүүгийн 1912006920328 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Гын өгсөн:

“...Би 2019 оны 11-р сарын 04-ний орой аймгийн төвөөс Хангай сум руу яваад 22 цагийн үед Хангай сумын төв орсон. Тэгээд Монхоон гэдэг найзындаа байж байхад Н.Э над руу утсаар яриад хаана байгаа юм бэ гэхээр нь би Монхооныд байна гэсэн чинь Н.Э хүрээд ирсэн. Тэгсэн би нэг хэсэг унтаж байхад Н.Э намайг сэрээгээд би явлаа шүү гэхээр нь би хамт явна шүү замдаа бууна чи намайг дөхүүлээд өгчих гээд хамт Монхооныхоос гараад замдаа /Баарынд/ О.Дгийн гэрт орсон. Тэр үед шөнийн 02 цаг болж байсан Н.Э бид хоёрыг О.Дгийнд ороход О.Д хойд өрөөндөө орон дээрээ унтаж байсан, Ц.Г том өрөөний орон дээр унтаж байсан. Н.Э бид хоёр Батбаяр гэдэг найзыгаа тэнд байвал авах гэж орсон. Тэгээд Н.Э бид хоёр О.Дг сэрээгээд Батбаярыг асуусан чинь байхгүй гэхээр нь би том өрөөнд орон дээр унтаж байсан хүний хажууд очоод орон дээр нь суугаад унтаж байсан хүнийг татаад энэ хэн юм бэ гэж О.Дгээс асуусан чинь Ц.Г байгаа юм гэсэн Н.Э том өрөөний ширээний хажууд тамхи ороох гээд суусан би орон дээр сууж байтал миний араас баруун бөөрний дээд хэсэг юмаар хатгах шиг болохоор нь босоод эргэж хараад чи яаж байнаа гэсэн чинь босч ирээд намайг бариад авахаар нь би ч гэсэн урдаас нь бариад автал дахин зүүн талын суганы доод хэсэг рүү хатгасан. Тэгээд би Ц.Гыг хойш нь түлхээд харсан чинь гарт нь хутга байсан би дахин барьж авах гээд чадаагүй. Тэгсэн Н.Э босч ирээд Ц.Гыг бариад авсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Тухайн үед О.Дгийн том өрөө гэрэлгүй харанхуй байсан сүүлд нь О.Д дүүгийнхээсээ гэрлийн шил авчирч хийсэн. Намайг аймгаас ирээд Монхооныд ороход тал шил Соёрхол архи байхаар нь Монхоон, Н.Э бид гурав хувааж уусан тэрнээс өөр архи дарс уугаагүй бараг эрүүл байсан. Ц.Г л согтуу байсан байх тэр орой намайг аймгаас гарахад Ц.Г сумын төвд архи ууж байна гэж сонсогдож байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй.  Өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Баруун бөөрний дээд хэсэг, зүүн сугны доод хэсэгт гээд 2 удаа хутгалсан. Ямар хутгаар хутгалсныг би хараагүй. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Миний бие зүгээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-15 дугаар тал/

 

*Гэрч Н.Эын өгсөн:                                                                           

“...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой намайг ээжийнд байхад М.Эн найз нь Архангай аймгаас ирлээ гээд над руу утсаар яриад намайг ирээд аваадах би Нарийн руу гэртээ харимаар байна гэхээр нь би Хуучин хорооллын Монхоон гэдэг айлд 21 цагийн үед мотоцикльтой очиж М.Энг аваад Шинэ хороолол орж Батбаяр гэдэг хүнийг авахаар явж байгаад замдаа О.Д /Баар/-ынд орсон чинь О.Д байшиндаа мухарын өрөөнд унтаж байсан.  Д.Г том өрөөнд нь орон дээр нь унтаж байсан бид хоёр О Дг сэрээж хуучлаад сууж байсан чинь М.Эн босоод явсанаа том өрөөнд ороод Д.Г ахтай маргалдсан тэгсэнээ М Эн намайг хүрээд ирээч гэж дуудсан тэгээд намайг очсон чинь М.Эн газар, босож чадахгүй шалан дээр өвдөглөөд хоёр гараараа газар тулсан байдалтай баруун талын бөөрны орчмоос цус их гарч байсан зүүн талын далны доод хэсгээр цус болсон дээл нь нэвтэрсэн байдалтай байсан. Тэгээд би дээлийг нь тайлаад саарал өнгийн ноосон цамцыг нь тайлж харахад баруун талын бөөрны орчимд зүсэгдсэн шархтай цус гарч байсан мөн зүүн талын далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Би цус гарч байгаа газруудыг гараараа дарж О.Д эмч дуудсан эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явсан. О.Д, Д.Г нар хүүхдийн үсний найранд ороод ирсэн гээд согтуу унтаж байсан. М.Эн бид хоёр нэг шил 0.5 литртэй Ерөөл архи уусан халамцуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

*Гэрч О.Дгийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой айлын хүүхдийн үсний найранд ороод Ц.Гын хамт гарч манайд ирж 22 цаг 00 минутын үед манай том өрөөний орон дээр Ц.Г унтаад би мухарын өрөөндөө ороод орон дээр унтаж байхад манайд шөнө 02:00 цагийн үед Н.Э, М.Эн нар орж ирээд намайг унтаж байхад сэрээсэн бид гурав юм яриад сууж байхад М.Эн босоод том өрөө рүү явсан байсан, нэг мэдсэн чинь том өрөөнд зодолдоод байх шиг чимээ гараад байсан гэтэл М.Эн Ц.Эыг дуудаад Ц.Э том өрөөнд ороод болохоо байлаа шүү гээд намайг дуудахаар нь би босоод очсон чинь М.Эн ороо түшсэн байдалтай дээлийнхэн ар хэсэг цус болсон.  Ц.Э гарынхаа алгаар дарсан байдалтай байсан. Тэгээд би эмч дуудаж хэлсэн. Эмч ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан мөн цагдаа дуудаж үзүүлсэн. Ц.Гыг унтаж байхад нь М.Эн зодсоны улмаас хоорондоо маргалдаж зодолдоод Ц.Г нь М.Энг хутгалсан юм шиг байна лээ. Хүрэн иштэй хутга Ц.Гын хутга гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Ты өгсөн:

“...Би 2019 оны 11-р сарын 06-ны өдөр аймгийн төвд гадуур ажилтай явж байтал манай дүү Ц.Г утсаар яриад аймаг руу явж байна гэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь би М.Эн гэдэг хүнийг хутгалчихлаа гэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь би О.Дгийн гэрт согтуу унтаж байхад орж ирээд Насанбуянгийн угаадсийг долоосон гөлөг гээд цохиж зодоод байхаар нь би уурлаад нэг мэдсэн хутгалчихсан байна лээ гэж ярьсан. Тэгэхээр нь би чи зодуулж цохиулаад зүгээр юм уу гэсэн чинь би зүгээрээ би М.Энг аваад аймаг руу явж байна гэхээр нь ирэхээр чинь уулзъя гээд утсаа салгасан. Ирэхээр нь уулзсан чинь М.Эн намайг унтаж байхад хэл амаар доромжлоод цохиж нүдээд байхаар нь би уурлаад нэг мэдсэн М.Энг хутгалчихсан байсан гэсэн. Манай дүү Ц.Г илүү дутуу зан ааш байхгүй. Ер нь их уурлаад байдаггүй. Их тайван дөлгөөн хүн байдаг. Үг дуу цөөтэй томоотой хүмүүсийг ахаа эгчээ гээд л явж байдаг хүн. Зарим үед баяр ёслолын үед уудаг гэхдээ уусан үедээ гэр орондоо агсам согтуу тавих болон өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдах агсам согтуу тавьж янз бүр болоод байдаггүй. Архи уусан бол янз бүрийн ааш байхгүй мөрөөрөө унтаад өгдөг хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 528 дугаартай“...М.Энгийн биед зүүн далны доод хэсэг, баруун сүвээнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/

 

           *Яллагдагч Ц.Гын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 16 цагийн үед байх би өөрийн найз О.Дгийн хамт айлын хүүхдийн үсний найранд ороод тэндээсээ гараад орой 22 цагийн үед байх О.Д бид хоёр О.Дгийн гэрт ирээд би том өрөөний орон дээр О.Д хойд өрөөндөө унтаад өгсөн. Тэгсэн шөнө 02 цагийн үед байх Н.Э, М.Эн хоёр орж ирээд М.Эн нь намайг татаж сэрээгээд Насанбуянгийн угаадсийг долоосон гөлөг гээд доромжлоод цохиж зодоод байсан. Тэгэхээр нь би чи болиоч гээд түлхэж байснаа санаж байна би халаасандаа эвхдэг тонгорог хийсэн байсан. Тэгсэн М.Эн чи намайг хутгалчихлаа ш дээ гэхэд нь би ухаан ороод цагдаа болон эмнэлэг дуудсан. Би архи уугаагүй 3 сар болж байсан. Тэгээд сумын төв орж ирээд найз О.Дтэй тааралдаад хүүхдийн үсний найранд ороод архи уусан их согтсон байсан. Намайг О.Дгийн том өрөөнд унтаж байхад Н.Э, М.Эн хоёр гаднаас орж ирээд М.Эн нь намайг Насанбуянгийн усаадсыг долоосон муу гөлөг гээд намайг доромжлоод, цохиж зодоод байхаар нь би уур хүрээд М.Энтэй маргалдсан нэг хэсэг би юу болсныг санахгүй байна. Тэгсэн М.Эн чи намайг хутгалчихлаа ш дээ гэхээр нь харсан чинь миний гарт хутга байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Н.Этай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би сумын төв явах өглөөнөө манай нэг бухан бяруу муудаад болохгүй болохоор нь тэр бухан бярууг засчихаад нөгөө хутгаа гэртээ үлдээгээгүй мартаад халаасандаа хийчихсэн байна лээ тэгээд тэр хутгаараа М.Энг хутгалсан байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-48 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 62, 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

2019 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэр Хөх даваа хороолол гэх газар иргэн М.Эн нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд зүүн далны доод хэсэг, баруун сүвээнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Г үйлдсэн болох нь хохирогч М.Энгийн”... Н.Э том өрөөний ширээний хажууд тамхи ороох гээд суусан би орон дээр сууж байтал миний араас баруун бөөрний дээд хэсэг юмаар хатгах шиг болохоор нь босоод эргэж хараад чи яаж байнаа гэсэн чинь босч ирээд намайг бариад авахаар нь би ч гэсэн урдаас нь бариад автал дахин зүүн талын сугны доод хэсэг рүү хатгасан. Тэгээд би Ц.Гыг хойш нь түлхээд харсан чинь гарт нь хутга байсан би дахин барьж авах гээд чадаагүй. Тэгсэн Н.Э босч ирээд Ц.Гыг бариад авсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эын”...М.Эн босоод явсанаа том өрөөнд ороод Д.Г ахтай маргалдсан тэгсэнээ М Эн намайг хүрээд ирээч гэж дуудсан тэгээд намайг очсон чинь М.Эн газар, босож чадахгүй шалан дээр өвдөглөөд хоёр гараараа газар тулсан байдалтай баруун талын бөөрны орчимоос цус их гарч байсан зүүн талын далны доод хэсгээр цус болсон дээл нь нэвтэрсэн байдалтай байсан. Тэгээд би дээлийг нь тайлаад саарал өнгийн ноосон цамцыг нь тайлж харахад баруун талын бөөрны орчимд зүсэгдсэн шархтай цус гарч байсан мөн зүүн талын далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Би цус гарч байгаа газруудыг гараараа дарж О.Д эмч дуудсан эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Дгийн”...Нэг мэдсэн чинь том өрөөнд зодолдоод байх шиг чимээ гараад байсан гэтэл М.Эн Ц.Эыг дуудаад Ц.Э том өрөөнд ороод болохоо байлаа шүү гээд намайг дуудахаар нь би босоод очсон чинь М.Эн ороо түшсэн байдалтай дээлийнхэн ар хэсэг цус болсон. Ц.Э гарынхаа алгаар дарсан байдалтай байсан. Ц.Гыг унтаж байхад нь М.Эн зодсоны улмаас хоорондоо маргалдаж зодолдоод Ц.Г нь М.Энг хутгалсан юм шиг байна лээ. Хүрэн иштэй хутга Ц.Гын хутга гэж бодож байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.Гын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 528 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Гын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч М.Эн нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржигон овогт Цын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР