Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 134

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

шүүгдэгч С.Ариунбаатар, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн B танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномын Ариунбаатарт холбогдох 201625011833 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Жамсран уулын өврийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогтой Содномын Ариунбаатар /РД:ЕУ70052719/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ариунбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Оюунцэцэгтэй маргалдаж, улмаар түүний баруун гарыг мушгин хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ариунбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2016 оны 04 дүгээр сарын эхээр “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр би сүхээр тоосго цохиж байсан. Тэгтэл манай эхнэр Оюунцэцэгийн гэрт очиж аяга цай ууя гээд явсан. Тэгтэл миний эхнэрийг Оюунцэцэг гэрээсээ хөөж нөхөртэйгээ нийлж зодож байхаар нь би очиж салгах гэтэл Оюунцэцэг намайг будаа агшаагчаар толгой руу цохисон. Би тэгэхээр нь Оюунцэцэгийг гарын шуунаас барьж түлхсэн. Оюунцэцэг газарт унасан тэгтэл гар эвгүй болчихлоо гээд түргэн тусламж дуудсан. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилснийг өгсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч М.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр байдаг дээр овоохойндоо Биндэръяа, Тунгаа, Сувдаа, манай бэр Буянжаргал нарын хамт хоол дээд сууж байтал “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр бид нартай цуг лааз, хуванцар түүдэг Лхамаа согтуу орж ирээд надаас уух юм байна уу гэж асуухад уух юм байхгүй, шөл байгаа хийгээд уу гэсэн. Лхамаа эгч шөл хийж авчихаад усны саван дээр суухад нь усны саван дээр суучихлаа гэж хэлэхэд Лхамаа эгч уурлаж чи надаас бузартав л гэж уурлаж хэрүүл хийгээд муу сайн юмнууд арчаагүй гэх мэтээр хэлээд байхаар нь та ингэж болохгүй гэж хэлээд бид хоёр хэрэлдэж байгаад би Лхамаа эгчийг гар гээд гаргаад явуулсан. Удалгүй манай нөхөр тамхи авахаар ТҮЦ-рүү явсан чинь Лхамаа манай нөхөр Сауттай муудалцаж тэр хоёр хоорондоо барьцалдаад байж байхад Лхамаагийн нөхөр Ариунбаатар хажуунаас нь дайрч сүх аваад цохих гэхээр нь би хараад бэр Буянжаргалыг явуулж сүхийг нь авахуулж болиулсан. Тэгээд Лхамаа нөхөртэйгээ нийлээд манай нөхрийг зодох гээд дайраад байхаар нь салгах санаатай очсон чинь манай нөхрийг Ариунбаатар газар унагаад цохиод байсан. Тэгэхээр нь би араас нь татаад тэр хоёрын дундуур орох гэтэл Ариунбаатар ах миний баруун гарыг хойш дараад мушгиад түлхсэн. Тэгсэн чинь миний баруун гар эвгүй болоод хөдөлж болохгүй байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлсэн чинь миний гарыг хугарсан байна” гэх мэдүүлэг /хх-12-17/.

 

Гэрч А.Буянтогтох мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18-аас 19 цагийн хооронд би “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр байдаг Саут ахын овоохойнд Саут ах, Оюунцэцэг эгч, Биндэръяа, Тунгалаг, Сувдаа нарын хамт хоол идээд сууж байтал гаднаас Лхамаа орж ирээд цай байна уу гэж асуухад Оюунцэцэг эгч цай алга та шөл уу гээд шөл хийж өгсөн. Лхамаа шөлөө аваад усны саван дээр суусан. Оюунцэцэг эгч Лхамаа эгчээ сандал байна та сандал дээр суу гэж хэлэхэд Лхамаа эгч уурлаж, хийж өгсөн шөлөө цацчихаад гараад явсан. Тэгээд Саут ТҮЦ-рүү тамхи авахаар гарсан чинь Лхамаа араас нь урт төмрөөр хувцаснаас нь гогдоод, Саут, Лхамаа хоёр муудалцаад байж байтал Лхамаагийн нөхөр Ариунбаатар ирж манай эхнэрлүү дайрлаа гээд надруу сүх авч далайхад нь би очиж сүхнээс нь барьж аваад болиулсан. Ариунбаатар Лхамаа хоёр Саутруу нийлж дайраад зодож цохиод байхаар нь манай эгч Оюунцэцэг ирж та нар тархи толгойндоо өвчтэй хүнийг аллаа шүү дээ гээд бид нарын дундуур орж салгах гэтэл Ариунбаатар манай эгчийн гарыг мушгиж түлхсэн. Тэгсэн манай эхнэр орилоод гар эвгүй болчихлоо гэсэн. Тэгээд 103-руу залгаж түргэн дуудахад эмч ирж үзээд гар нь хугарсан байна гэсэн. Дараа нь бид нар цагдаа дуудаж Ариунбаатарыг өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-18-19/.

 

Гэрч Б.Тунгалаг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16-аас 17 цагийн үед би Оюунцэцэгийн овоохойнд сууж байхад Лхамаа орж ирээд Оюунцэцэгээс цай байна уу гэж асуухад Оюунцэцэг цай алга та шөл хийгээд уу гэж хэлсэн. Лхамаа шөл хийгээд усны саван дээр суусан чинь Оюунцэцэг та усны саван дээр битгий суу сандал аваад суу гэж хэлэхэд Лхамаа чи хүүхэд гаргасан хүнээс бузартав л гэж Лхамаа, Оюунцэцэг хоёр маргалдсан. Би тэгээд гараад явчихсан. Тэгээд 2 цагийн дараа Оюунцэцэг гараа хугалчихсан гээд явж байсан” гэх мэдүүлэг /хх-20-21/.

 

Гэрч С.Биндэръяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр Оюунцэцэгийн овоохойнд сууж байхад гаднаас Ариунбаатарын эхнэр Лхамаа орж ирээд цай байна уу гэж асуусан. Оюунцэцэг цай байхгүй халуун шөл байна хийгээд уу гэж хэлэхэд Лхамаа шөл хийж аваад усны саван дээр суусан чинь Оюунцэцэг Лхамааг усны саван дээр суучихлаа гэж хэлэхэд Лхамаа уурлаж усны саван дээр суухад 50 нас гарсан надаас бузартав л гэж хэлээд Оюунцэцэг, Лхамаа хоёр хоорондоо маргалдаад овоохойноос гарсан. Овоохойноос гарахад Лхамаагийн нөхөр Оюунцэцэг рүү чи миний эхнэр лүү дайраад янхан банзал гэж хэллээ гээд хэрэлдээд эхэлсэн. Манай эхнэр Тунгалаг хэрүүл маргаанд битгий оролц гээд намайг аваад явсан. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-22-23/.

 

Гэрч Б.Саут мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 17-аас 18 цагийн хооронд би “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр байдаг овоохойндоо эхнэр Оюунцэцэг, Биндэръяа, Тунгалаг, Сувдаа, бэр дүү Буянжаргал нарын хамт хоол идээд сууж байтал гаднаас Лхамаа орж ирээд цай байна уу гэж асуусан чинь манай эхнэр Оюунцэцэг цай алга та шөл уу гээд шөл хийж өгсөн. Лхамаа эгч шөлөө аваад усны саван дээр суусан. Манай эхнэр Лхамаа эгчээ сандал байна та сандал дээр суу гэж хэлэхэд Лхамаа эгч уурлаж хаана суухаа эд нараар заалгах юм уу гээд гараад явчихсан. Тэгээд би ТҮЦ-рүү тамхи авахаар явж байсан чинь Лхамаа миний хувцаснаас урт төмрөөр гогдоод, хасаг гэх мэтээр доромжлоод дайраад байсан. Тэгтэл Лхамаагийн нөхөр Ариунбаатар ирж манай эхнэр лүү дайрлаа гээд над руу сүх авч далайхад нь манай бэр дүү Буянжаргал ирж сүхийг нь гараас нь татаж авсан. Цаанаас манай эхнэр Оюунцэцэг ирж та нар тархи толгойндоо өвчтэй хүн аллаа шүү дээ гэж бид нарын дундуур орж салгах гэтэл Ариунбаатар манай эхнэрийн гарыг мушгиж түлхсэн. Манай эхнэр орилоод гар эвгүй болчихлоо гэсэн. Тэгээд 103-руу залгаж түргэн дуудахад эмч ирж үзээд гар нь хугарсан байна гэсэн. Бид нар мөн цагдаа дуудаж Ариунбаатарыг өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-26-27/.

 

Гэрч С.Лхамхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...миний араас Оюунцэцэгийн нөхөр Эрка гарч ирсэн. Би Эркаг гарч ирэхээр нь чи намайг банзал, бузар авгай гээд байхдаа яадаг юм бэ муу Казак гээд хэлчихсэн чинь намайг Эрка заамдаад авсан. Тэгсэн чинь Биндэръяа түүний эхнэр Тунгаа хоёр холоос чи эмэгтэй хүн болиоч ээ гээд байсан. Тэгсэн чинь манай нөхөр Ариунбаатар ирж намайг өмөөрч Эркаг барьж аваад тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж зодолдох гэтэл Оюунцэцэг будаа агшаагчны гадна талын сав барьчихсан ирээд манай нөхөр лүү далайсан. Тэгэхээр нь далайсан гарнаас нь барьж аваад түлхсэн” гэх мэдүүлэг /хх-28-29/.

 

2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 5649 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Оюунцэцэгийн биед баруун шуу, богтос ясанд далд хугарал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-31/ гэжээ.

 

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бичигт баруун шуу ясны далд хугарал, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баруун гарын шуу, бугуй үеийн рентеген дурангаар харах үед гэмтэлгүй, шуу ясны доод булуунд хөндлөн зөрөөгүй, богтос ясны доод булууны гадна сэртэнд хөндлөн зөрөөгүй хугаралуудтай. Шинжээч эмч С.Чулуунсүх гэжээ. Үүнээс үзэхэд рентеген зурагт хуучин хугарал бороололт байхгүй байна” /хх-36-37/ гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан С.Ариунбаатарыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-41-43/, хохирогч М.Оюунцэцэг /хх-12-17/, гэрч А.Буянтогтох /хх-18-19/, гэрч Б.Тунгалаг /хх-20-21/, гэрч С.Биндэръяа /хх-22-23/, гэрч Б.Саут /хх-26-27/, гэрч С.Лхамхүү /хх-28-29/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 5649 дугаартай дүгнэлт /хх-31/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-44-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, хохирлын баримтууд /хх-12-15/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-49-50, 57-58/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгч С.Ариунбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Оюунцэцэгтэй маргалдаж, улмаар түүний баруун гарыг мушгиж баруун гарын шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Ариунбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч С.Ариунбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, нотлох баримтаар тогтоогдсон хохирол 200000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Боржигон овогт Содномын Ариунбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ариунбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаанд хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар С.Ариунбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Ариунбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

         

          6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ариунбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

                       

 

 

                       

                                    

                             ДАРГАЛАГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ