Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 126/ШШ2021/0005

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяад холбогдох “Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2209986 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнх тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяа хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн “Мөнх Эвент” ХХК-д холбогдох материалыг хянахад:

“Мөнх Эвент” хариуцлагатай хувьцаат компани нь 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хэлбэрээр илгээх үүргээ биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “... аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй ...” гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2209986 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “Мөнх Эвент” ХХК-ний нягтлан бодогч Ц.Далайжаргалд 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гэвч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяа нь дээрх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн байхад зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдсэн, мөн гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/41 дугаартай тушаалаар батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.7-д заасныг тус тус зөрчсөн.

Дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “Мөнх Эвент” ХХК-д буюу хуулийн этгээдэд холбогдох зөрчил байхад шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ компанийн нягтлан бодогч Ц.Далайжаргалд хувь хүнээр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байх тул 2209986 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяагийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2209986 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн бодлого үйл ажиллагааг зохион байгуулах ахлах мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Мөнх Эвент” ХХК /РД 4142632/-ийн нягтлан бодогч Ц.Далайжаргал 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор цахим системээр илгээх үүргээ биелүүлээгүй болохыг Сангийн яамны аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан хүлээн авах e-balance.mof.gov.mn цахим системээс хянаж, өөрт нь хэлэхэд тайлан илгээгээгүй зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.18 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчих гэсний 1.6 аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн заалтын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Энэ материалыг Прокурорын газрын хяналтын прокуро, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхөд хянуулахад хуулийн этгээдэд холбогдох зөрчил байхад хувь хүнээр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж танайд хүргүүлжээ.

Би зөрчил шалган шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.18-д “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчих гэсний 1.25 ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт байдаг тул ерөнхий нягтлан бодогч Ц.Далайжаргалд шийтгэл ногдуулж байна гэж ойлгож буруу шийдвэрлэсэн байх тул Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяа нь “Мөнх Эвент” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Далайжаргалд “Санхүүгийн тайлан илгээгээгүй” гэх зөрчилд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 16.1.2 дугаар зүйлд зааснаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2209986 дугаар шийтгэлийн хуудсаар 400 нэгж буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнх тус шүүхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяагийн үйлдсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2209986 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулахад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяа нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2209986 дугаар шийтгэлийн хуудсаар “Мөнх Эвент” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Далайжаргалыг 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн

111.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2209986 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Т.Энхтуяа зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ШҮҮГЧ                             Ж.ГАНЧИМЭГ