| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/02139/И |
| Дугаар | 00254 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Г
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах К банк ХХК
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис центр, 4 давхар хаягт байрлах М ХХК нарт холбогдох
Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж орон сууц, автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Г-ийн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгч Г.Д-ийн төлөөлөгч Э.Хоролдулам, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч П.Сумьяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.
Хариуцагч К банк ХХК-ийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Г , түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К банк ХХК нь М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 9 сарын 2-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулахдаа 44 А,Б,В,Г байрны зоорийн давхрын автозогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, К банк ХХК нь захиалагч Ө.Г ийн хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэний эд хөрөнгийг огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна. Ө.Г нь 2009 оны 8 сарын 8-ны өдөр Мфикскапитап ХХК-тай “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот автозогсоолыг захиалан, гэрээний үүргээ биелүүлж,, төлбөрийг бүрэн төлсөн болно. Ингээд М ХХК-аас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М ХХК нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 2 сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2016 оны 8 сарын 24-ний өдрийн 0590 дугаар шийдвэрээр Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх автозогсоолын өмчлөгчөөр Ө.Г ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгасан болно. М ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол Захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж, иргэний хөрөнгө оруулалтаар бий болсон автозогсоолыг захиалагчийн нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг 2010 оны 5 сард өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 9 сарын 2-ны өдөр К банк ХХК-тай Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ө.Г ийн өмчлөлийн автозогсоолыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ” гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин К банк ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, 23.4-т “... эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд М ХХК болон К банк ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44в дугаар байрны зоорийн давхарт байрлах, 126 тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Г.Д , түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Д нь 2008 оны 4 сарын 4-ний өдөр М ХХК-тай 126 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр цогцолборын 44Б байрны 3 тоотод байрлах 148,4 м.кв, 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхрын 103 тоот автозогсоолын хамт захиалан бариулж, захиалгат ажлын төлбөр 141,018 ам долларыг 2009 оны 6 сарын 1-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулснаар 2009 оны 12 сараас эхлэн байрандаа амьдарч эхэлсэн байдаг. Ингээд М ХХК-аас орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Г.Д ийн зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж, орон сууц болон автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 647 дугаар захирамжаар иргэн Г.Д ийг орон сууц бол автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон билээ. Г.Д нь дээрх 647 дугаар захирамжийг үндэслэн орон сууц бол автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн, баталгаажуулахаар Улс бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан боловч бүртгэлийн газраас уг орон сууц болон автозогсоол нь М ХХК, К банк ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан учир Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 сарын 22-ны өдрийн 407 тоот шийдвэрээр орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр Г.Д ийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, шийдвэрлэсэн болно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2015 оны 10 сарын 5-ны өдөр Г.Д ийн орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013634 дугаарт бүртгэж, 000436082 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, автозогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013894 дугаарт бүртгэж, 000436083 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгосон байдаг. Хариуцагч М ХХК Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, талуудын байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.9-д заасныг тус тус зөрчиж, орон сууц болон автозогсоолыг захиалагч Г.Д ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийн оронд түүнд огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар К банк ХХК болон Си Эм Эс Эл ХХК-ийн хооронд 2007 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 сарын 2-ны өдөр К банк ХХК-тай Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, гэрээний “Хавсралт-44Б дүгээр байр” хэсгийн 3 дахь заалтаар 44Б байрны 3 тоот орон сууцыг барьцаалсан байдаг. Мөн хариуцагч М ХХК нь К банк ХХК-тай 2007 оны 8 сарын 1-ний өдөр байгуулсан Т07/141 тоот “Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 сарын 2-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, уг гэрээний хавсралтаар 44А,Б,В,Г дугаар байрны зоорийн давхрын 205 ширхэг автозогсоолыг барьцаалсны дотор Г.Д ийн өмчлөлийн 103 тоот автозогсоол орсон байна. Дээрх үйлдлээрээ М ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ” гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн тухай гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчжээ. Харин К банк ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, 23.4-т “... эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд М ХХК болон К банк ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44Б дугаар байрны 3 тоот 148.4 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Г.Д ийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн М ХХК болон К банк ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44Б дугаар байрны иргэн Г.Д ийн өмчлөлийн 103 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, иргэн Г.Д ийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү.” гэв.
Хариуцагч М ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч М ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Г.Д нь 2008 оны 4 сарын 4-ний өдөр манай компанитай 126 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 3 тоот 148,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоолын хамт, Ө.Г нь 2009 оны 8 сарын 8-ны өдөр “Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа 44АБВГ байрны зоорийн давхрын 126 тоот зогсоолыг захиалан бариулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог бүрэн төлсөн. Нэгэнт тухайн орон сууц, авто зогсоол нь иргэн Г.Д , Ө.Г нарын өмч хөрөнгөөр бий болсон тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 647 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 3 тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр Г.Д ийг тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 сарын 22-ны өдрийн шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Г.Д ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаартай захирамжаар Ө.Г ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44в байрны зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Г ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нар шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд М ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани К банк ХХК-аас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. М ХХК нь К банктай 2007 оны 8 сарын 1-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг К банк ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн байдаг. Үүний дараа буюу 2010 оны 9 сарын 2-ны өдрийн Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 103 тоот зогсоол, 44в байрны 126 тоот зогсоолуудыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 3 тоот орон сууцыг К банкны шаардлагаар нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. К банк ХХК нь зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар “Эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн орон сууц, автозогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч / иргэд 2009 оны 12 сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд нэхэмжлэгч нар нь төлбөрийг төлж дуусгасан учир гэрээний дагуу 2009 оны 12 сараас эхлэн орон сууцандаа амьдарч, зогсоолоо ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлж байсан. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэв.
Хариуцагч К банк ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь М ХХК болон К банк ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 2-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөхтэнгэр хотхоны 44Б дугаар байрны 3 тоотод байрлах 148.4 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Г.Д ийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн М ХХК-ийн болон К банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 2-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөхтэнгэр хотхоны 44Б дугаар байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоол, 44в байрны зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. К банк нь М компанитай 2007 оны 8 сарын 10-ны өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1,400,000 ам.долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн М компанитай 2007 оны 8 сарын 1-ний өдрийн Т07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М компанийн бараа материалын үлдэгдэл зэрэг болно. К банк нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1,500,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай 16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, М ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, түүнчлэн 2010 оны 5 сарын 13-ны өдөр М компанийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 сарын 2-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. К банкны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1,12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. К банкны хувьд Т07/208, Т07/141 тоот Барьцааны гэрээнүүдийг 2010 оны 9 сарын 7-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийг М компани нь К банктай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нарын маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр М ХХК 2007 оны 8 сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...”-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К банк нь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 3 тоот орон сууц болон 103, 126 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь М компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн М компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт бусад баримтад тус барилгын захиалагчаар М компани, гүйцэтгэгч компаниар Вилмар компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох М ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Харин Г.Д нь Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 647 тоот захирамжаар тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр, Ө.Г нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаартай захирамжаар автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад М ХХК нь 2010 оны 5 сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 3 тоот орон сууц болон 103, 126 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К банк нь 2010 оны 9 сарын 2-ны өдөр Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг М ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч нар нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.” гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 сарын 23-ны өдөр 44АБВГ байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн орон сууц, автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир улсын комисс 2010 оны 10 сарын 5-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч М ХХК, К банк ХХК нарт холбогдуулан М ХХК болон К банк ХХК нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44в байрны зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч М ХХК, К банк ХХК нарт холбогдуулан М ХХК болон К банк ХХК нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44б байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоолд холбогдох хэсэг, М ХХК болон К банк ХХК нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44б байрны 3 тоот хаягт байрлах орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, автозогсоол болон орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагч К банк ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагч К банк ХХК-ийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг хариуцагч К банк ХХК-ийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ө.Г нь 2009 оны 8 сарын 8-ны өдөр хариуцагч М ХХК-тай “Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээ /хэргийн 2 хавтас 15 тал/-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа 44АБВГ байрны зоорийн давхрын 126 тоот зогсоолыг 9,000 ам.доллароор захиалан бариулахаар, нэхэмжлэгч Г.Д нь 2008 оны 4 сарын 4-ний өдөр хариуцагч М ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 24-26 тал/-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44б байрны 3 тоот хаягт байрлах 148.44 м.кв талбай бүхий орон сууц, 103 дугаартай авто зогсоолыг нийт 141,018 ам.доллароор захиалан бариулахаар тус тус харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй М ХХК болон Ө.Г , Г.Д нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Ө.Г нь автозогсоолын үнэд 9,000 ам.долларыг М ХХК-д 2009 оны 8 сарын 8-ны өдөр төлж, төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан М ХХК-ийн 2008 оны 8 сарын 8-ны өдрийн огноо бүхий кассын орлогын ордер нэртэй баримт /хэргийн 2 хавтас 17 тал/-аар, нэхэмжлэгч Г.Д нь орон сууц болон авто зогсоолын үнэд нийт 141,018 ам.долларыг М ХХК-д 2008 оны 4 сарын 4-ний өдрөөс 2009 оны 6 сарын 1-ний өдрийн хооронд төлж, төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан М ХХК-ийн 2008 оны 4 сарын 4, 2008 оны 5 сарын 15, 2008 оны 10 сарын 15, 2009 оны 6 сарын 1-ний өдрийн өдрийн огноо бүхий кассын орлогын ордер нэртэй баримтууд /хэргийн 1 хавтас 27,28 тал/-аар тус тус тогтоогдож байна.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгч Г.Д ийн арилжааны банкуудад эзэмшдэг дансны талаарх мэдээллийг гаргуулан хэрэгт нотлох баримтаар хавсаргасан, уг баримтуудаар нэхэмжлэгч 141,018 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд байршуулж байсан үйл баримт тогтоогдоогүй боловч энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч Г.Д ийг орон сууц болон авто зогсоолын үнэ болох 141,018 ам.долларыг М ХХК-т төлж барагдуулсан гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтад “ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дахь заалтад “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /хэргийн 2 хавтас 59,60 тал/-аар орон сууцны барилгыг 2010 оны 10 сарын 5-ны өдрөөс ашиглалтад оруулахаар зөвшөөрсөн, Ө.Г нь автозогсоолын төлбөрийг 2009 оны 8 сарын 8-ны өдөр, Г.Д нь орон сууц болон автозогсоолын төлбөрийг 2009 оны 6 сарын 1-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байхад М ХХК орон сууц болон автозогсоолыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байсан, улмаар Ө.Г нь М ХХК-д холбогдуулан автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хэргийн 2 хавтас 18 тал/-аар Ө.Г ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44в байрны 126 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийн хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, Г.Д нь М ХХК-д холбогдуулан орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 647 дугаартай “Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хэргийн 1 хавтас 30 тал/-аар Г.Д ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44б байрны 3 тоот орон сууц, 103 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийн хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
М ХХК нь 44в байрны 126 тоот авто зогсоол болон 44б байрны 103 тоот авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь К банк ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээ /хэргийн 2 хавтас 8-14 тал/-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, 44б байрны 3 тоот орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь К банк ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээ /хэргийн 1 хавтас 11,12 тал/-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаалсан байна.
Хариуцагч К банкны зүгээс 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүд нь өмнө буюу 2007 оны 8 сарын 1-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот барьцааны гэрээ /хэргийн 2 хавтас 48,49 тал/, 2007 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот барьцааны гэрээ /хэргийн 2 хавтас 66-69 тал/-г шинэчлэн байгуулах замаар байгуулагдсан гэрээнүүд гэж тайлбарлаж байх боловч 2007 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот барьцааны гэрээний барьцаалуулагч нь өөр этгээд буюу Си эм эс эл ХХК байсан, мөн 2007 оны 8 сарын 1-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул барьцааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан гэх хариуцагч К банк ХХК-ийн тайлбар үндэслэлгүй байна.
Ө.Г нь автозогсоолын төлбөрийг 2009 оны 8 сарын 8-ны өдөр, Г.Д нь орон сууц болон автозогсоолын төлбөрийг 2009 оны 6 сарын 1-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байхад М ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтад заасан ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууц болон авто зогсоолуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дахь заалтад заасан “барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь заалтад заасан “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалтад заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” гэсэн шаардлагыг тус тус зөрчсөн байна.
Иймд К банк ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 2-ны өдрийн Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1.-д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44 АБВГ байрны зоорийн давхрын 103, 126 тоот автозогсоол, 2010 оны 9 сарын 2-ны өдрийн Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1-д заасан Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 3 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан хэсгүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх ба дээр дурдсан орон сууц болон автозогсоолуудыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй, барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Зохигч талууд нэхэмжлэгч Г.Д уг орон сууцыг ашиглалтад орохоос болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө орон сууцанд амьдарч байсан эсэх талаар маргасан боловч нэхэмжлэгч барьцааны гэрээ байгуулагдах болон орон сууцыг ашиглалтад хүлээн авахаас өмнө уг орон сууцанд амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн уг үйл баримт нь шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд саад болохгүй үйл баримт гэж үзсэнийг, нэхэмжлэгч болон хариуцагч М ХХК нар нь хариуцагч К банк ХХК-ийг орон сууцуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон гэсэн тайлбар гаргасан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан” нэртэй баримтад барьцаа хөрөнгөтэй танилцсан талаар дурдагдсан байх тул барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон гэх нэхэмжлэгч болон хариуцагч М ХХК нарын тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн, мөн уг үйл баримт нь шүүх нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэхэд саад болохгүй үйл баримт гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нар нь 2010 оны 9 сарын 2-ны өдрийн Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээнээс хойш шүүхээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон гэсэн тайлбарыг гаргасан боловч 2010 оны 9 сарын 2-ны өдрийн Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул нэхэмжлэгч нар шүүхээр дээрх барьцааны гэрээнээс хойш маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон байдал нь барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхэд саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР