Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Мээпам

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Д

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг, А.Ганбат

              Шүүгдэгч: Ц.Д

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Цийн Дт холбогдох эрүүгийн 1812004430276 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Цагаансүм хорооллын 5-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Цорс овогт Цийн Д/РД:АМ................/

             

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр “Улаанчулуу” гэх газар 69-33 УНТ улсын дугаартай, Хюндай Грейс маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас З.Бгийн жолоодож явсан 92-24 УНД улсын дугаар бүхий, Гранд марк 2 автомашиныг мөргөж, зорчигч О.Дцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ц.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Ггийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч Ц.Дийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос шөнийн 23 цагийн үед гарсан. Өглөө хэдэн цаг болж байсныг  санахгүй байна. Гэнэт нэг машин гарч ирсэн. Тэгээд санахгүй байна, ухаан алдсан. Миний буруу, маш их гэмшиж байна гэв...” гэх мэдүүлэг,

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Шүүгдэгчээс нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгнө үү гэж хүсэж байгаа...” гэх мэдүүлэг

 

            *Эрүүгийн 1812004430276 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дын өгсөн:

            “...Манай эхнэр Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд багш ажилтай, би хөдөө мал дээрээ байдаг, эхнэрийн ажил эхлэх гээд сумын төвд ирэн очин байсан. Хамгийн сүүлд 2 хоногийн өмнө хөдөө гэрээсээ сумын төв явна гээд гарсан, тэрнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй байсан чинь өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед зам тээврийн осолд орсон талаар нь мэдсэн. Тэгээд иртэл нас барсан байсан. Яг хамт яваагүй, хараагүй болохоор болсон асуудлын талаар мэдээгүй. Тийм болохоор ослын талаар мэдэх зүйл байхгүй байна. Би очиж ослын газар тулж хараагүй, холоос харсан. Одоогоор ослын шалтгааныг мэдэхгүй байгаа ч зам тээврийн ослын улмаас нас барсан гэж бодож байна. Би Болорыг танина, манай эхнэртэй багын найз байгаа юм. Ш.Г ямар нэгэн хууч өвч байхгүй байсан. Ослын шалтгааныг үнэн зөвөөр нь тогтоож, хуулийн дагуу шалгаж шийдэх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 14-16 дугаар тал/

 

            *Гэрч З.Бгийн өгсөн:

            “...Манай найз Ш.Г Архангай аймгийн Багшийн сургуулийг төгссөн. Энэ сургуулийг төгсөөд амьдрал сайн яваа сургууль дээрээ очоод ирье гэхээр нь дээрээ очоод ирье гэхээр нь би хот явах гэж байснаа болиод 2018 оны 08 дугаар сарын 18-ны үдээс хойш аймагт ирсэн. Тэгээд Архангай аймагт 2 хоноод 2018 оны 08 сарын 20-ны өглөө үүрээр 05 цагт аймгийн төвөөс гарч гэр рүүгээ явцгаасан. Бид хоёртой өөр хүн яваагүй. Тэгээд явж байгаад осол гарсан газрын өмнөхөн зогсож ундаа уучихаад хуушуур идчихээд хөдөлсөн. Хөдөлсөн газраас 5 минут орчим явж байтал холоос нэг машин өөдөөс урсгал сөрөөд ирж байсан. Тухайн үед бид хоёр энэ машин яаж байна гэж ярилцаад замаа чөлөөлөөд зогссон. Гэтэл шууд өөдөөс ирээд л мөргөсөн, миний хажууд сууж явсан Ггийн урд хэсгээс их хүчтэй мөргөсөн. Мөргөх үед жолооны хүрдний аваарын дэр өөдөөс цохиж нэг хэсэг мэдэх зүйлгүй болсон. Намайг сэрээд хажуу тал руу харахад Ш.Г ямар ч чимээгүй болсон байсан, би ухаан алдчихсан байх гэж бодсон. Тэр үед нөгөө машины жолооч гэх залуу хажууд ирсэн байсан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь юм ярихгүй байсан. Жолооч нь хэн бэ гэхэд би байна гэж байсан. Харин тэр машинаас бусад хүмүүс нь гарч ирж байсан. Би тухайн үед өөрийнхөө Гранд марк-2 маркийн 92-24 УНТ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан. Энэ машин миний хүү Б.Нямдөлийн нэр дээр байдаг, миний өөрийн машин байгаа юм. Нөгөө машины жолоочийг согтуу байсан эсэрхийг нь баттай сайн мэдэхгүй байна. Согтуу явж байсан юм уу, унтчихсан явж байсан юм уу гэж асуухад хариулаагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан. Би “В” ангиллын жолооны үнэмлэхтэй. Миний машиныг мөргөсөн микро автобус урсгал сөрж урдаас мөргөснөөс осол гарсан. Би ер нь 60-70 км цагийн хурдтай явж байсан. Осол гарах үед зам чөлөөлж зогсоход ирж мөргөсөн. Ослын үед миний машин бүрэн зогссон байсан. Замын далан өндөр байсан болохоор замаас гарах боломж байгаагүй. Машинаа зогсоосон байхад ирээд мөргөчихгүй байх гэж бодсон. Миний машин замын баруун урд талд ертөнцийн зүгээр зүүн урд чиглэлтэй замын хөвөн рүү гарсан байдалтай зам чөлөөлж зогссон байсан. Их хол зайтай зам голлоод урсгал сөрөөд байхаар нь зам чөлөөлж зогссон, их хурдтай явсан болохоор машин хурдан ирж мөргөсөн байх. Хурдыг нь нарийн сайн хэлэх боломжгүй байна. Миний машин хувийн ажиллагаатай бүрэн бүтэн байсан. Цээж маш их өвдөж байна. Хавирга гэмтсэн юм шиг байна. Зүүн хөлийн өвдгөнд оёдол тавьсан, өөр юу гэмтсэнийг хэлж мэдэхгүй байна. Босож чадахгүй улам л өвчин ороод байна. Ослын улмаас миний хажууд явсан Ш.Г нас барсан, нөгөө машин эвдэрсэн, миний машин эвдэрсэн, нөгөө машинд байсан 6 хүн гэмтэл авсан ямар гэмтэл авсан гэдгийг нь нарийн мэдэхгүй байна. Осол ертөнцийн зүгээр урагш явж байгаа замын урагшаа явах чиглэлийн баруун гар тал буюу миний явж байсан урсгал дээр осол гарсан, нөгөө машины жолооч урсгал сөрж ирсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-44 дүгээр тал/

 

            *Иргэний нэхэмжлэгч З.Бгийн өгсөн:

            “...Тухайн ослоос болж миний машинд их хэмжээний хохирол учирсан, эвдэрлийн үнэлгээ нь 6.000.000 гаран төгрөг болсон, эмчилгээний зардалтай нийлээд 8.615.649 төгрөгийн зардал гарсан учир энэ зардлыг нэхэмжилж байна. Баримтуудыг хүсэлтэд хавсаргасан байгаа. Би тухайн үед тэр машиныг зам голлоод урсгал сөрөөд урдаас яваад байхаар нь талийгаачтай ярьж байгаад зам чөлөөлж зогссон, зогсож байхад өөдөөс ирж мөргөсөн. Ер нь бол миний өөрийн машин. Гэхдээ хүргэн Нямдөлийн нэр дээр байдаг, өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Улаанбаатар хотын хаягтай хүний нэр дээр авсан. Миний нэхэмжилсэн мөнгийг шийдээд өгчихвөл надад гомдол гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39 дүгээр тал/

 

            *Гэрч О.Зын өгсөн:

 

     “...2018 оны 08 дугаар сарын 19-ний орой 23 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум орохоор явсан. Би машинд унтаж явсаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд 20-ны өглөө үүрээр очиж түлш хийчихээд цаашаа явсан, тэрнээс хойш би сэрүүн явсан. Тэгээд өглөө болоод явж байтал гэнэт нэг машин орж ирсэн харагдаад мөргөлдсөн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, нэг сэрсэн чинь ослын газар машин тэрэг унасан, хүмүүс орилолдоод аймар болсон байсан, миний хүзүү хөдөлж болохгүй, нуруу хөшиж өвдөөд шоконд орсон. Болсон асуудлын талаар мэдэхгүй байсан. Тэгээд манай машинд сууж явсан хүмүүс гарч чадахгүй орилолдоод би машинаас татаж гаргасан. Осол ямар шалтгааны улмаас гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би нэг удаа хальт харахад Ц.Д ах 60 км/цагийн хурдтай явж байсан,  ер нь тэр орчмын хурдтай явсан. Осол гарах үед ч мөн адил ийм багцаа хурдтай явсан. тэр машины хурдыг мэдэхгүй, нүд ирмэх зуур л мөргөлдсөн. Өөдөөс ирж яваа харагдах шиг болсон, тэр машин зогсож байгаагүй, ямар хурдтай ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Ер нь бол урсгал сөрөөгүй, Хотонт сумын чиглэлд цагаан шугамны баруун гар талаараа буюу ертөнцийн зүгээр зүүн талаараа явж байсан. Ц.Д согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, харин мөргөлдсөн машинаас жолооч нь гэж гарч ирсэн машин надаас утас байна уу гэж асуухад тэр хүнээс архи үнэртэж байсан. Миний хүзүү, нуруу тухайн үед өвдөж байсан, одоо ч хүзүү хөшиж өвдөж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 59-61 дүгээр тал/

 

            *Гэрч Б.Нямдөлийн өгсөн:

 

            “...Би хадам ээж Бд 2017 оны хавар зараад мөнгийг нь бүрэн авсан, өр авлага байхгүй. Харин албан ёсоор гэрээ байгуулж нэрийг нь шилжүүлээгүй, миний нэр дээр автомашин бүртгэлтэй байгаа. Даатгал нь ээжийн нэр дээр хийгдсэн. Миний хувьд жолоо шилжүүлсэн асуудал байхгүй, өмчлөгч нь З.Б. Би ослын талаар мэдэхгүй учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 дүгээр тал/

 

            *Иргэний хариуцагч Д.Згийн өгсөн:

 

            “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай найз Ц.Д надтай уулзаад Архангай аймгийн Төвшрүүлэх суманд хүн нас барсан, буяны ажилтай боллоо гээд машин гуйхаар нь 69-33 УНТ улсын дугаартай Грейс маркийн авто машиныг өгөөд явуулсан. Гэтэл 2-3 хоногийн дараа зам тээврийн осолд орсон талаар мэдсэн, хаана ямар осол гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. 69-33 УНТ улсын дугаартай Грейс маркийн автомашин миний өмчлөлийн машин. Би Буяннэмэх гэдэг хүнээс худалдаж авсан, машин тэр хүний нэр дээр байдаг. Би өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Би тухайн автомашиныг 2016 онд худалдаж авсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Машин хэрэг болоод гээд гуйгаад байхаар нь машинаа өгч явуулсан. Машин худалдаж авахдаа гэрээ байгуулаагүй, ямар нэгэн бичиг баримт үйлдэлгүй худалдаж авсан. Тухайн ослын талаар нарийн мэдэх зүйл байхгүй, ямартай ч нэг хүн нас барсан, сууж явсан хүмүүс гэмтсэн гэж байсан. Мөн миний машин эвдэрсэн, зургийг нь харахад ашиглах боломжгүй болсон бололтой байсан, машинаа хараагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 390 дугаартай ”...Ц.Дын биед, цээжний хөндийн битүү хүнд гэмтэл болох зүүн уушигны доод дэлбэнгийн няцралт, цээжний хөндийд бага зэрэг цус хуримтлагдалт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, дарагдах, шахах, шахагдах үйлчлэлээр үүснэ. Зүүн уушигны доод дэлбэн няцарсан, цээжний зүүн хөндийд цус хуримтлагдсан гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аас дээш хувиар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 3-р шатлалын эмнэлэгт оног тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 90-91 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 387 дугаартай ”....П.Агийн биед, цээжний хөндийн битүү хүнд гэмтэл болох баруун талын олон хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны дээд, доод дэлбэнгийн няцралт, доод дэлбэнд олон тооны шарх, цээжний хөндийд хий, цус хуримтлагдалт, баруун дал ясны хөндлөн хугарал, хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл болох элэг  няцралт, бага аарцагийн хөндийд цус хуримтлагдалт, гавал тархины битүү гэмтэл болох тархи няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, дарагдах шахагдах олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун уушигны няцарсан, доод дэлбэнд олон тооны шарх үүссэн, элэг няцарсан гэмтлүүдийн улмаас цээж, хэвлийн хөндийд хий, цус хуримтлагдсан гэмтлүүд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3-1-12-д зааснаар, баруун талын олон хавирганы хугарал гэмтэл нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3-1-10-д зааснаар тус тус амь насанд аюултай хүнд гэмтэлд, баруун далны хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл удаан хүндэвтэр гэмтэлд, тархи няцралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш хувиар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 81-82 дугаар  тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 391 дугаартай ”...О.Дцэцэгийн биед, баруун хөлийн дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн, далд, зөрөөтэй хугарал, тархи доргилт, доод эрүүний баруун доод хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун хөлийн дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн далд, зөрөөтэй хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, бусад гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Баруун хөлийн дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-иар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 103-104 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 28-ны  өдрийн 80 дугаартай ”...Амь хохирогч Ш.Ггийн цогцост оношны 1-рт тусгагдсан зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтлийн шинжүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3. А-д тусгагдсан биеийн гаднах гэмтлүүд, З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон. Гавал тархи, цээж, хэвлийн хөндийн амьдрах боломжгүй, хавсарсан, хүнд гэмтлүүд болох суурь ясны хугарал, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, өвчүүний хугарал, 2 талын олон хавирганы нэг ба хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, зүрх задралт, үнхэлцэг хальсан цус хуралт, дэлүүний язарсан урагдалт, элэгний язарсан урагдал, задралтын улмаас дотуур цус алдаж цээж, хэвлийн хөндийд цус хуримтлагдсан гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-10, 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, зүүн хөлийн дунд чөмөгний дунд хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл нь 'Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, биеийн гадаргуугийн шарх, цус хуралт, зулгаралтууд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. Дээрх олон тооны гэмтлүүд нь учрах үедээ ирмэгтэй болон мохоо зүйлийн шүргэх, нидрэгдэх, цохих, цохигдох, дарах, шахагдах олон удаагийн үйлчлэлээр үүсчээ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсчээ. Амь хохирогч Ш.Г нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн олон эрхтэний амь насанд аюултай, амьдрах боломжгүй, хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 2018.08.20-ны 16-17 цагийн үед шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 9-10 орчим цаг болсон байх боломжтой байсан. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин тогтоогдсон ба үхлийн шалтгаан болоогүй байна. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байжээ. Амь хохирогч архи согтуулах ундааны зүйл хэрэглээгүй байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 134-136 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...Жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. Жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх боломжтой. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. Дээрх автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Ц.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, Д” ангиллын 805432 дугаарын эрхийн үнэмлэхтэй байна. Жолооч З.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 552174 дугаарын эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 152 дугаар тал/

 

            *Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженерийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн “...69-33 УНТ улсын дугаартай Хюньдай грейс маркийн авто машины урд хойд салхины шил болон урд талын хаалганы цонх баруун талын цонхнууд хагарсан, кузов их бие нь зүүн урд хэсгээр их хэмжээгээр цөмөрч урагдаж, ханжарч будаг нь халцарсан, зүүн баруун талын хаалга болон дунд хаалга цөмөрч салсан урд их гэрэл, дохио, гүпер хагарсан, хойд гэрлийн таг хагарсан, хойд гүпер байхгүй, дотор солан нь цөмөрч хагаран жолооны хүрд нь чихэгдэж таазандаа тулсан, хянах самбар, гэрэлтүүлэг болон салоны дотор талын цахилгааны утасууд тасарсан урд дугуй обуднаас мултарсан, зүүн урд амартизотор гулзайсан, зүүн урд талын босоо тэнцүүлэгч хугарсан, хэвтээ тэнцүүлэгчийн даравчийн боолт тасарсан, рүллийн аппарат тасарсан, зүүн урд талын доод өндөгөн тулгуур салсан зэрэг эвдэрлүүд байна. Уг тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй. 69-33 УНТ улсын дугаартай Хюндай грейс маркийнн тээврийн хэрэгсэлийн тенхникийн хяналт үзлэгийн хугацаа 2018 оны 06 сарын 03-ны өдөр дууссан байсан болно. 69-33 УНТ улсын дугаартай Хюньдай грейс маркын авто машины кузов их биений будаг халцарсан, хойд гэрлийн таг хагарсан, хойд гүпер байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь осол болохоос өмнөх гэмтлүүд ба осол болоход нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. 69-33 УНТ улсын дугаартай Хюньдай грейс маркийн авто машины кузов их биений будаг халцарсан, хойд гэрлийн таг хагарсан, хойд гүпер байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь осол болохоос өмнөх гэмтлүүд ба осол болоход нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. 69-33 УНТ улсын дугаартай Хюньдай грейс маркийн авто машины урд хойд салхины шил болон урд талын хаалганы цонх баруун талын цонхнууд хагарсан, кузов их бие нь зүүн урд хэсгээр их хэмжээгээр цөмөрч урагдаж ханжарч будаг нь халцарсан, зүүн баруун талын хаалга болон дунд хаалга цөмөрч салсан урд их гэрэл, дохио, гүпер хагарсан хойд гэрлийн таг хагарсан хойд гүпер байхгүй, дотор салон нь цөмөрч хагаран жолооны хүрд нь чихэгдэж таазандаа тулсан, хянах самбар, гэрэлтүүлэг болон салоны дотор талын цахилгааны утасууд тасарсан урд дугуй обуднаас мултарсан, зүүн урд амартизотор гулзайсан, зүүн урд талын босоо тэнцүүлэгч хугарсан, хэвтээ тэнцүүлэгчийн даравчийн боолт тасарсан рүллийн аппарат тасарсан зүүн урд талын доод өндөгөн тулгуур салсан зэрэг эвдэрлүүд нь ослоос болж үүссэн эвдрэл гэмтэлүүд байна. Осол болоход техникийн байдал нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 158-160 дугаар тал/

 

            *Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженерийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн “...92-24УНД улсын дугаартай Тоёота Гранд марк автомашиныг Аймгийн Цагдаагийн газрын Хотонт сумын СДЦТ-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 2018 оны 09 сарын 24-ний өдөр очиж үзлэг хийхэд их бие зүүн тал цөмөрч хунирсан, салхины шил хагарсан их биений цээж утас тасарсан, амортизатор гулзайсан, зүүн урд дугуй хагарч, обуд 2 хуваагдсан жанамны ремень тасарсан, радиотор цөмөрсөн, дээвэр их биений багана гулзайж тахийсан, зүүн болон баруун талын их гэрэл  хагарсан зүүн урд хаалга хунирч гажсан, урд гүпер хагарч унасан копут салж унжсан зүүн талын толь хагарсан, урд салон хагарч бутарсан, зэрэг эвдрэл гэмтлүүд үүссэн байна. Дээрх 92-24 УНД улсын дугаартай Тоёота Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 5 дугаар сарын 22 ны өдөр Техникийн хяналт үзлэгт орж зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй байсан болно. Их бие зүүн тал цөмөрч хунирсан, салхины шил хагарсан, их биений цээж утас тасарсан амортизтор гулзайсан, зүүн урд дугуй хагарч, обуд 2 хуваагдсан жанамны ремень тасарсан, радиотор цөмөрсөн, дээвэр их биений багана гулзайж тахийсан болон баруун талын их гэрэл

1-4?


хагарсан зүүн урд хаалга хунирч гажсан урд салон хагарч унасан, копут салж унжсан, зүүн талын толь хагарсан, урд салон хагарч бутарсан зэрэг эвдрэл гэмтэлүүд үүссэн байна. Эдгээр эвдрэлүүд нь осол болоход үүссэн байна. Харин хуучин эвдрэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ослоос өмнөх эвдрэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. Их бие зүүн тал цөмөрч хунирсан салхины шил хагарсан их биений цээж утас тасарсан амортизтор гулзайсан зүүн урд дугуй хагарч, обуд 2 хуваагдсан жанамны ремень тасарсан радиатор цөмөрсөн дээвэр их биений багана гулзайж тахийсан, зүүн болон баруун талын их гэрэл хагарсан зүүн урд хаалга хунирч гажсан урд гүпер хагарч унасан копут салж унжсан зүүн талын толь хагарсан урд салон хагарч бутарсан зэрэг эвдрэл гэмтлүүд үүссэн байна. Эдгээр эвдрэлүүд нь осол болоход үүссэн байна. Осол гарахад техникийн байдал нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 164-166 дугаар тал/

 

 

              *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 215 дугаар тал/ зэрэг болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр “Улаанчулуу” гэх газар Ц.Д нь 69-33 УНТ улсын дугаартай, Хюндай Грейс маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа З.Бгийн жолоодож явсан 92-24 УНД улсын дугаар бүхий, Гранд марк 2 автомашиныг мөргөж, зорчигч О.Дцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ц.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Ггийн амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Д үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дын “...Манай эхнэр Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд багш ажилтай, би хөдөө мал дээрээ байдаг, эхнэрийн ажил эхлэх гээд сумын төвд ирэн очин байсан. Хамгийн сүүлд 2 хоногийн хөдөө гэрээсээ сумын төв явна гээд гарсан, тэрнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй байсан чинь өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед зам тээврийн осолд орсон талаар нь мэдсэн. Тэгээд иртэл нас барсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Бгийн”...Тэгээд Архангай аймагт 2 хоноод 2018 оны 08 сарын 20-ны өглөө үүрээр 05 цагт аймгийн төвөөс гарч гэр рүүгээ явцгаасан. Бид хоёртой өөр хүн яваагүй. Тэгээд явж байгаад осол гарсан газрын өмнөхөн зогсож ундаа уучихаад хуушуур идчихээд хөдөлсөн. Хөдөлсөн газраас 5 минут орчим явж байтал холоос нэг машин өөдөөс урсгал сөрөөд ирж байсан. Тухайн үед бид хоёр энэ машин яаж байна уу гэж ярилцаад замаа чөлөөлөөд зогссон. Гэтэл шууд өөдөөс ирээд л мөргөсөн, миний хажууд сууж явсан Ггийн урд хэсгээс их хүчтэй мөргөсөн. Мөргөх үед жолооны хүрдний аваарын дэр өөдөөс цохиж нэг хэсэг мэдэх зүйлгүй болсон. Намайг сэрээд хажуу тал руу харахад Ш.Г ямарч чимээгүй болсон байсан, би ухаан алдчихсан байх гэж бодсон. Тэр үед нөгөө машины жолооч гэх залуу хажууд ирсэн байсан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь юм ярихгүй байсан. Жолооч нь хэн бэ гэхэд би байна гэж байсан. Харин тэр машинаас бусад хүмүүс нь гарч ирж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Зын”... Тэгээд өглөө болоод явж байтал гэнэт нэг машин орж ирсэн харагдаад мөргөлдсөн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, нэг сэрсэн чинь ослын газар машин тэрэг унасан, хүмүүс орилолдоод аймар болсон байсан, миний хүзүү хөдөлж болохгүй, нуруу хөшиж өвдөөд шоконд орсон. Болсон асуудлын талаар мэдэхгүй байсан. Тэгээд манай машинд сууж явсан хүмүүс гарч чадахгүй орилолдоод би машинаас татаж гаргасан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Дын эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 24-ний өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч П.Агийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 24-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч О.Дцэцэгийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний 391 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ш.Ггийн зам тээврийн ослын улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженерийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч О.Дцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ц.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Ггийн амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон

талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

              Иймд шүүгдэгч Ц.Дийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгчээс оршуулгын зардалд 24090131 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 18352924 төгрөг, малчны зээл авахад хамтран зээлдэгчээр орсон тул 5609954  төгрөг, мөн 4187934 төгрөг замын зардал 60000 төгрөг нийт 52300943 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрхтэй талаар зохицуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардлын талаар ирүүлсэн нотлох баримтыг үнэлэн, нотлох баримтын шаардлага хангаж буй нийт 22892700 төгрөг, мөн шүүх хуралдаанд ирж суухад зарцуулсан замын зардал 60000 төгрөг нийт 22952700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ц.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 2.900.000 төгрөг төлсөн талаар хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч, шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хасч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20.052.700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Мөн түүний ирүүлсэн баримтын 2 дугаар хуудсанд байгаа 300.000 төгрөгийн банкны хуулга, 18 дугаар хуудсанд байгаа 700.000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн тухай банкны хуулга ямар зардал болох нь тодорхойгүй байх тул  нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж түүний нэхэмжлэлээс 4 дүгээр хуудсанд байгаа 127300 төгрөгийн, мөн 7 дугаар хуудсанд байгаа 68074 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож мөн цалингийн зээл, малчны зээл нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон З.Бгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаж буй 7270788 төгрөгийг гаргуулан, 1344861 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон тус тус  шийдвэрлэв.

              Шүүгдэгч Ц.Дийн унаж явсан тээврийн хэрэгсэлийн хувьд өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Д.З гэх хүний тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу уг тээврийн хэрэгсэлийн эзэмшигч иргэний хариуцагч Д.Згоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Ц.Дт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж  хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох талаар зохицуулсан. Шүүгдэгч Ц.Д нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирлыг  төлж барагдуулах бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирол төлөхөөр завсарлага авсан боловч шүүгдэгч ажил хийхээс өөрөөр хохирол төлөх боломжгүй талаар түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилаагүй байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

              Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдан, шүүгдэгч Ц.Дийн 2019 оны 01 сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний хэрэгт хураагдан ирсэн 805432 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цорс овогт Цийн Дийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний  эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийн цагдан хоригдсон 79/далан ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Төмөр замын задгайн 55 тоотод оршин суух иргэний хариуцагч Д.З/РД:ЙР88082916/-гоос 20.052.700/хорин сая тавин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р баг, Шивээтийн 1-1 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д/РД:УС69122932/-д, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Төмөр замын задгайн 55 тоотод оршин суух иргэний хариуцагч Д.З/РД:ЙР88082916/-гоос   7.270.788/долоон сая хоёр зуун далан мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5-р баг, 1-2 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч З.Б/РД:ЙС41120206/-д тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь 1.000.000/нэг сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүний нэхэмжлэлээс 28.348.182/хорин найман сая гурван зуун дөчин найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч З.Бгийн нэхэмжлэлээс 1344861/нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт 79/далан ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчийн хэрэгт хураагдан ирсэн 805432 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР