Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Мээпам

              Шүүгдэгч: Д.Ц

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотдууд овогт Дгийн Цт холбогдох эрүүгийн 1812004250262 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос ноолуурын технологич мэргэжилтэй, “Говь” ХХК-нд лаборант, чанар шалгагч ажилтай,  ам бүл 6, ээж, эгч, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монелийн 35-р гудамжны 19а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хотдууд овогт Дгийн Ц/РД: ПБ........../

             

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Хүрэн хоолой” гэх газар 62-02 УНВ улсын дугаартай Мицүбүши Голд маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ө.Эы эрүүл мэндэд хүнд, Д.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 1812004250262 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ө.Эы өгсөн:

            “...Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг орох гэж явж байсан. Би Улаанбаатараас Архангай аймгийн Төвшрүүлэх сум хүртэл машиныг жолоодож явсан. Тэгээд Д.Цт рүүлээ шилжүүлээд хойд суудал дээр суусан. Тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар явж байгаад эргэлтэн дээр зөв талын урд дугуй замын хажуу талын шороо руу орсон. Тэгээд Д.Ц эсрэг урсгал руу зөрөөд буцаад нөгөө урсгал руу ороод замын хажуу руу орж онхолдсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэдэн километр цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл Д.Цийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгсэлд 5 хүн зорчиж явсан, Д.Ц, түүний ээж Болороо, дүү Отгонбаяр, Отгонцэцэг, бид хэд явж байсан. Дотор гэмтэл дэлүү задарсан байсныг авахуулсан, дотуур цус алдалттай, хүзүү хугарч бяцралттай, 3, 4, 5, 6-р хавирга хугарсан, өвчүү хугарсан, 2 нуруу хугаралттай суудлын аарцагны яс хугарсан. Миний биед их гэмтэл учирсан. Эмчилгээний зардал өгчихвөл өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

            *Насанд хүрээгүй хохирогч Д.Оын өгсөн:

            “...Би зам тээврийн осол болох үед унтаад явж байсан болохоор мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад гомдол хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

            *Гэрч Д.Бгийн өгсөн:

            “...Би нутгаасаа гараад 9 жил болж байгаа, тэгээд охинтойгоо нутаг руугаа очоод ах дүү нартайгаа уулзах гээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 03:00 цагийн үед нутгийн хүмүүсийн хамт өөрийн 3 хүүхэдтэй мөн хүргэнтэйгээ машиндаа тавуулаа Улаанбаатараас гарсан. Замд охины машиныг манай хүргэн хэсэг барьж явсан. Тэгээд охин өөрөө барья гээд машинаа аваад хэсэг явж байтал машинд нь чахрах чимээ гарахад охин рүүлээ 2 тийш нь дарах шиг болсон бид хэд замын хажуугийн далан руу уначихсан. Бидэнтэй хамт явсан хүмүүс хүнд үзүүлж харуулаад шөнөөр гарах болсон. Би зам тээврийн осол болох үед сэрүүн явж байсан. Охин замдаа машинаа Ө.Эаар жолоодуулаад өөрөө унтаад явсан болохоор үүрэглээгүй. Манай охин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй учраас би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Намайг харахад охин 70 км/цагийн хурдтай явж байсан. Тэр хавьцаа л хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би охиндоо 2017 онд 9.000.000 төгрөгийн зээл аваад машиныг нь авч өгсөн. Манай охины өөрийнх нь машин. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй. Надад төрсөн охин Д.Цээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/

 

            *Насанд хүрээгүй гэрч Д.Оийн өгсөн:

 

            “...Бид нар 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 02:00 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг орохоор Д.Ц эгчийн Мицүбиши Голд маркийн автомашинтай 5-уулаа гарсан. Бидэнтэй хамт манай нутгийн хүмүүс 3 машинтай хамт гарсан. Бид нар Улаанбаатараас гараад явж байгаад Архангай аймгийн нутагт өглөөний 08:00 цагийн үед явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед машиныг манай эгч Д.Ц жолоодож явсан. Шөнө машиныг Ө.Э ах Д.Ц эгч хоёр ээлжлээд жолоодож явсан. Би унтаад явж байсан болохоор Д.Ц эгчийг хэзээ хаанаас эхэлж машинаа жолоодож явсаныг сайн мэдэхгүй байна. Би машин онхолдох үед унтаад явж байсан, хэсэг ухаан алдчихсан байсан. Сэргээд харахад машины хажууд газар хэвтэж байсан. Зам тээврийн осол болсны дараа надад манай ээж, ах гээд хамт явсан хүмүүс хэлсэн. Д.Ц эгч гэрээс гараад гэмтлийн эмнэлэг хүртэл барьсан, тэндээс эхлээд Ө.Э ах жолоодсон. Тэгээд хаанаас эгч жолоодсонг би мэдэхгүй байна. Би замд унтаад явж байсан. Манай эгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний нуруу бага зэрэг өвчтэй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

            *Яллагдагч Д.Цийн өгсөн:

 

            “...2018  оны 08 дугаар сарын 08-ны шөнө 03:00 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг орохоор нутгийн хүмүүсийн хамт өөрийн 62-02 УНВ улсын дугаартай Мицүбиши Голд маркийн автомашинтай гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа Ө.Э ахаар жолоодуулан явж байгаад би машинаа жолоодоод Ө.Э ах арын суудалд суугаад явсан. Би жолооны руль шилжүүлж аваад 10 км орчим явж байтал машины дугуй чихраад байсан. Тэгээд нэг мэдэхэд онхолдчихсон байсан. Би 70-80 км/цаг орчим хурдтай явсан. Миний машин жолоодох чадвартай холбоотой зам тээврийн осол гарсан. Би 2018 оны 07 дугаар сард машин авсан. Тэрнээс өмнө бараг машин жолооддоггүй байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Ө.Эы гомдлыг барагдуулаагүй байгаа. Би 1998 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5-р хороо 35-19 тоотод ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. “Говь” ХХК-ны анхан шатны үйлдвэрт лаборант чанар шалгагчаар 2015 оноос хойш ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-146 дугаар тал/

 

            *Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн”...62-02 УНБ улсын дугаартай автомашины жолооч Д.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 62-02 УНБ улсын дугаартай автомашины жолооч Д.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна. Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалын 1158416 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/. Тухайн зам нь Асьфалтан, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 385 дугаартай”...Ө.Эы биед гэмтэл учирчээ. Ө.Эы биед, хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл болох дэлүү урагдаж, задарсан гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дэлүү задарсан гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-с дээш алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэх дүгнэлт/хх-ийн 50 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 379 дугаартай”...Д.Оын биед гэмтэл учирчээ. Д.Оын биед, баруун чихний дэлбэнд урагдсан шарх, зүүн эгэмний дунд 1/3 хэсгийн зөрөөгүй хугарал гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх, цохих, цохигдох 1-2 удаагийн үйлчлэлээр үүсчээ. Зүүн эгэмний 1/3 хэсгийн зөрөөгүй хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, баруун чихний дэлбэнгийн шарх нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Зүүн эгэмний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-р тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт , эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэх дүгнэлт/хх-ийн 121-122 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 473/385-ийн нэмэлт/дугаартай”...Шинжээч эмч С.Хишигмаагийн гаргасан №385 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ө.Эы биед хүзүүний 6-н нугалмын тогтворгүй шахагдсан хугарал ба хүзүүний 5-6-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч хиймэл жийргэвч суулган ялтас шургаар бэхлэх хагалгааны дараах байдал, дэлүү задрал, урагдал ба дэлүү авах хагалгааны дараах байдал, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, өвчүү ясны их биеийн хугарал, баруун эгэм ясны зөрөөтэй далд хугарал, баруун талын 2 ба 5-р хавирганы эгэмний дунд, далны шугамаарх хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 6-р хавирганы эгэмний дунд, суганы урд шугамаарх зөрөөгүй хугарал, баруун талын умдаг ясны дээд салааны зөрөөгүй, суудал ясны нум хэсгийн бага зөрөө бүхий хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүзүүний 6-р нугалмын тогтворгүй шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-5, 3-1-6-д зааснаар, дэлүү задрал нь 3-1-12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% ба түүнээс дээш хувиар тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 135-137 дугаар тал/

 

              *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 149 дүгээр тал/

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Ц  нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Хүрэн хоолой” гэх газар 62-02 УНВ улсын дугаартай Мицүбүши Голд маркийн автомашин осолдож иргэн Ө.Эы эрүүл мэндэд хүнд, Д.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Ц үйлдсэн болох нь хохирогч Ө.Эы “...Тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар явж байгаад эргэлтэн дээр зөв талын урд дугуй замын хажуу талын шороо руу орсон. Тэгээд Д.Ц эсрэг урсгал руу зөрсөөд буцаад нөгөө урсгал руу ороод замын хажуу руу орж онхолдсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Оын”... Би зам тээврийн осол болох үед унтаад явж байсан болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн”... Тэгээд охин өөрөө барья гээд машинаа аваад хэсэг явж байтал машинд нь чахрах чимээ гарахад охин рүүлээ 2 тийш нь дарах шиг болсон бид хэд замын хажуугийн далан руу уначихсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Оийн”... Би машин онхолдох үед унтаад явж байсан, хэсэг ухаан алдчихсан байсан. Сэргээд харахад машины хажууд газар хэвтэж байсан. Зам тээврийн осол болсны дараа надад манай ээж, ах гээд хамт явсан хүмүүс хэлсэн...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 473/385-ийн нэмэлт/дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нүүцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

              Иймд шүүгдэгч Д.Цийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Шүүгдэгч Д.Ц нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

 

              Шүүгдэгч Д.Цт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотдууд овогт Дгийн Цийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Ө.Э нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОРБ