Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00268

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

           

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК-ийн захирал М.Ариунбуянтай Солонгос Улсад аяллын виз гаргуулахаар 2017 оны 9 сарын 1-ний өдөр гэрээ хийж өөрийн хадгаламжаас 2,500,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Мөн хүү Болдхуягийн гадаад паспорт, бичиг баримтыг өгөөд өнөөг хүртэл 4 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд виз гараагүй, таны мөнгийг өгнө гэж худал ярьж явсаар өдий хүрлээ. Иймд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-д

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 1 сарын 8-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт байх этгээд нь мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалтад заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн авч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татаглазсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь заалтад “Зохигч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасан, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

М ХХК болон Г.П нарын хооронд 2017 оны 9 сарын 1-ний өдөр “Зуучлалын гэрээ” нэртэй гэрээ /хх-4 тал/ байгуулагдаж М ХХК нь БНСУ-д хувийн журмаар аялах визэнд зуучлах, виз гарсан тохиолдолд 7,500,000 төгрөгийн хөлс авах, Г.П нь урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөг төлөх, виз гарсан тохиолдолд үлдэх 5,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээнд “2017 оны 9 сарын 1-нд бэлэн 2,500,000 төгрөгийг тоолж авлаа М.Ариунбуян” гэсэн тэмдэглэгээг гараар бичиж М ХХК-ийн захирал М.Ариунбуян гэсэн гарын үсэг зурсан байна..

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дахь заалтад “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасны дагуу визэнд зуучлах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төлсөн төлбөр 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, уг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх ба гэрээний хугацаа 2017 оны 10 сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч зуучлалын гэрээг дуусгавар болгох эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад “Виз гараагүй тохиолдолд зуучлагч талаас урьдчилгаа мөнгө 2,500,000 төгрөгөөс 500,000 төгрөг бичиг баримтын зардалд суутгагдаж, 2,000,000 төгрөг буцаан олгогдоно” гэж заасан байх боловч хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхээр нэхэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад “Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс ... үүрэг нь хожим дуусгавар болсон ... тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч М ХХК-аас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.П-д олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 12 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.П-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР