Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Н.Т-гийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: УБТЗ ХНН-т холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын давтан зөрчил гаргаагүй болохыг тогтоолгож, Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаал нь үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон 43 дугаар зүйлд заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж, шууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл УБТЗ ХНН-ийн шийтгэл ногдуулсан асуудал нь өөрсдийнх нь дагаж мөрддөг журам болон хөдөлмөрийн гэрээнд байхгүй байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил биш юм. Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Тийм болохоор энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Тухай зөрчил нь өөрөө тогтоогдоогүй. Дээд шатны буюу эрх бүхий байгууллага тогтоогоогүй. Н.Т нь өмнө сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тэгэхэд шууд ажлаас халсан. Тийм учраас энэ тушаал нь өөрөө хүчингүй юм. Тушаал хүчингүй болгосонтой холбоотой тусад нь нэхэмжлэл гаргаж явна. Эхний ээлжинд тушаал хүчингүй болгох дээр маргана. Энэ сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хуульд нийцээгүй. Энэ ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 288 дугаар тушаалын үндэслэл болж байгаа хуулийн зүйл заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт гол  анхаарлаа хандуулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43.1 дэх хэсэг Төмөр замын тээврийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасан үндэслэл нь зөвхөн халах талаар юм билээ.  288 дугаар тушаал нь Н.Тд юу гэж хамаатуулж байна гэхээр ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа юм. Тэгэхээр шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар үр дүнгийн шагнал хассан асуудлын зөрчил байсан юм. Үүнд Н.Аийг зодож танхайрсан, биед нь гэмтэл учруулж давтан зөрчил гаргасан гэж үзээд байна. Н.Аийг танхайраад зодсон гэж байгаа нь тогтоогдоогүй. Яагаад гэвэл зодооныг салгасан болон үзсэн эмч нь тухайн асуудлыг болсноос буюу 2017 оны баримтуудыг гаргаж өгөөд байгаа юм. Үүнийг нотолдог байгууллага тусдаа байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар эрх бүхий байгууллагын тогтоол, захирамжаар хүний биед үзлэг хийдэг. Гэтэл тухайн асуудлаар ямар нэгэн гомдол, хүсэлт Н.А гаргаагүй. Тийм учраас албан ёсоор тогтоосон баримт байхгүй гэж үзэж байна.  Н.А өөрөө намайг зодсон гэсэн асуудлыг тодорхойлон бичсэн байсан. Яагаад бид “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлгээс хагалгаа хийсэн гэсэн баримтыг гаргуулж авахыг хүссэн. Гэтэл тийм баримт байхгүй. Амбулаторийн зөвхөн үзлэг хийсэн гэсэн баримт гаргаж өгсөн. Энэ баримтаар зодож, танхайрсан гэдэг нь нотлогдохгүй. Давтан зөрчил гаргах тухайд бол ажил тасалж үр дүнгийн шагнал хасуулсан гэх ямар баримт байгаа юм. Гэтэл энэ хүн ажлын байрны тодорхойлтонд заагдсан ажил үүргийг биелүүлж байсан. Үр дүнгийн шагнал гэдэг нь ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад олгодог нэмэгдэл цалин хөлс гэж дотоод журамдаа заасан байдаг. Гэтэл ажил тасалсан гэдэг нь амралтын үедээ дуудах үед бэлэн ирээгүй гэж тайлбарлаад байна. Энэ хүний хөдөлмөрийн гэрээ, байгууллагын мөрдөж байгаа ажил үүргийн тодорхойлолт зэрэг дээр амралттай байх үед ирээгүй бол үүнийг ажил тасалсанд тооцно гэсэн заалт алга. Үр дүнгийн шагнал олгоогүй нь сахилгын зөрчил гэж заасан юм алга. Мөн хүний биед гэмтэл учруулсан нь сахилгын зөрчил болно гэсэн зохицуулалт байхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэлсэн амралттай байхдаа дуудсан цагт ирээгүй гэж үүнийгээ дэмжиж байсан. Энэ нь сахилгын зөрчил шийтгэл оногдуулах ёстой гэдгийг зохицуулсан зүйл заалт байхгүй гэдгийг харж үзэх ёстой. Тэр тушаал гардаж аваагүй асуудал нь ажил олгогч буруугүй, Н.Т өөрөө ирээгүй гэж байгаа. Хүний нөөцийн ажилтан нь гарын үсэг зуруулаагүй. Өгсөн гэж бичсэн тэмдэглэл хийсэн гэж хариуцагч тал сая хэлсэн. Ажлаас халсан тушаал гардуулаагүй нь ажил олгогчтой өөртэй нь холбоотой. 5 дугаар сарын 25-нд ажлаас халсан юм бол 8 дугаар сарын 19-нд тойрох хуудсыг нь зуруулж байгаа юм. Тэгэхээр ажил хүлээлцээгүй, зугтаад алга болсон гэдэг тайлбар нь хэр үндэслэлтэй болох вэ? Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 288 дугаар зүйлд заасан бусдын биет гэмтэл учруулсан сахилгын зөрчил давтан гаргасан гээд байгаа тушаал маань эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Бусдын биед гэмтэл учруулсан гэдэг нь тухайн дотоод журмаар яаж зохицуулсан нь байхгүй байна. Тэгэхээр үүнийг эмч тогтоогоод байгаа юм уу эсвэл Н.А өөрөө тогтоогоод байгаа юм уу гэдэг нь учир дутагдалтай. Үүнээс үзэхэд давтан гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд арга хэмжээ авагдсан гэдгийг шаардахгүй. Гэхдээ зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон байх ёстой гэж заасан байдаг. Тогтоогдоогүй учраас 288 дугаар тушаал нь үндэслэлгүй байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБТЗ ХНН-ийн Сайншанд татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаар тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 буюу сахилгын ноцтой зөрчил гэсэн хэсгээр биш сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэл бүхий зөрчлүүд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Жишээ нь Улсын дээд шүүхийн тайлбарт давтан гаргасан зөрчлүүд хоорондын хугацаа болон сахилгын шийтгэл хүлээсэн болон хүлээгүй ч 6 сараас хэтрээгүй байна гэж заасан байдаг. Энэ заалттай нийцсэн гэж үзэж байна. УБТЗ ХНН-ийн Сайншанд татах хэсгийн сарын урамшуулал болон түүний үлгэрчилсэн загвар гэсэн баримтыг хавтас хэрэгт өгсөн байдаг. Энэ дүрэм маань тухайн сардаа сахилгын зөрчилгүй бол ажилтанд өгдөг урамшуулал цалин байдаг. Тухайн сардаа ямар нэгэн зөрчил үйлдсэн байхад сарын үр дүнгийн цалинг бууруулж, хариуцлага тооцдог. Хавтас хэрэгт байгаа материалд 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажилдаа ирээгүй сахилгын зөрчил гаргасан учраас цалинг 50 хүртэл хасах тухай хурлын тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүний дараа 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дуудсан цагт ажилдаа ирээгүй үндэслэлээр шагналт цалинг 50 хувиар бууруулсан. Яагаад гэвэл туслах машинист гэдэг ажил бол ямар ч цаг хугацаанд, амралттай байсан хамаагүй дуудсан цагт ирж ажлаа хийх ёстой байдаг. Гэвч Н.Т нь өөрөө дуудсан цагт ирээгүй юм. Мөн  2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ээлж хүлээлцэж байхдаа хамт ажилладаг Н.Атэй гар зөрүүлж биет нь гэмтэл учруулж, хамрыг гэмтээсэн зөрчил гаргасан байдаг. Үүнээс болж Сайншанд татах хэсгийн удирдлага энэ зөрчлийг авч хэлэлцээд улмаар Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчлийг давтан гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг буюу сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж Н.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хамтран ажиллаж байсан Н.Аийн биет гэмтэл учруулж байсан тухай баримтыг гаргаж өгсөн. Хамгийн сүүлд “ЭМЖЖ” эмнэлгээс гаргаж өгсөн тодорхойлтонд “ЭМЖЖ” эмнэлэээр Н.А үзүүлж, тусламж үйлчилгээ авсан тухай материал байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтан дунд өөрийнх нь эмчлүүлэгчийн карт хүртэл байгаа. Хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай УБТЗ ХНН-ийн даргын тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчлүүд тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан юм. Иймд тухайн тушаал нь үндэслэл бүхий байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,         

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, сахилгын давтан зөрчил гаргаагүй болохыг тогтоолгож, Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулахаар шаардаж байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон шаардаж байна гэж дүгнэж, энэхүү шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

            Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4 дэх заалтыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлын байранд илчит тэрэг хүлээлцэх үедээ бусдын биед гэмтэл учруулсан, сахилгын давтан зөрчил гаргасан тул Ашиглалтын цехийн 5 дугаар цувааны илчит тэрэгний туслах машинч Нармандахын Тэлмэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Нэхэмжлэгч нь Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ ажилд эгүүлэн тогтоолгох биш, сахилгын давтан зөрчил гаргаагүй болохоо тогтоолгох зорилготой гэж тайлбарлаж байна.

 

            Түүний нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан 3 сарын хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг баримтлахаар байна.

 

            Хэдийгээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Учир нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш 3 сарын хугацааг тоолно.

 

            Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийнх нь гаргасан зөрчлийг хэлэлцсэн хуралд оролцож, шийдвэрийг сонссон байна. Түүнчлэн нэхэмжлэлдээ 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тоот ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулахад бусдын биед гэмтэл учруулсан гэсэн байсан гэж бичсэн, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тойрох хуудас зуруулсан, 2017 оны 1 дүгээр сарын16-ны өдөр ажлын байраар хангаж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан зэргээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг мэдсэн хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаар хүсэлт, тайлбар, баримт гаргаж өгөөгүй, гардаж авсан өдрөөс хугацаа тооцон шүүхэд хандсан гэх түүний тайлбар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалттай нийцэхгүй байх тул шүүхээс уг хугацааг сэргээн тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох сахилгын давтан зөрчил гаргаагүй болохыг тогтоолгож, Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

 

 

                                                ТОГТООХ нь:

 

 

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1  дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Тгийн УБТЗ ХНН-т холбогдох сахилгын давтан зөрчил гаргаагүй болохыг тогтоолгож, Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                        

 

                                    

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ