| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0118/Э |
| Дугаар | 2021/ШТ/122 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Др хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э, Ц.Б
Шүүгдэгч: Д.Б, Д.Ш нарыг оролцуулан
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Р овогт Д Ш, Ноёд овогт Д Б нарт холбогдох 2112............. дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1995 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эмээ, ээж нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ровогт Д Ш /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.5-т зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Н овогт Д Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ш, Д.Б нар нь бүлэглэж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газраас хохирогч Д.Цын эзэмшлийн 19 тооны адуу буюу олон тооны малыг 79-45 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112................. дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Д.Цын өгсөн: “...Манайх 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Цагаан хөндий гэх газраас 19 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тухайн үедээ Бат-Өлзий сум Хотонт сумын нутгаар адуугаа хайгаад олоогүй. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой цагдаа нар манайд ирээд миний 3 тооны адууг нядлаад Архангай аймгийн Цэнхэр суманд хулгай хийсэн хүмүүс нь баригдсан гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн Цэнхэр суманд орой нь ирэхэд миний 3 адууг нядалсан байсан. Би өөрийн нэг зээрд мориныхоо толгойг шууд хараад таньсан. Миний зээрд морины толгойны чихийг нь тасдаад авчихсан байсан. Би өөрийн зээрд морио буурал дух, ногтны ормоор цагаан үстэй зэрэг содон шинжээр нь таньсан. Мөн сартай хонгор морины толгойны арьсыг хуулчихсан арьс нь тусдаа байсныг хараад таньсан. Нөгөө нэг зээрд морины толгойны арьсыг шулаад хуулчихсан адууны толгойны яс нь харагдсан байдалтай байсан. Маргааш нь би миний адууг Штэй хулгайлж хамт нядалсан гэх Б гэх залуугийнд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар очиход миний хулгайд алдсан хүрэн зүсмийн морийг дэлийг нь засаад, зүүн чихэнд нь шинээр онь им хийчихсэн байсныг цагдаа нар тэмдэглэл үйлдэж надад хүлээлгэж өгсөн. Ш, Б нар миний үлдсэн адууг Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Тархинтын даваагаар давуулаад орхисон гэсэн болохоор тэр хавиар нь хайгаад олоогүй. Маргааш нь би Шгийн хамтаар явж Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Тархинтын даваа уруудаад 10 км зайтай газраас өөрийн 14 тооны адуугаа олж авсан. Одоо миний адуу Бат-Өлзий суманд гэрийнхээ гадаа байгаа. Би Бын гэрийн гадаа байсан хүрэн морьтойгоо нийлээд 15 адуугаа амьдаар нь олж авсан. Үүнээс миний 3 адууг нядалсан, сартай хонгор зүсмийн шүдлэн байдас ор сураггүй алга болсон байна. Би 19 тооны адуугаа хулгайд алдсан. Үүнээс 15 тооны адуугаа амьдаар нь олж авсан. Би 1 хул азарга, 7 хонгор зүсмийн гүү, 1 хар зүсмийн гүү, 1 цавьдар гүү, 1 хээр зүсмийн шүдлэн байдас, 1 цавьдар шүдлэн байдас, 1 зээрд хязаалан байдас, 1 сартай хээр унага, 1 сартай хонгор шүдлэн байдас, 1 зээрд зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь, 1 буурал духтай, ногтны ормоор хоншоор дээрээ хөндлөн цагаан үстэй, зүүн гуяндаа О үсгэн тамгатай, олоортой, 1 сартай хонгор морь, 1 хүрэн морь им тамгагүй адуунууд хулгайд алдсан. Үүнээс би азаргаа 1.500.000 төгрөгөөр, 9 гүү тус бүрийг нь 800.000 төгрөгөөр, нэг хязаалан байдсаа 600.000 төгрөгөөр, 3 шүдлэн байдсаа тус бүрийг нь 500.000 төгрөгөөр, 1 унагаа 200.000 төгрөгөөр, 4 нас гүйцсэн морио тус бүрийг нь 1.200.000 төгрөгөөр үнэлж байна. Манайх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум Хотонт сумын залгаа дээр 2 км зайтай нутагладаг. Манай адуу гэрийнхээ ардхан талд 4-5 км зайтай Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газар бэлчиж байсан. Нядлагдсан 3 адуу, сураггүй байгаа. Сартай хонгор шүдлэн байдасныхаа хохирлыг барагдуулж авна. Мөн адуугаа хайж явсан болон цагдаа дээр дээр мэдээлэг өгөхөд гарсан бензиний зардлаа гаргуулж авна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-85 ху/,
*Хохирогч Д.Цын өгсөн: “...гурван тооны адууны махаа зарж нийт 390 кг мах болж надад 2.000.000 төгрөгийг миний 5542096773 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Би алдсан 3 тооны адуугаа 3.600.000 төгрөгөөр үнэлж байгаа одоо зөрүү мөнгө болох 1.600.000 төгрөг авах дутуу байгаа. Мөн нэг сартай хонгор байдас алга болсон адуун дундаас байхгүй байгаа би тэр байдсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 2.100.000 төгрөг авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-82 хуу/
*Хохирогч Д.Цын өгсөн: “...би хохирол төлбөрөө авсан. Б, Ш нараас бэлнээр 4.000.000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуу/
*Гэрч Ц.О өгсөн: “... манайх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Их бургаст гэх газар оршин суудаг. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Цагаан хөндий гэх газраас гүү морь нийлсэн 19 тооны адуугаа хулгайд алдсан. Хулгайд алдсан адуунуудын содон шинж тэмдэг нь гэвэл хул хонгор голдуу хул азаргатай адуу байгаа. Содон гэвэл зээрд гүү зээрд даагатай, хар гүү хээр даагатай. Нэг хонгор гүү “Ө” үсгэн тамгатай бусад нь ямар нэгэн им тамгагүй. Манай адууг Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн иргэн Ш, Цэнхэр румын иргэн Болбаатар гэх хүмүүс хулгай хийсэн байна гэж манай нөхөр хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-нд манай нөхөр Ц манай адууг хулгайлсан Штэй хамт явж Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутгаас алдсан адууныхаа 15 тооны адууг олж ирсэн. Одоо манай адуунаас 2 зээрд, сартай хонгор морь, сартай хонгор байдас нийт 4 адуу дутуу байгаа үлдсэнийг нь тоо зүсээр нь бүгдийг хүлээж авсан. Манай нөхөр хэлэхдээ Ш, Б нар манай адуунаас 2 зээрд морь, 1 сартай хонгор морийг махалчихсан байсныг цагдаа нар барьсан байна гэж хэлсэн. Сартай хонгор байдас бол сураггүй алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 ху/,
*Гэрч Б.Ү өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сум орчихоод орой гэртээ Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Шарт гэх газарт 16 цагийн үед ирээд үхрээ хураах гээд 16 цагийн үед гэрээс гарахад ойролцоогоор 20 орчим тооны адуу Бын болон манай гэрээс урагш 200 орчим метр зайтай харагдаж байсан. Хонгор, зээрд голдуу зүстэй адуунууд харагдаж байсан. Намайг Цэнхэр сумаас ирэхэд Б гэрийнхээ гадаа нэг хүрэн зүсмийн морь барьж аваад малынхаа хашаанд хийсэн харагдахаар нь ямар учиртай юун морь бариад авсан юм бэ гэж асуухад надад Ш морины оронд авчирч өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ орсон. Намайг Бтай уулзахад Ш хөх өнгийн 75-44 АРА улсын дугаартай портер маркийн машинтай Б гадаа ирчихсэн байсан. Манай гэрийн урд өлөнд байсан адуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэнэт алга болчихсон. Хүрэн морь нь Бын гэрийнх нь урд аргамжаатай тэжээл өгч байгаа. Би тэдгээр адуунуудыг хэн хаанаас авчирсан болохыг мэдэхгүй. Адуу гаргасан үгүйг мэдээгүй. Тухайн адуунуудыг им тамгыг хараагүй, 20 орчим тооны хонгор зүсмийн зээрд голдуу зүстэй адуунууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 ху/,
*Гэрч Д.А өгсөн: “...би нөхөр Үүрийнцолмонгийн хамтаар Архангай аймгийн Цэнхэр сум орчихоод 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 16-17 цагийн үед ирэхэд Б гэрийнхээ гадаа хүрэн зүсмийн морь барьж аваад уячихсан байсан. Би Баас юун морь барьж аваад уячихсан юм бэ гэж асуухад энэ Ш надад авчирч өгсөн юм гэж ярьсан. Би санаанд ч ороогүй гэртээ яваад орсон. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Ш нь цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай Бын гэрийн гадаа ирчихсэн байсан. Хар өнгийн никал машинтай хүнээс худалдаж авсан гэсэн. Б азарга адуу авчирсан талаар би ёстой мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 ху/,
*Гэрч С.О өгсөн: “...би Гүнбайгаль ХХК-ийн захирал бөгөөд манай компани хоол хүнс, зам тээвэр барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Л200 маркийн 79-45 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь манай компанийн нэр дээр байдаг гэрчилгээтэй. Би өөрөө ашиглаж унаж байсан юм. Манай компани үйл ажиллагаандаа хэрэглэдэг болохоор манай нэр дээр байдаг. Би дээрх тээврийн хэрэгслийн төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу төлбөл иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 ху/,
* Д.Бын гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-нд намайг Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар гэртээ байхад Ш надруу шөнийн 00 цагийн үед утсаар залгаад би гарчихсан явна Бүрдний 5 модны харалдаа урд явж байна чи урдаас угтахгүй юмуу гээд надруу ярихаар нь би надад морь байхгүй гэсэн чинь машинаараа урдаас угтаад ирээч гэхээр нь за за гээд л-200 маркийн, 79-45УБИ улсын дугаартай машинаараа гэрээсээ доошоо гараад Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Бүрдний амаар уруудаад 5 мод гэдэг газар очиход Ш голын бургасанд 2 морь хөтөлсөн 1 морио уначихсан ирсэн. Ш хонгор морь унаад, 2 зээрд зүсмийн морь хөтлөөд ирсэн. Бид 2 Бүрдний 5 мод гэдэг газар уулзаад би 3 адуугаа аваад ирлээ хоёулаа хаана энэ 3 адуугаа нядалж гаргах вэ гэж асуухаар нь би манай гэрийн урд талын гэц эрээний модонд нядлаад гаргачихая гэж бид 2 ярилцаад Ш урд ороод би машинаар араас нь дагаад Өндөрийн өврийн модонд аваачиж 3 адуугаа уяад хоёулаа гаргая гэсэн чинь Ш 2 хоногтоо харзная гээд бид 2 манайд очиж хоносон. Маргааш нь Ш миний мотоциклийг унаад гэр рүүгээ явчихаад 01 дүгээр сарын 08-ны өдөр нилээн орой болсон байхад манайд ирэхээр нь хоёулаа нөгөө 3 адуугаа гаргая гээд бид хоёр манай гэрээс 2 хутга, хурц иртэй сүх аваад ойрхон 3 адуу уясан Өндөрийн модонд очоод Ш бид хоёр 3 адуугаа нядалж гаргачихаад шөнийн 04 цагийн үед дуусаад би өөрийнхөө л-200 маркийн, 79-45 УБИ улсын дугаартай хагас ачааны машин дээр нядалсан 3 адуугаа ачаад урагшаа Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сум руу аваачиж зарвал цагдаад баригдчих байх гээд Архангай аймаг руу 01 сарын 19-ний өглөө үүрээр хөдлөөд Цэнхэр сум руу орж ирээд 10 цагийн үед цагдаад баригдсан. Энэ адууг нядалж гаргахаас нилээн дээр 15-16 хоногийн өмнө адуу хулгайлъя гэж утсаар ярилцсан. Тэгээд Ш надад би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас 3 адуу аваад очно баригдахгүйгээр зарна шүү гэсэн. Би Ш чи гоомоо юм хийж болохгүй шүү гээд 3 адуу туугаад аваад ир гэж хэлсэн. Бид 2 миний машинаар ачна гэж яриад утсаа тасалсан. Ш бид хоёр 2 зээрд зүсмийн, 1 сартай хонгор морь нядалсан. 1 зээрд морь нь чих цуулбар имтэй хоншоор дээрээ ногтны оромтой цагаан үс ургачихсан байсан. Нөгөө морь нь им тамгагүй адуунууд байсан. Эдгээр 3 адуу нас гүйцсэн том морьд байсан. Би Ш л гэж дууддаг. Жинхэнэ нэрийг нь мэддэггүй юм. Ш 3 тооны адуугаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас хулгай хийж авчирлаа гэж ярьсан. Ш бид 2 нядалж гаргасан 3 адууныхаа толгой шир шийрийг шуудайнд хийгээд Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг 3 тохой гэх газар хаячихаад ирсэн. Уг 3 тооны адууны толгой бол 2020 оны 10 дугаар сард гаргасан манай идэшний адууны толгойнууд байгаа юм. Би цагдаад баригдахгүй малын гарал үүслийн бичиг өөрийнхөө идэшний хуучин толгойг үзүүлээд авахад харгүй гэж бодоод өөрийнхөө илүү гэрээс аваад нядалсан 3 тооны адууныхаа хуучин толгойг нядалсан махан дээрээ ачаад берзинтээр ороогоод, эрээн бүтээлгээр бүтээгээд Цэцэрлэг багийн Шарт гэх газраас манай гэрийн гаднаас Архангай аймаг руу зарах гээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 02-04 ху/,
* Д.Шгийн гэрчээр өгсөн: “..Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газар байсан 19 тооны эзэнгүй адууг өөрийнхөө халтар зүсмийн мориор Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар руу хулгай хийж туусан. Өмнөх өдөр нь Могироо буюу Б гэх найз руугаа би 93240911 дугаар руу залгаж хулгайн адуу тууж танайд очно шүү гээд хэлчихсэн байсан. Тэгээд тухайн өдөр адуугаа туугаад Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар Бын гэрийн ойролцоо аваачаад Быг утсаар дуудаад найз нь хулгайн адуугаа туугаад ирлээ чи хараад байж байгаарай би харьчихаад ирье гээд Бын гэрт орж цай уучихаад явсан. Тэгээд гэртээ байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бынд 75-49 АРА улсын дугаартай супер портер маркийн тээврийн хэрэгслээр очиход миний тууж аваачсан 19 тооны адуунаас Б 1 хүрэн морийг нь барьж аваад гэрийнхээ гадаа уяачихсан байсан. Тэгээд Б бид 2 адуунаас нь гаргахуу яахуу нэг бол энэ чигээр нь буцаагаад туугаад аваад явъя гэсэн чинь Б тэг тэг буцаагаад аваачаад өгчих гэхээр нь би 3 тооны адууг нь гаргачихъя гэсэн чинь Б нь тэгье гээд би 2 Бын гэрийнх нь урд талын модон дотор 19 тооны адуугаа шахаж байгаад гурвыг нь уургалж барьж авч модонд уяачихаад үлдсэн 15 тооны адууг Б бид 2 барьж авсан морьдноосоо унаад Бын гэрээс зүүн урагш зүг ойролцоогоор 10-аад км газар туугаад нэг уулын аманд аваачаад орхичихсон. Тэгээд буцаж ирээд Бынхаас 2 хутга, 1 сүх аваад морь барьж уясан модон дотроо 3 адууг нь нядлаад махыг нь модон дотроо берзинтээр бүтээгээд орхичихсон, Тэгээд Бынд түлээ модыг нь бэлдэж өгчихөөд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө үүрээр Бын 79-45 УНИ улсын дугаартай Л200 маркийн тээврийн хэрэгслээр 3 адууныхаа махыг ачиж, Б манайд намар идэшиндээ гаргаж идсэн 3 адууны толгой байгаа, энэ 3 толгойг үзүүлээд малын гарал үүслийн бичиг авъя гээд илүү гэрээс нь авч ачаад Архангай аймгийн Цэнхэр сумын төвд малын гарал үүслийн бичиг авахаар орж ирээд 09-10 цагийн үед цагдаад баригдсан. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бын гэрт очиход Бын дүү охин Дойлоо хүүхэдтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Малын гарал үүслийн бичгээ авчихаад Архангай аймаг руу оруулж зах дээр зарах гэж байсан. Зарах гэж ярьсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 ху/,
* Д.Бын яллагдагчаар өгсөн: “....би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 ху/,
* Д.Шгийн яллагдагчаар өгсөн: “....би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11 ху, 95-99 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-75 хуу/
*Хас үнэлгээ ХХК хөрөнгийн даатгалын2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 90 хуу/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн н-28/06 дугаартай Жимобайл ХХК-д хандсан албан тоот /хх-ийн 76 хуу/
*Жимобайлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/584 дугаартай албан тоот, 93240911 дугаарын ярианы дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-115 хуу/
* Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 140 хуу/
*Н.Бын А дансны хуулга /хх-ийн 141-142 хуу/
*Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 147 хуу/
*Д.Бын өмнө нь ял шийтгэгдэж байсан талаарх 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 152-155 хуу/
*Д.Шгийн А дансны хуулга /хх-ийн 156-159 хуу/
*Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол /хх-ийн 164-165 хуу/
Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 168 хуу/
*Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 169-173 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 186-188 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ш, Д.Б нар нь бүлэглэж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газраас хохирогч Д.Цын эзэмшлийн 19 тооны адуу буюу олон тооны малыг 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2112..................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ш, Д.Б нар нь бүлэглэж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газраас хохирогч Д.Цын эзэмшлийн 19 тооны адуу буюу олон тооны малыг 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Цын өгсөн: “...Манайх 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Цагаан хөндий гэх газраас 19 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан…би миний адууг Штэй хулгайлж хамт нядалсан гэх Б гэх залуугийнд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар очиход миний хулгайд алдсан хүрэн зүсмийн морийг дэлийг нь засаад, зүүн чихэнд нь шинээр онь им хийчихсэн байсныг цагдаа нар тэмдэглэл үйлдэж надад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-85 ху/, гэрч Ц.О өгсөн: “... манайх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Их бургаст гэх газар оршин суудаг. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Цагаан хөндий гэх газраас гүү морь нийлсэн 19 тооны адуугаа хулгайд алдсан…манай адууг Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн иргэн Ш, Цэнхэр сумын иргэн Болбаатар гэх хүмүүс хулгай хийсэн байна гэж манай нөхөр хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 ху/, гэрч Б.Ү өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сум орчихоод орой гэртээ Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Шарт гэх газарт 16 цагийн үед ирээд үхрээ хураах гээд 16 цагийн үед гэрээс гарахад ойролцоогоор 20 орчим тооны адуу Бын болон манай гэрээс урагш 200 орчим метр зайтай харагдаж байсан…манай гэрийн урд өлөнд байсан адуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэнэт алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 ху/, гэрч Д.А өгсөн: “...би нөхөр Үүрийнцолмонгийн хамтаар Архангай аймгийн Цэнхэр сум орчихоод 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 16-17 цагийн үед ирэхэд Б гэрийнхээ гадаа хүрэн зүсмийн морь барьж аваад уячихсан байсан. Би Баас юун морь барьж аваад уячихсан юм бэ гэж асуухад энэ Ш надад авчирч өгсөн юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 ху/, шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 90 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Г.Э:“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэг байх тул Д.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Д.Цын өгсөн:”...би миний адууг Штэй хулгайлж хамт нядалсан гэх Б гэх залуугийнд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар очиход миний хулгайд алдсан хүрэн зүсмийн морийг дэлийг нь засаад, зүүн чихэнд нь шинээр онь им хийчихсэн байсныг цагдаа нар тэмдэглэл үйлдэж надад хүлээлгэж өгсөн...”гэх мэдүүлэг,Д.Бын яллагдагчаар өгсөн: “....би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 ху/, Д.Шгийн яллагдагчаар өгсөн: “....би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 ху/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Ц нь 19 тооны адуугаа хулгайд алдсан....”гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Ш, Д.Б нарыг хохирогч Д.Цын 19 тооны адууг 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 автомашиныг ашиглан хулгайлж, түүнд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ш, Д.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...”гэж мөн хуулийн 3 дахь хэсэгт”... Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”гэж тус тус заажээ.
Харин шүүгдэгч Д.Ш, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны хооронд үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “бүлэглэж” гэж тусгай ангид хүндрүүлж зүйлчилсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлахгүй юм. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “бүлэглэж” хүндрүүлж зүйлчилсэн байна.
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх тул шүүгдэгч Д.Ш, Д.Б нар нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 17-ны Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Цагаан хөндий гэх газраас хохирогч Д.Цын 19 тооны буюу олон тооны адууг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлж, түүнд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ш, Д.Б нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 90 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Б, Д.Ш нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Цын өгсөн: “...би хохирол төлбөрөө авсан. Б, Ш нараас бэлнээр 4.000.000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хх-ийн 177 хуу/ шүүгдэгч Д.Ш, Д.Б нарыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн хуулийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Ш, шүүгдэгч Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний өмгөөлөгч нь гэм буруу буюу зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь үйлдэл, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн нөхөн төлөхөө зөвшөөрсөн, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг аль алиныг хүлээн зөвшөөрсөн байхыг тус тус ойлгох бөгөөд аль нэгийг хүлээн зөвшөөрөөгүй бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй юм.
Иймд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Д.Ш нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 900.000 /ёсөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар зүсмийн нэг тооны морийг хурааж, мөн 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 12.200.000 /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Шгээс 6.100.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Баас 6.100.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Гүн байгаль констракшн” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ш, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овогт Д Ш, Н овогт Д Б нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 900.000 /ёсөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар зүсмийн нэг тооны морийг хурааж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 12.200.000 /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Шгээс 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Д.Баас 6.100.000/ зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, 79-45 УНИ улсын дугаартай Мицубиши Л-200 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Гүн байгаль констракшн” ХХК-д буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор эрээн бариултай хутга 1/нэг/ ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ