| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 188/2019/0159/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 372
Б.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн 1803007960418 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржгин овгийн Б.М-, 2000 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Архангай аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,
Б.М- нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны замд, 16-69 УНА улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашиныг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Э.Өлзийсайхан жолоочтой 17-84 УВХ улсын дугаартай, “Toyota Rav-4” загварын автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчин явсан Б.Содбилэг /6 настай/-ийн эрүүл мэндэд хүнд, Э.Өлзийсайхан /41 настай/, Б.Эрдэнэ /77 настай/, Б.Тодбилэг /3 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota Rav-4” загварын автомашины эзэмшигч Б.Эрдэнэд 4.348.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүнд, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан эрх хасах ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан цаашид гарах эмчилгээний болон асарч сувилах зардал, дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 1233308 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлж, Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо, мөн өмгөөлөгч Б.Уранзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийн тухайд маргах зүйлгүй. Харин шүүх шүүгдэгч Б.М-г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн гүйцэд төлөх талаар идэвхи санаачилга гаргаж байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшээгүй байхад үндэслэлгүйгээр ял хөнгөрүүлсэн. Түүнчлэн хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд зарим хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй атлаа, шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хэт нэг талыг баримталж, шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал үүсгэн хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс гадна хохирлын тооцоолол хийлгүйгээр, хохирогч тус бүрт учирсан хохирлын хэмжээг ялгалгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг хангаж, аль хэсгийг хангаагүй талаар дурьдалгүйгээр хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нөгөөтэйгүүр хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан нь хүнд, хүндэвтэр гэмтэлтэй, асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн бага насны хоёр хүүхдийн эмчилгээ хойшлох, удаашрах, хүндрэх, хугацаа алдах эрсдэл бий болгоход шууд нөлөөлөхөөр байна. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэнд, эдийн засагт учирсан хор уршиг зэрэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг зөрчин шүүх хуралдаанд оролцогчдын тэгш эрхийг хангаагүй, хохирогч хуралдааны нөхцөл байдлаас шалтгаалж өөртөө болон насанд хүрээгүй хохирогч нарт өмгөөлөгч авах, хохирол барагдуулахад ач холбогдолтой гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ослын улмаас манай гэр бүлд ямар хэмжээний хохирол учирсан болохыг баримтаар тодорхойлох боломж алга. Өнөөдөр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн байдалд гол анхаарлаа хандуулж байна. Шүүхийн үйл ажиллагаанаас шалтгаалж цаг хугацаа их алдаж байна. Хүүхдийн сургалтын төлбөр, миний ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Эдгээрийг хүчин төгөлдөр баримт гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс бүхэлд нь авч хэлэлцээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд би өмгөөлөгчгүй орсноороо хүүхдүүдийн маань эрх ашиг зөрчигдсөн юм байна. Иймээс бага насны 2 хүүхдийн маань эмчилгээ, сувилгаатай холбоотой хохирлын асуудлыг анхаарч үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Ц.Осоржамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүйн гадна, шүүгдэгчээс хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэснийг хэт нэг талыг баримталсан гэж үзэхгүй байна. Хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүхээс тогтоосон хохирлын мөнгөн дүнд маргаагүй. Хохирогч тус бүрээр нь задалж хэлбэл Э.Өлзийсайханд 1.295.667 төгрөг, Б.Тодбилэгт 852.812 төгрөг, Б.Содбилэгт 1.777.140 төгрөг тус тус төлөгдсөн байгаа. Шаардлагатай бол энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тусгах боломжтой. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин, хүүхдийн сургалтын төлбөрийг нэхэмжилсэн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Хохирогч өөрөө цалингийн зөрүү, листний мөнгө авсан баримтуудаа гаргаж өгөөгүй байдаг. Анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлын хэмжээг тогтоосон ба үүнийг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан. Харин хохирогч нарын цаашид гарах эмчилгээ сувилгааны зардал, Өлзийсайхан, Батбилэг нарын цалингийн зөрүү зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь хуульд нийцсэн болно. Гэтэл үүнийг яагаад эмчилгээ сувилгаа удаашрах, хүндрэх, хугацаа алдах эрсдэл бий болгоход шууд нөлөөлнө гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн агуулгын хувьд буруу байна. Учир нь анхан шатны шүүх хуралдааныг эхлүүлэхэд хохирогчид эрх, үүргийг нь тайлбарлаж, өмгөөлөгч авах эсэх, шинээр гаргах нотлох баримт, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад санал хүсэлт байхгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн. Улмаар гэм буруугийн хуралдаан дууссаны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсан ба хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдаг. Ингээд тухайн бүрэлдэхүүнээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулж шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг судалж, хохирлын хэмжээг нотлох баримтын хэмжээнд тогтоосон ба тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудал буюу цалингийн зөрүү, хүүхдийн өдөр өнжүүлэх сургалтын зардлыг хэлэлцэхгүй орхиж, эдгээр зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Б.М- нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны замд, иргэн Д.Давхарбаярын эзэмшлийн 16-69 УНА улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашиныг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Э.Өлзийсайханы жолоодон явсан 17-84 УВХ улсын дугаартай, “Toyota Rav-4” загварын автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчин явсан Б.Содбилэг /6 настай/-ийн эрүүл мэндэд хүнд, Э.Өлзийсайхан /41 настай/, Б.Эрдэнэ /77 настай/, Б.Тодбилэг /3 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota Rav-4” загварын автомашины эзэмшигч Б.Эрдэнэд 4.348.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч бөгөөд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед Баруун турууны зам өгсөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байтал эсрэг урсгалд цуваад явж байсан автомашинууд дундаас нэг автомашин асар хурдтай гараад миний автомашины өөдөөс чиглээд явсан. Ингээд автомашинаа баруун гар талын хөвөө хэсэг рүү дараад тоормос гишгээд зогстол уг автомашин чиглэлээ өөрчлөлгүй шууд ирээд зүүн талаас мөргөсөн. Нэг мэдэхэд бид автомашинтайгаа дээш харан унасан байсан...” /1хх-ийн 27-28/ гэж, хохирогч Б.Эрдэнэ “...гэнэт нэг автомашин өөдөөс урсгал сөрөн манай эгнээнд орж ирээд манай автомашины зүүн урд хэсэгт мөргөсөн...” /1хх-ийн 36-37/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлэг нь:
гэрч Х.Ганбаатарын “...Баруун турууны зам өгсөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байтал замын баруун талд осол гарсан байсан... хоёр хүүхэд автомашины гадна талд, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн автомашин дотор байсан. Би эрэгтэй хүнийг түрүүлж гаргаад, дараа нь жолооч эмэгтэйг гаргасан. Тэгээд ээж, хүү хоёрыг автомашиндаа суулгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэж өгөөд явсан...” /1хх-ийн 55, 62/ гэх,
гэрч Б.Мөнхтуяагийн “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Б.М- надад “Автомашинаа өгчих, би ойрхон гараад ирнэ” гэж хэлэхээр автомашины түлхүүрийг өгөөд явуулсан...” /1хх-ийн 57/ гэх,
иргэний хариуцагч Д.Давхарбаярын “...манай эхнэр Мөнхтуяа төрсөн дүү Б.М-дээ автомашин жолоодох зөвшөөрөл өгч явуулсан байсан...” /1хх-ийн 44/ гэх,
шүүгдэгч Б.М-н зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн /1хх-ийн 71/ мэдүүлгүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-13, 20-23/,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, жолоочийн буруутай үйл ажиллагааг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 691 дугаартай дүгнэлт /1хх-ийн 104-105/,
хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 11355, 11356, 11357, 11358 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 83, 85-86, 88, 90/, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /1хх-ийн 95-97/ зэргээр нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.М-н хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтаар тогтоогдсон хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М-н цаашдын ирээдүйг ч гэсэн бодож байна. М-г цаашид хорино гэвэл надад бас хэцүү байна...” /2хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах аргагүй байна.
Харин ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүйн гадна, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан атлаа тэнссэн 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт давхар тогтоосон нь ойлгомжгүй болсон байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хохирогч бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Өлзийсайхан нь хүүхдийн сургалтын төлбөр, цаашид хийлгэх эмчилгээний зардал, өөрийн болон нөхөр Ж.Батбилигийн дутуу авсан цалингийн зөрүүг тодорхойлсон зохих нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүх урьдчилан тооцоолох боломжгүй эдгээр хохирлын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн болохыг дурьдвал зохино.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, эрүүгийн хариуцлага, хохирлын тооцоолол болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг зөрчсөн гэх асуудлаар маргасан хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан эрх хасах ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН