Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2015/1418 |
Огноо | 0000-00-00 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2015/1418
2015 оны 8 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2015/1418 | Улаанбаатар хот |
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И******* нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах И*******ы орон сууцны барилгын зураг төслийг М ХХК-иар хийлгэж, эрх бүхий байгууллагаар зураг төслийг баталгаажуулсан билээ. Зөвшөөрсөн зураг төслийн хүрээнд 84 айлын орон сууцны барилгын ажлыг барилгын норм дүрм, стандартын дагуу барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Иргэн Б.Д*******тай 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо И*******ы 41А байрны 1******* тоот, 4******* 2 өрөө орон сууцыг худалдаж худалдан авахаар тохиролцсон. Гэрээний №М******* тоот гэрээний хавсралтаар коридор, зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, тагт нийт 4******* болохыг харилцан тохиролцож зөвшөөрч баталгаажуулан гэрээнд зургийг хавсаргасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/141 тоот дүгнэлтээр манай компанийг 1.34 м.кв дутуу талбайтай орон сууцыг худалдаж Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 7 дугаар зүйлийн 7.7.1, 12 дугаар зүйлийн 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.10, мөн Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал, Монгол Улсын стандартыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Б******* нь орон сууцны барилга, талбайн хэмжээг шалгаагүй, манай компанид мэдэгдээгүй, нэг ч хүн оролцуулаагүй байж Уран Асар ХХК-ийн хэмжилтээр 1,34 м.кв дутуу талбайтай орон сууц гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/141 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*******шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Д******* нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргасан байна. Өргөдлийн агуулгыг үзвэл 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр М*******ы 41А байрны 11 давхарын 1105 тоотын 4******* талбай бүхий орон сууцыг худалдаж авсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий У******* ХХК-иар хэмжилт хийлгэхэд 1.34 м.кв дутуу байна. Иймд зөрүү мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Улсын ахлах байцаагч Д.Б******* нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулийн хүрээнд дүгнэлт гаргасан. Учир нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр "М" ХХК-ийн захирал А.Батбаяртай уулзаж иргэн Б.Д*******ын ирүүлсэн өргөдөл болон хэмжилт хийсэн тухай Уран асар ХХК-ийн дүгнэлтийг танилцуулж танай компанийн зүгээс дахин нягталж шалган хариу мэдэгдэхийг сануулсан байдаг. Гэтэл уг компанийн зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй. Энэ нь байрны талбайн хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа, няцаах боломжгүй гэж үзсэнтэй холбоотой гэж үзэхээр байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/141 тоот дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК нь надад уг байрыг худалдахдаа барилгын анхны зураг төсөл үйлдсэн Марс констракшн ХХК-ийн зураг төслийн хүрээнд танилцуулсан болно. Уг зураг төслийн дагуу миний худалдаж авсан байр 4******* байх ёстой атал 45.22 м.кв байсан. Зургийн дагуу уг барилгын ажлыг гүйцэтгэсэн М ХХК нь орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал ММ56058:2009 Монгол Улсын стандартыг зөрчсөн байв. Мөн М ХХК нь иргэн надтай байгуулсан орон сууц худалдан авах, өгөх тухай гэрээ нь Иргэний хуулийн 109-110, 189.1, 243-261, 269 дүгээр зүйлүүдийг зөрчсөн утга санааг агуулсан байв. Уг компани нь надад 1,34 м.кв дутуу орон сууц худалдаж хохироосон нь Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-ийг тус тус зөрчсөн. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өргөдлөө өгсөн гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6.2, 6.3.3, 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/141 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Г.Баяраа давж заалдах гомдолдоо: Шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монь Ивээл ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах И*******ы орон сууцны барилгын зураг төслийг М ХХК-иар захиалан гүйцэтгүүлж эрх бүхий байгууллагаар зураг төслийг баталгаажуулсан билээ. Зөвшөөрөгдсөн зураг төслийн хүрээнд барилгын ажлыг барилгын норм дүрэм стандартын хүрээнд захиалгаар барьж гүйцэтгэсэн. Улсын байцаагч Д.Бүрэнтөгс нь орон сууцны талбайн хэмжээг нарийн нягтлан шалгаж дүгнэлт гаргаагүй болох нь Гандирс Од ХХК -ийн шинжээчийн дүгнэлтээр 45.58 м.кв байснаар тогтоогдсон. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх ...гэж заасныг зөрчсөн. Манай компани Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын хүрээнд барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Зөрчил арилгуулах тухай шаардлага болон дүгнэлтэд 1.34 м.кв дутуу талбайтай орон сууц худалдан авч хохирсон байна гэжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 0.96 м.кв зөрүү гэж дүгнэлт гарсан байгаа нь улсын байцаагчийн дүгнэлт хууль зүйн бодит үнэнд нийцсэн байх заалтыг зөрчсөн байна. Талууд орон сууцны талбайн хэмжээг бодитоор, зураг төслийг үндэслэн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Орон сууцны талбайн хэмжээг нэг бүрчлэн танилцуулан гэрээний хавсралтанд давхрын зохион байгуулалт, сууцны зориулалтын талбай, сууцны бус зориулалттай туслах талбай, сууцны нийт талбайг тухайн худалдан авагчид нэг бүрчлэн танилцуулан харилцан зөвшөөрч дээрх гэрээг байгуулсан. Гэрээний 1.3-т талбайн хэмжээний талаар харилцан зөвшилцөж тохирсон байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 376 тоот шийдвэрийг хүчингүй болгож Монь ивээл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/141 дүгээр дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, И*******ы 41А байрны 1******* тоот, 4******* талбайтай орон сууцны бодит талбай нь 45,2 м.кв талбайтай болох нь тогтоогдож, Монь Ивээл ХХК иргэн Б.Д*******т 1,32 м.кв талбай дутуу буюу 2.479.000 төгрөгийн хохирол учруулсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 12 дугаар зүйлийн 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд иргэн Б.Д*******аас ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагааг Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан журмын хүрээнд хийх үүрэгтэй.
Гэвч улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан ...зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх... гэснийг зөрчсөнөөс дүгнэлт хууль ёсны болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Д*******ын гомдолдоо хавсаргаж ирүүлсэн Уран Асар ХХК-ийн гаргасан И*******ы 41А байрны 1******* тоотын хэмжилтийн зургийг үндэслэж дүгнэлт гаргахдаа хэмжилт хийсэн зураг үнэн зөв эсэх, энэхүү нөхцөл байдал өөр бусад баримтаар хөдлөшгүй нотлогдож байгаа эсэх, тухайн орон сууцанд гомдол гаргагчаас өөр этгээдийн орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй буюу зөрчил өрсөлдөөнд нөлөөлөхүйц нийтлэг эсэхийг шалгаж тогтоолгүйгээр тус компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх, 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь шүүхээс томилогдсон шинжээч Гандирс-Од ХХК-ийн дүгнэлтэд И*******ы 41А байрны 1******* тоот сууцны талбайн хэмжээг 45,58 м.кв гэж тодорхойлсноор /зөрүү 0,96/ улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон Уран Асар ХХК-ийн хэмжилт хийсэн зураг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй болсон байна.
Мөн Монь Ивээл ХХК Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг зөрчсөн нь хангалттай баримтаар нотлогдоогүй байна.
Учир нь нэхэмжлэгч Монь Ивээл ХХК-ийн иргэн Б.Д*******тай байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.3-т Захиалагчид санал болгож буй талбай нь ажлын зургаар тооцоолсон бөгөөд гадна ханын дотор талаас эсрэг хананы дотор хэсэг хүртэл хэмжээн дээр тагтыг 0,7 хувиар бууруулан тооцсон хэмжээг нэмсэн бөгөөд бүрэн гүйцэтгэл хийгдсэний дараа уг хэмжээнд 1 хувийн нэмэх хасах хэлбэлзэл гарч болох бөгөөд энэ нь гэрээний үнэд нөлөөлөхгүй гэж заасан байх ба сууцны талбайн бодит хэмжээ, гэрээнд заасан хэмжээнээс ямар хэмжээгээр зөрсөн эсэх, ийнхүү зөрсөн нь дээрх гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох эсэхийг иргэний хэргийн шүүх тогтоосноор Монь Ивээл ХХК Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн эсэх нь тодорхойлогдох учиртай.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Монь Ивээл ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг болон шинжээчийн ажлын хөлс 132.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь хуульд нийцнэ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монь ивээл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/141 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монь Ивээл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, шинжээчийн ажлын хөлс 132.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шинжээчээр ажилласан Гандирс-Од ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтландавж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН